На.Сүхбаатар: Үерийн усанд урсан одох адил өв соёл минь устаж байна

Түүхийн ухааны доктор, МУБИС-ийн дэд профессор На.Сүхбаатартай ярилцлаа.
Увс аймгийн үүх түүхийн талаар яриагаа эхлэх үү?
-Увс аймаг нь Монгол улсын ууган аймгуудын нэг. 1925 онд байгуулагдсан. Саяхныг хүртэл 1931 онд байгуулагдсан гэж ярьдаг байсан. Энэ нь ямар учиртай вэ гэхээр 1925 онд байгуулагдсан Баянчандмань уулын аймгийг 1931 онд Ховд, Дөрвөд гэж хоёр аймаг болгон хуваасантай холбоотой юм. Анх Дөрвөд нэртэй байсан боловч 1932 оноос Увс нуурын нэрээр нэрлэдэг болсон. Одоог хүртэл Увс нуурын нэрээрээ байна. Харин 2005 оноос түүхч, судлаачдын саналыг харгалзан үзээд 1925 оноор байгуулагдсан гэж тооцох болсон. 1923 онд Халх дөрвөн аймагт, 1924 онд Дарьгангад, 1925 онд Ховдын хязгаарт Нутгийн захиргааны шинэ дүрмийг хэрэгжүүлсэн. Анхны таван аймаг байгуулагдах үеийн нэрлэсэн уул ус, бас аймгийн төв нь хаана байгааг үндэслэж өнөөгийн аймгуудын байгуулагдсан оныг тооцдог уламжлал байна. Баянчандмань уул нь Увс аймгийн нутагт байдаг, нөгөө талаар аймгийн анхны төв 1925-1927 онд Улаангом хотод байсан учир 1925 оноор тооцож байна. Өөрөөр хэлбэл Хэнтий, Төв, Завхан, Архангай аймгийн дараа байгуулагдсан гэж үздэг. Увс аймгийн нутаг дэвсгэр 1931 онд байгуулагдсан нутаг дэвсгэрээрээ одоог хүртэл байгаа. 1959, 1960 онд нэгдэлжих хөдөлгөөнтэй холбоотойгоор зарим сумууд нэгдэж нэмэгдэж байгуулагдсан. Гэхдээ ихэнх сум нь 1925, 1931 онд байгуулагдсан сумууд байдаг.
- Одоогийн байдлаар Увс аймагт хэдэн ястан амьдарч байна вэ?

Увс аймгийг олон аймаг, угсаатны бүлгийн нэгдэл гэж үзэж болно. Одоогоор тус аймагт Ойрад, Халх гэсэн угсаатны хоёр бүлэгт хамаарах угсаатны бичил бүлгүүд (ястан) аж төрж байна. Ойрадаас бол Дөрвөд, Баяд, Хотон, Хойд гэсэн бичил бүлгүүд амьдардаг. Дөрвөд, Баяд, Хотон гэсэн бүлгүүд нь үндсэн нэрээ хадгалж байгаа бол харин Хойдууд нь /өөрсдийгөө баруун, зүүн Засгууд гэж нэрлэдэг/ Дөрвөд дотор орчихсон байна. Халхаас бол Засагт хан аймгийн Ачит засгийн хошуу, Зоригт засгийн хошууны Элжигэн, мөн Сэцэн засгийн хошууны хэсэг Сартуулууд байна. Сартуулууд тооны хувьд маш цөөхөн, нэг багийн хэмжээний хүмүүс бий. Ямар ч байсан угсаатны зургаан бүлэг байна.
-    Энэ зургаан угсаатны ёс заншил, соёлуудын талаар ярихгүй юу?
