Африк тивийн өмнөд хэсэгт оршдог Зимбабве улсыг 37 жил тасралтгүй удирдаад 2017 онд цэргийн эргэлтээр огцорсон ерөнхийлөгч агсан Роберт Мугабегийн бага хүү өчигдөр цагдаа нарт баривчлагджээ. Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Йоханнесбург хотын баячуудын дүүрэгт оршдог түүний гэрт буун дуу гарсантай энэ баривчилгаа холбоотой юм байна. Цагдаа нар хоёр эрэгтэйг баривчилсны нэг нь ерөнхийлөгч агсны бага хүү, 29 настай Беллармин Чатунга Мугабе байсныг хэвлэлүүд баталжээ. Орон нутгийн зарим хэвлэлүүд гартаа гав зүүсэн Мугабег цагдаа нар дагуулж явааг харуулсан гэрэл зургийг нийтэлсэн байна. Түүнд буудуулсан гэгдэж буй цэцэрлэгчийн биеийн байдал хүнд байгааг цагдаагийн байгууллага мэдээлжээ. “Буудах болсон шалтгаан тодорхойгүй, мөрдөн байцаах ажиллагаа үргэлжилж байна” гэж цагдаагийн төлөөлөгч Димакацо Невхухулви сэтгүүлчдэд мэдээлсэн байна. Ерөнхийлөгч агсны хоёр хүү болох Роберт Жуниор, Беллармин нар Йоханнесбург дахь гэртээ байнга найр наадам зохион байгуулдгаараа алдартай. 2019 онд тэдний ээж Грэйс Мугабе өөрийн Зимбабве дахь гэрт ажилчнаа зодсон дуулианд нэр холбогдож байв. Тансаг хэрэглээгээрээ “Гуччи Грэйс” гэх хочтой болсон энэ эмэгтэй тухайн онд бас Йоханнесбургт цахилгааны кабелаар хүн зодсон хэрэгт холбогдож байжээ. 33 настай том хүү Роберт Жуниорын хар тамхины хэргийн шүүх хурал өнгөрсөн оны аравдугаар сард Зимбабвегийн нийслэл Хараре хотод болж байв. Партизаны хөдөлгөөний удирдагчаас ерөнхийлөгч болсон Роберт Мугабе 2019 оны есдүгээр сард түрүү булчирхайн хорт хавдраа Сингапурын эмнэлэгт эмчлүүлж байгаад 95 насандаа таалал төгссөн юм. Эх сурвалж: AFP Мэдээний цэс Трамп Иранд 10 хоногийн хугацаа өгөв Трампын санаачилсан “Энх Тайвны Зөвлөл”-ийн анхдугаар хуралд Монгол улсын төлөөлөл оролцсонгүй