Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Юн Сук Ёл 2024 оны арванхоёрдугаар сарын 3-нд онц байдал зарласантай холбоотойгоор бослого удирдсан гэм буруутайд тооцогдож, Пүрэв гаригт (2026.02.19) түүнд бүх насаар нь хорих ял оноожээ. Юн Үндэсний ассамблей руу цэрэг илгээсэн нь Үндсэн хуулийн байгууллагын эсрэг хүч хэрэглэсэн үйлдэл бөгөөд бослогын хууль зүйн тодорхойлолтод нийцэж байна гэж шүүх үзсэн. Түүнчлэн ассамблейн үйл ажиллагааг саатуулах, гол улс төрчдийг баривчлах зорилготой байж болзошгүй гэж шүүгчид дурдсан. Үндсэн хуулийн дэг журмыг эвдэх санаа зорилго нотлогдвол албан тушаал эрхэлж буй ерөнхийлөгч хүртэл бослогын хэрэгт яллагдаж болно гэдгийг мөн онцолжээ. Солонгосын хуулиар бослого удирдсан хэрэгт гурван төрлийн ял оногдуулдаг. Тодруулбал цаазаар авах ял, бүх насаар нь хөдөлмөртэй хорих, эсвэл бүх насаар нь хөдөлмөргүй хорих ял. Прокурорууд цаазаар авах ял шаардаж байсан ч шүүх бүх насаар нь хорих ял оноосон. Төлөвлөгөө нарийн боловсруулагдаагүй, шууд бие махбодын хүчирхийлэл харьцангуй бага байсан, мөн Юн өмнө нь ял шийтгэл авч байгаагүйг харгалзан үзсэн байна. Шүүх мөн уг онц байдал зарласан үйл явдал нь төрийн байгууллагуудад ноцтой хохирол учруулж, арми, цагдаагийн улс төрийн төвийг сахих байдалд сөргөөр нөлөөлсөн гэж үзэж байна. Түүнчлэн Солонгос улсын олон улсын нэр хүндэд сэв суулгасан гэж дүгнэжээ. Юн өөрөө энэ үйлдлийг удирдаж, төдийлөн гэмшил илэрхийлээгүйг шүүмжилсэн байна. Прокуроруудын зүгээс Юн батлан хамгаалахын сайд асан Ким Ён Хён зэрэг өндөр албан тушаалтнуудтай хамтран Үндсэн хуульд заасан нөхцөл бүрдээгүй байхад онц байдал зарласан гэж мэдэгдсэн. Тэд мөн ассамблейг онц байдлыг цуцлах санал хураалт явуулахаас сэргийлж цэрэг, цагдаа байршуулсан, улс төрийн нэр бүхий хүмүүсийг баривчлахыг оролдсон гэж үзжээ. Харин Юны өмгөөлөгчид энэ нь үндэсний хямралын талаар олон нийтэд анхааруулах зорилготой, ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд хийсэн хууль ёсны шийдвэр байсан гэж мэдэгдсэн. Мөн Үндсэн хуулийн дэг журмыг түлхэн унагаах оролдлого биш гэж маргасан. Шүүхийн шийдвэрийн дараа түүний хуульчид давж заалдана гэдгээ мэдэгдсэн байна. Мөн энэ хэргийн хүрээнд батлан хамгаалахын сайд асан Кимд 30 жилийн хорих ял, тэтгэвэрт гарсан хошууч генерал Но Сан Вонд 18 жилийн хорих ял, үндэсний цагдаагийн газрын дарга асан Чо Жи Ход 12 жилийн хорих ял тус тус оноожээ. Мэдээний цэс Трамп Иранд 10 хоногийн хугацаа өгөв