Энэ зургаан угсаатны бүлгүүд (ястан) маань маш эртний угсаатнууд. Энэ талаараа ярих юм бол Увс аймаг Монголын эртний аймгуудын нэгдэл гэж хэлж болохоор аймаг. Тухайлбал, Дөрвөд аймаг нь Дөрвөн Ойрадыг бүрдүүлж байсан гол аймаг. Ойрадын нэгдэлээс өмнө, XIII зуунаас өмнө үүссэн, эртний Нирун угсааны аймаг. Хожим Дөрвөн Ойрадыг бүрдэхэд анхлан орсон аймаг. Баяд аймаг бас XIII зуунаас өмнө үүссэн аймаг. Хожим тарж бутраад нэг хэсэг нь Ойрадын бүрэлдэхүүнд орсон. Уг язгуур нь бол Дарлиган угсааны аймаг. Харин Хотонгууд Зүүнгар хаант улсын бүрэлдэхүүнд байсан аймаг. Зүүнгарын хаант улс бүс нутгийг хамарсан гүрэн улс байсан болохоор монгол угсаатнаас гадна түрэг угсаатныг дотроо нэгтгэж байжээ. Зүүнгарт багтаж орсон Уйгар угсааны хүмүүсийн хойчис. Галданбошгот хааны үед энд ирж суурьшсан. Тэдний соёл зан заншил нь он цагийн уртад баяд, дөрвөдийн соёлыг хүлээж авсан шинжтэй болсон. Хотонгуудын хувцас, дуу хуур, урлаг, соёлын хэв шинж нь Дөрвөдтэй адил байдаг. Шашин шүтлэгийн байдал нь харин өвөрмөц. Уг язгуур нь түрэг боловч ихэд Ойраджсан, Ойрадын бүхий л соёлыг илэрхийлдэг ард түмэн гэж ойлгож болно. Засгууд буюу Хойдууд бол Дөрвөдүүдээс хоёр гурван жилийн дараа ирж суурьшсан. Хойдын Амарсанаагийн хойчис. Хойдууд бол эртний аймаг. Ойрад угсааны аймгуудын анхны суурь аймаг гэж ойлгож болно. Халхын Элжигэн аймаг бол XIII зуунаас өмнө байсан Дарлиган угсааныхан. Элжигэнүүд Баруун халх гэдэг соёлыг илэрхийлж байдаг. 1733 онд Хангайн гүнээс халх- ойрадын хилийг сахиж хамгаалахаар Хан хөхийд ирж суурьшсан ард түмэн. Халх угсаатныг бүрдүүлдэг 14 отгийн нэг дээ. Харин Сартуул Сэцэн вангийн хошууны хойчис болох цөөхөн сартуулууд Увсад байна. Халх угсаатныг XV зууны сүүлчээр бүрэлдэн тогтоход оролцсон 14 том отгийн нэг нь Сартуулууд. Ингэхээр Увс аймаг нь Монголын эртний аймгуудын нэгдэл мөн. Эдгээр аймгууд хаяа нийлэн, нэг захиргаанд амьдардгийн хувьд соёлын нийлэмж их явагджээ. Бас ондоошил ч байна. Өөр хаана ч байдаггүй өвөрмөц соёлууд ч байдаг. Онцлог зүйлүүд олон болохоор судлаачид, гадны судлаачдын анхаарлыг их татдаг, сонирхол татахуйц соёлын орчин. Увс аймаг нь газар нутгийн хувьд Монгол улсын баруун хязгаар, төвөөс алслагдмал болохоор өөрийн гэсэн соёлын орчинг бүрдүүлж байдаг онцлогтой.
-1931 онд Баянчандмань уулын аймгийг хуваахдаа хуучин уламжлал, түүх соёлыг харгалзан үзэж хуваасан гэж ойлгож болох уу?
Үгүй л дээ. 1931 оны нутгийн захиргааны дүрэм ерөөсөө эдийн засгийн асуудал дээр суурилсан байдаг. Эдийн засгийн асуудлыг голчилсон болохоор үндэстэн угсаагаар ялган, салгасан нь бага байж л дээ. Жишээ нь, 1931 онд Баянчандмань уулын аймгийг хоёр хуваахдаа Дөрвөдийн нэг хэсгийг Ховд руу оруулсан байдаг. Одоогийн Ховдын Дөргөн сум. Сүүлд 1940 онд Баян-Өлгий аймаг руу Ногооннуур, Цагааннуурын дөрвөдүүдийг оруулсан. Харин Хяргас нуурын орчмын Сартуулыг Увс аймагт хамааруулсан зүйл байгаа. Ингээд үзэхээр угсаатныг харгалзан үзэхээсээ илүү эдийн засгийн асуудлыг илүүтэй анхаарсан нь харагдаж байна. Эдийн засгийн асуудал гэдэгт аль газраас төвлөн удирдах боломжтой байна, засаг захиргааны аливаа асуудлыг шийдэхэд хамгийн ойрхон дөтөөр яаж холбогдох боломжтой байна, эдийн засаг нь төвлөөд хөгжихөд эдийн засгийн суурь болох газар нутаг, мал аж ахуй, газар тариалан, бэлчээр ус нь хүрэлцэх үү гэх мэтчилэн олон асуудлыг холбогдуулан ойлгодог. 1931 онд 13 аймаг байгуулахдаа үүнийг харгалзан үзэж хуваасан байхаа. Олон зуун жилийн уламжлалтай засаг захиргааны хуучин бүтэцийг алга болгох сонирхол тухайн үед мэдээж байсан л байх.
