ХЭМЖЭЭЛШГҮЙ ЭРХ МЭДЭЛТ “ХИШИГ АРВИН ИНДУСТРИАЛ” ХХК АЖИЛЧНЫХАА ҮХЛИЙГ ҮЛ ТООЖЭЭ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой болж, нийгмийн салбарт амжилттай ажиллаж буй Б.Болороо бүсгүйн нөхөр А нь компанийнхаа ажлаар яваад, харамсалтайгаар осолдож нас барсан талаарх мэдээлэл сүүлийн үед олны анхаарлыг татаад байна.

Тодруулбал, түүний нөхөр А нь "Хишиг арвин Индустриал" ХХК-ийн харьяа "Хишиг арвин" хамгаалалтын компанид ажиллаж байсан бөгөөд ажил үүргээ гүйцэтгэж байхдаа амь насаа алдсан талаар хэвлэлүүд болон албаны эх сурвалжууд мэдээлж байгаа.

Тэгвэл  тухайн  "Хишиг арвин Индустриал" компанийн охин компани болох "Хишиг арвин" хамгаалалтын компанийн зүгээс талийгаачийн ар гэрт "зургаадугаар сарын цалин болох 830 мянган төгрөг авчирч өгнөөс өөрөөр холбоо бариагүй, талийгаачийн ажилд явдалд оролцоогүй" болохыг Б.Болороо бүсгүй өөрийн цахим хуудасаараа дамжуулан гомдолжээ.

Тэрээр энэ талаараа "Тэр компаний хувьд миний хань юу ч биш байсан юм шиг байна. Ажил явдлын үеэр удирдах түвшний хүн нэг ч ирээгүй. Маргааш нь харуул хамгаалалтынхаа хоёр ээлжийн ахлагч, хуулийн хэлтсийн ажилтнаараа 6 дугаар сарынх нь цалин гээд 830 мянган төгрөг авчирч өгсөн. Миний хань 2019 оны 01 сарын 17-ноос 06 сарын 19 нас барсан өдөр) хүртэл 6 сар ажилласан. Миний хань хоёр хуруутай ч 20 хуруутай юм шиг л гарын дүйтэй, ажилч хичээнгүй хүн байсан юм шүү” гэж өөрийн цахим хуудастаа бичсэн юм.

Ташрамд дуулгахад “Хишиг Арвин Индустриал” ХХК нь Эрдэнэс Таван Толгойн Баруун, Зүүн цанхи, Саусгоби Сэндсийн Овоот толгой, Оюутолгойн далд уурхай зэрэг томоохон уул уурхайн төслүүдэд гэрээт олборлолтын болон дэд бүтцийн ажлуудыг хийж гүйцэтгэж ирсэн ар, өврийн хаалга сайтай томоохон  компани билээ.

А.ТАМИР

АРДЧИЛАЛ.МН

 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу