5-р сар 19, 2024

ШАР МЭДЭЭ : YELLOW NEWS

МЭДЭЭ МЭДЭЭЛЛЛИЙН САЙТ

Дүрмээ өөрчилж Д.Амарбаясгалан генсекээрээ үлдэж, Боомт хариуцсан сайдаа томилон Эрүүл мэнд, Барилгын яамаа ҮХНӨ-ийн “төлбөрт“ АН-д өгч, Шадар сайдаа солино

Ардын намын улс төр дуусах хараахан болоогүй байна. Тэд зарим нэг сайдууд болон генсекийн асуудлуудаа эцэслэж шийдэхээр бэлтгэж байна.

Бага хурлаа хуралдуулж, намын дүрмээ өөрчилөөд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан генсекийн албан тушаалаа давхар хашихаар тохирлоо

Эх сурвалжийн мэдээлж буйгаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан намынхаа генсекийн албан тушаалыг давхар хашихаар тохирсон байна. Эл үйлдэл нь намынхаа дүрмийг зөрчих тул ойрын хугацаанд намын бага хурлаа хуралдуулж намын дүрмээ өөрчлөх юм байна. Энэ нь Социализмын үед Ж.Батмөнх АИХ-ын тэргүүлэгчдийн дарга, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байснаас хойшх анхны тохиолдол болно. Д.Амарбаясгаланг үлдээж буй нь генсекийн төлөөх улс төр ширүүсэхээс гадна хэд хэдэн сонгуульд дараалан намаа ялалтад хүргэсэн гэдэг утгаараа Ерөнхий сайд энэхүү тохироог хийсэн аж.

Их хурлаар дүрмийн өөрчлөлтийг ярьдаг атал шууд бага хурал дээр дүрмийн өөрчлөлт ярих гэж байгаа нь Их хурлынхаа бүрэн эрх рүү халдаж байгаа нэг үзэгдэл гэж МАН доторх зарим нэг нь шүүмжилж байна. Ямартаа ч энэ дүрмийн өөрчлөлт батлагдах нь ойлгомжтой. Учир нь бага хурлын гишүүдийн бараг 50 хувь нь Д.Амарбаясгаланг хангалттай барьж байгаа. Үлдсэн 20 орчим хувийг нь Ерөнхий сайд баздаг. Харин Сү.Батболд, М.Энхболд болон Ж.Мөнхбатыг дагаж улс төрд явдаг Архангайн голдуу хэдэн хүмүүс нийлээд ердөө 30 хувийг л бүрдүүлдэг. Бага хурлын бүтэц ийм байхад ямар ч дүрмийн өөрчлөлтийг гэрлийн хурдаар бүртгэнэ.

Хэрэв ингэсэн тохиолдолд Д.Амарбаясгалан генсек Ж.Батмөнхөөс хойш хамгийн удаан МАН-ын “гал тогоо”-г хариуцсан хүн. Давхар албан тушаал хассан генсек болно. Мөн дараагийн сонгуулийн дараах улс төрийн их хөдөлгөөнд нь тун ч хэрэгтэй мест болж үлдэнэ. Бага хурал хуралдах хугацааны хувьд хараахан тогтоогүй. Учир нь дахиад сайд томилох асуудлыг цэгцэлсэн хойно хуралдах төлөвтэй байна. Магадгүй 10, 11 дүгээр саруудын аль нэгэнд байх биз.

Томилоогүй Боомт хариуцсан сайдаа томилж, ҮХНӨ-ийн “төлбөрт” Эрүүл мэнд, Барилга хот байгуулалтын сайдуудыг явуулж квотыг нь АН-д өгч, С.Амарсайханы оронд Ж.Мөнхбатыг тавих халаа, сэлгээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дахиад танхимдаа сэлгээ хийхээр төлөвлөж байгаа талаар эх сурвалж мэдээлэв. Саяын томилгооны үеэр Боомтын хариуцсан сайдаа томилоогүй үлдсэн. Засгийн газрын бүтцэд оруулж батлуулсан хэрнээ шинэ сайдуудтайгаа оруулж ирээгүй нь учиртай. Тодруулбал, ҮХНӨ-ийг хийх хүрээнд АН-тай зөвшилцөж жинхэнээсээ Эрүүл мэнд, Барилга хот байгуулалтын сайдын суудлыг өгөх гэнэ. Өөрөөр хэлбэл, тун удахгүй Боомт хариуцсан сайдаа томилж, С.Энхболд, Б.Мөнхбаатар хоёрын оронд АН-ыг оруулж ирэх аж. Уг асуудал яриа хэлцлийн шатанд яваа бөгөөд АН-ынхан төлбөрт нь ҮХНӨ-ийг бүхэлд нь дэмжих явдал аж. Эдгээрээс гадна ҮХНӨ-ийг батлах үйл явцыг голлож чиглүүлэх Ж.Мөнхбатыг шинэ сайдууд солих үеэр Шадар сайд С.Амарсайханы оронд томилох яриа ч гараад амжлаа. С.Амарсайханы хувьд хуучин сайдуудаас хамгийн их асуудал дагуулж, Ерөнхий сайдынхаа чихнээс том жижиг, янз бүрийн хонх зүүж ирсэн хүн. Мөн Д.Амарбаясгалан засагт орохын хажуугаар намаа “захирах” тохироогоо Ерөнхий сайдтай хийсэн тул одоо С.Амарсайханыг үлдэхийн тулд нэг их зуураад байхгүй нь ойлгомжтой.

АН-д хоёр сайдаа өгч ҮХНӨ-ийг дэмжүүлэх нь яриа хэлцлийн түвшинд байна. Магадгүй цаг нь ирэхээр саяынх шиг ээ МАН-ынхан тэднээр тоглоод дуусах магадлал өндөр. Харин ҮХНӨ дээр нэгдэж чадвал энэ хувилбар явахгүй гэх газаргүй юм.

Ямартаа ч тун удахгүй Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Шадар сайд, Эрүүлмэндийн сайд, Барилга хот байгуулалтын сайдаа явуулж, хоосон байгаа Боомт хариуцсан сайдаа томилох юм байна.

МАН-ын улс төр дуусах хараахан болоогүй байна.

ЭХ СУРВАЛЖ: ubn.mn Г,ЛХАГВАДОРЖ