АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Иран улс Вашингтонтой хэлэлцээнд хүрэх эсвэл цэргийн ажиллагаа явуулах эсэх нь ойрын 10 хоногийн дотор тодорхой болно гэж мэдэгджээ. Тэрбээр мөн тусгай элч Стив Виткофф болон хүргэн Жаред Кушнер нар Ираны талаар “маш сайн уулзалтууд” хийсэн гэж онцолсон байна. Гэвч Ирантай бодитой, утга учиртай гэрээ байгуулах нь олон жилийн турш амар байгаагүй бөгөөд хэрэв тохиролцоонд хүрэхгүй бол “муу зүйлс” тохиолдож болзошгүй гэж анхааруулжээ. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэролин Левитт Иран АНУ-тай хэлэлцээ хийх нь “маш ухаалаг алхам” байх болно гэж мэдэгдээд, Трамп Тегераны цөмийн хөтөлбөрийн асуудлаар дипломат шийдэлд хүрэхийг хүсэж байгаа хэвээр байна гэжээ. Сүүлийн үед АНУ Ойрхи Дорнодод цэргийн хүчээ нэмэгдүүлж, бүс нутагт цэргийн оролцоогоо өргөжүүлсэн байна. Гэвч Их Британийн засгийн газар Иранд цохилт өгөх боломжит ажиллагаанд цэргийн баазуудаа АНУ-д ашиглах зөвшөөрөл өгөөгүй гэж мэдээлсэн. Өмнөх цэргийн ажиллагаануудын үеэр АНУ Глостершир дахь “RAF Fairford” болон Энэтхэгийн далайд байрлах Диего Гарсиа арлыг ашиглаж байсан. Иран цэргийн байгууламжуудаа бэхжүүлснийг хиймэл дагуулын зургууд харуулж байгаа бөгөөд тус улсын дээд удирдагч Али Хаменеи АНУ-ын цэргийн хүчнийг заналхийлсэн утгатай мэдэгдлүүдийг олон нийтийн сүлжээнд нийтэлсэн юм. Үүний зэрэгцээ АНУ-ын Конгрессын зарим гишүүд Ираны эсрэг цэргийн ажиллагаа явуулахыг эсэргүүцэж байна. Тэд 1973 оны Дайны эрх мэдлийн тухай хуулийг иш татан, ерөнхийлөгч зэвсэгт мөргөлдөөнд оролцохоос өмнө Конгрессын зөвшөөрөл авах ёстой гэж мэдэгджээ. Зарим хууль тогтоогчдын үзэж байгаагаар Ирантай дайн хийх нь ноцтой үр дагавартай бөгөөд бүс нутаг дахь АНУ-ын цэргүүд хариу довтолгоонд өртөх эрсдэлтэй аж. Мэдээний цэс Юн Сук Ёлд бүх насаар нь хорих ял оноов Зимбабве улсын ерөнхийлөгч агсны хүү цэцэрлэгчээ буудсан хэргийн сэжигтнээр баривчлагджээ