-Сүүлийн үед Монголын олон ястан, угсаатан маш хурдан халхжих явц ажиглагдах болсон. Харин Увс аймаг өөрийн хэл соёлоо бүрэн бүтнээр хадгалж байна. Энэ дээр таны санал бодол?
Увс аймгийнхан уг соёлоо бүтэн хадгалж байна гэдэг ч юу л бол. Угсаатны бүлгүүдийн хэл, соёлын онцлогууд устах явдал явагдах болсон гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Өнөөдөр Монголчууд нэг соёлтой, нэгдсэн нэг хэл аялгуутай болж байна. Телевиз радио, ном сурах бичиг нь нэг хэл аялгуугаар явдагаас хойш аргагүй юм. Ганцхан Ойрад хэл аялгуу гэхгүйгээр барга, үзэмчингүүд 50, 60 жилийн дотор хэл аялгуугаа гээсэн байна шүү дээ. Ойрад аялгууны амин сүнс нь 1648 онд зохиогдсон тод үсэг, түүн дээр суурилсан утга зохиолын хэл байсан. Ийм учир аль эрт Монголын ойрад угсааны 11 угсаатны бүлэг төдийгүй, Халимаг, Шинжаан, Хөхнуурын ойрадууд нэг л хэл аялгуугаар ярьдаг байсан. Өнөөдөр тод бичгээ хэрэглэхгүй байгаа болохоор, нөгөө талаар таны хэлсэн соёлын энэ хүчтэй түрэлтэд гарцаагүй бүдэрч уусах тохиолдол байна. Шинжаанд байгаа ойрадууд, Оросын Халимагт байгаа ойрадуудын хэл аялгууг Монголд байгаа ойрадуудын хэл аялгуутай харьцуулахад маш хурдан халхжих явдал ажиглагдсан. Монгол хэл өөрөө ёстой л найрал хөгжмийн аялгуу шиг байх ёстой. Тэгж байж монгол хэлний тансаг аялгуу, үгсийн сан баян байх ёстой юм. Дэлхийн хүчирхэг улс орнууд хэлнийхээ олон аялгууг хадгалах бодлого явуулж байдаг. Манайх ч гэсэн өнөөдөр буй ойрад, буриад, өвөрлөгч хэл аялгууг хэвээр хадгалж, түүндээ тохирсон соёлын, хөгжлийн бодлоготой байж л Монгол хэлээ баяжуулж хөгжүүлэх ёстой гэж бодож байна.
-Таныхаар бол соёл, зан заншлаа сайн хадгалж чадаагүй байгаа юм байна.
Угсаатны соёл гэдэг том ойлголт, өмсгөл зүйсгэлээс эхлээд зан заншил хүртэл. Тухайн соёлыг илэрхийлэх гол зүйл нь тухайн угсаатны олон зуун жил хэрэглэж ирсэн уламжлалт өв соёлууд байдаг. Тухайлбал урлаг соёл гэхэд л дуу, хуур, ерөөл магтаал, тууль, товшуур, ихэл гэх мэт. Тэгээд цааш нь зөвхөн ихэл дээр гэхэд ихэлийн татлага, эгшиг аялгуу, ихэл хөгжмөө дээдлэх үзэл, өвлүүлэх зан үйл гээд л соёлын тухай ойлголт өргөн бөгөөд гүн агуулгатай. Манай уламжлалт соёл 1960-аад оноос эрчимтэй багасаж эхэлсэн. Төр засгаас ч олигтойхон хамгаалж чадаагүй. Хамгаалах тогтоол шийдвэр, бодлого байвч тэр нь бүртгэх, эс бөгөөс урлагийн тайзанд гаргах зэргээр хязгаарлагдаж байсан. Одоо ч адил. Ард түмнийх нь дунд хөгжүүлэх зөв бодлого явуулаагүйн улмаас ихэнх соёл устаж, гэр дотор байх жирийн