Пүрэв гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын санаачилсан “Энх Тайвны Зөвлөл” олон улсын байгууллагын анхдугаар хурал Вашингтонд зохион байгуулагдлаа. Олон улсын зөрчил мөргөлдөөнийг шийдвэрлэх үүрэгтэй гэгдэж байгаа уг байгууллагыг өнгөрсөн сард Швейцар улсын Давос хотод болсон Дэлхийн Эдийн Засгийн Чуулганы үеэр дэлхийн 19 улс үүсгэн байгуулалцахад Монгол улсын ерөнхий сайд Г.Занданшатар оролцож байсан юм. Харин анхдугаар хуралдаанд Монгол улсаас ямар нэг төлөөлөл оролцоогүй нь гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн гэрэл зураг, дүрс бичлэгээс харагдаж байна. Давост үүсгэн байгуулалцсан бусад улс орнуудын удирдагчид уг арга хэмжээнд оролцжээ. АНУ-ын гадаад тусламжийн хэмжээг эрс багасгасан Трамп өчигдөр уг байгууллагад $10 тэрбумыг хандивлаж байгаагаа зарласан юм. “Энх Тайвны Зөвлөл” эхний ээлжид Палестины газар нутаг Газын зурваст дайны галыг зогсоож, сэргээн босгох зорилготой байгаа. Тэгэхээр Трампын амласан мөнгө Газын зурваст зориулагдах бололтой. Тэр өмнө нь энэ газар нутгаас палестинчуудыг нүүлгэн шилжүүлээд аялал жуулчлалын төв байгуулах санаа цухуйлгаад нэлээд шүүмжлүүлж байсан юм. Трамп ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа нь дууссаны дараа “Энх Тайвны Зөвлөл”-ийн тэргүүн хэвээр үлдэж, гаргасан саналд нь хориг тавих бүрэн эрх эдлэх төлөвтэй байгаа. Мөн тус байгууллагын гишүүний суудал хоёр жилийн хугацаатай байх ба үүнийгээ байнгын болгох хүсэлтэй улс орнууд $1 тэрбумаас дээш мөнгө төлөх дүрэмтэй гэлцэж байна. Өчигдрийн хурлаар бас Газын зурваст энхийг сахиулах олон улсын зэвсэгт хүчин байрлуулах асуудлыг хэлэлцжээ. Хэрвээ энэ төлөвлөгөө дэмжигдвэл дэлхийн хамгийн олон муслим хүн амтай улс Индонез 8,000 хүртэл тооны цэрэг илгээхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн байна. Дэлхийн бусад том гүрнүүд “Энх Тайвны Зөвлөл”-д нэгдэхээс болгоомжилж байгаа ба уг байгууллагын зорилго тодорхойгүй, НҮБ зэрэг одоо байгаа ижил чиг үүрэгтэй байгууллагуудтай хэрхэн харилцах нь бүрхэг байгааг шүүмжилж байгаа юм. Эх сурвалж: AFP Мэдээний цэс Зимбабве улсын ерөнхийлөгч агсны хүү цэцэрлэгчээ буудсан хэргийн сэжигтнээр баривчлагджээ