амьдралын хэв маяг одоо театрын хэмжээнд очихуйц цөөрч байна. Уг нь театрт онцгой, сонгодог зүйлс тавигдах ёстой юм. Би ноцтой талаас нь ярьж байна л даа. Увс нутгийнханы урлаг соёл, өв уламжлалын хадгалалт бусад угсаатантай харьцуулахад тийм доор түвшинд хүрээгүй ч, удахгүй хүрнэ. Тийм учраас соёлыг  хамгаалах, хөгжүүлэх тусгай бодлого хэрэгтэй байна. Социализмын үед нэг угсаатны соёлыг дөвийлгөсөн зүйлийг яривал, үндэсний үзэл гаргалаа хэмээн хавчин гадуурхдаг байсан болохоор хэн нэгэн судлаач түүнийг магтан гаргах, өргөмжлөх, судлах ажил сул байсан. 1990 оноос цаг өөр болсон боловч төр засгаас идэвхтэй дэмжээгүй учир өнөөдрийг хүртэл судалгааны ажил ажил хоцрогдолтой байна. Ард түмний өнөөгийн эрх ашгаас гадна язгуур эрх ашгийг адилхан хамгаалах хэрэгтэй байна. Язгуур эрх ашиг гэдэгт олон зуун жилийн турш өвлөгдөж ирсэн биет болон биет бус соёлын өвийг өвлүүлж, уламжлуулах шаардлага тулгараад байна л даа. Энэ тал дээр орон нутгийн удирдлагууд ч анхаарлаа хандуулах цаг нь болсон. Хүний эрх гэдэг ойлголтын биет болон биет бус соёлын өвийн хамгаалж чадаж байна уу гэдэг асуудлаар олон улсын байгууллагууд бидэнтэй харьцаж эхэлж байна. Биет болон биет бус соёлын өвийг хамгаалах, уламжлах эрх зөрчигдөж байна уу гэдэг ажил ердөө л судалгааны түвшинд явж байна. Зарим нэг илтгэл тайланд орж байгаа л юм билээ. Буриадууд соёлын өвөө хадгалж, хамгаалах талаар илүү ахицтай байгаа. Төрийн бодлогын хэмжээнд тусгаад авчихсан. Жишээ нь, Алтаргана наадам гэх мэт. Төлөөлөл болсон хүмүүс нь судлаад, төрдөө уламжлаад төрийн бодлогодоо оруулж чадаж байна. Харин тэгэхэд 1990 оноос хойш Увсаас гарсан төрийн түшээдүүд өв соёлоо хамгаалах, хөгжүүлэх талаар нэг ч дорвитой ажил хийсэнгүй.
-Биет бус соёлын өв зөвхөн амаас аманд, хүнээс хүнд уламжлагддаг болохоор үүнийг тээж яваа хүн хойч үедээ өвлүүлэн үлдээж чадаагүй бол өөртэйгөө хамт аваад явчихдаг гэдэг.
Өв соёлыг ард түмэн өөрөө тээгч байх ёстой. Зүгээр нэг телевиз радиод бичиж авснаар тэр соёлыг аваад үлдчихнэ гэж байхгүй. Өнөөдөр олон соёлын өв тээгч байхгүй болчихлоо. 1960, далаад онд байсан Баруун монголын, дөрвөдийн, баядын алдарт туульчид оргүй алга болчихсон байна. Одоо тууль хайлнаа гээд тууль хайлахдаа эхэлж хэлдэг Алтайгаа баясгах тэр бүлгийг л манайхан товшиж үзүүлж байна шүү дээ. Зөвхөн тайзны хэмжээнд. Тэгтэл цаана нь асар олон соёлууд үрэгдэж алга болж байна. Зөвхөн тууль ч гэхгүйгээр. Тухайлбал, ойрадын бух ноолдоон байна.
-    Бух ноолдоон гэнээ?
Тийм ээ. Энэ нь бөхийн нэг төрөл. Тэрийг өвлөн тээх хүнгүйгээс болоод, тэрийг судалж гаргаж хэлэх хүнгүйгээс болоод хэдэн зуун жилийн уламжлалтай, монгол үндэсний бөхийн язгуур төрлийн нэг болсон тэр сайхан соёл хэдхэн жилийн дотор устчихсан. Бух ноолдоон нь зиндаачлаж барилддаг зохион байгуулалттай, дээд арав, дунд арав, доод арав гэж хуваагддаг. Турхираач, ясуулч, овоолой, дунч, хөлийн сайд гээд барилдаан зохион байгуулагчид нь хүртэл тогтсон нэр томьёотой, шалбуур, баадан, нөмрөг, амгалж, дэвсэг, ясуур гээд барилдааны үеийн хэрэглэгдхүүнтэй, тогтсон мэхтэй, ялж байгаа хэлбэр нь өрсөлдөгчийхөө хамаг хүчийг барж ялдаг, зөвхөн өвдөг тохой нь газар хүрдэг ёс төдий биш, бүр бууж өгүүлж байж л ялдаг тим сайхан бөхийн төрөл байлаа. Өнөөгийн японы сумо бөхтэй төстэй барилдаан. Энэ соёлыг 1937-1940 оны үед л алга болгочихсон. Бух ноолдооны давсан бөхийн мөргүүл ёс нь хоцрогдсон феодалын шинжтэй гэж үзсэн учраас хаачихсан. Хэдийгээр албан ёсны тогтоол гарч хаагаагүй боловч, шат шатандаа төрийн бодлогыг нугалж хэрэгжүүлээд энэ сайхан соёлыг устгачихсан. Энэ мэтчилэн өчнөөн соёлууд алга болсоор байна. Увсын дөрвөд, баяд, хотон айл бүхэн ихэлтэй байсан. Гэтэл одоо алга болоод музейд тавих гэхээр олдохгүй шахам байна шүү дээ.
-Ихэл гэж ямар хөгжим байдаг вэ?
Морин хуурын өвөг. Нэг ёсондоо морин хуур. Гэхдээ ая айзам маш өөр. Иймээс баруун монголын бий биелгээ хурдан айзамтай, хөгжөөнтэй, эрчилсэн хөдөлгөөнтэй байсан. Одоо морин хуурын айзмаар урт, удаан болж өөрчлөгдсөн байна. Мөн айл бүхэнд байсан товшуур алга болсон. Тууль, туульчид байхгүй болохтой зэрэгцээд л алга болчихсон. Энэ мэтчилэн маш их соёл устсан. 1990-ээд онд эдгээр соёлуудыг сэргээн хөгжүүлэх боломж байсан. Төрөөс дэмжсэн бол өдийд байж л байх байсан. Харамсалтай нь чадаагүй. Төр засгаас ч тоогоогүй, орон нутагт ч авхаалжтай, мэдрэмжтэй хүн байгаагүй бололтой.
- Эдгээр соёлын устах явц маш хурдан явагдаж байгаагийн гол шалтгаан нь соёлын тээгч байх ёстой хүүхэд залуучуудын анхаарлыг татахуйц өөр олон хүчин зүйл шинээр гарч ирсэнтэй холбоотой юу. Телевиз, радио ч юм уу?
Дэлхий нийтийн хөгжлийн хандлага, орчин үеийн соёлд язгуур соёлууд дарагдах явдал байна л даа. Гэхдээ хаямааргүй, гээж орхимгүй соёлууд олон байгаа. Бүгд хүмүүжлийн, гэгээрлийн шинжтэй, хэдэн зууны уламжлалтай, нандин өв. Арилжааны байдлаар хүмүүст сонирхуулахад ч маш их сонирхол татахуйц. Үүнийгээ дагаад аялал жуулчлалыг хөгжүүлсэн ч болно. Жишээ нь, бух ноолдооныг ямар гайхалтай гэж санана. Бөхчүүд нь шалбууртай /шуудагтай/, хөл нүцгэн барилдана. Бух ноолдооны бөхийн цол дуудна гэхэд л гайхалтай зүйл. Одоогийн халх сэрвүү барилдааны цол дуудах жаяг нь тогтсон нэг дуудлага, үг хэллэгтэй бол бух ноолдооных тэс өөр, бөх болгон дээрээ өөр өөр байдаг. Яг бодитойгоор, Энэ бөх өнгөрсөн өвөл шаварт суусан таван настай тэмээг суга татаж гаргасан, ургаа модыг булга татаад, ийм чадалтай, ийм чадвартай хэмээн өвөрмөц сонин аялгуугаар дууддаг онцлогтой. Хоёр талдаа турхираачтай. Турхираач нар нь бөхөө турхирч хурдан, шаламгай барилдуулдаг. Турхирахдаа өөрийн гэсэн тогтсон хэллэгтэй. Тухайлбал, мөөхөөл, мачий гэх мэт. Мөөхөөл гэдэг нь өнхөр, даралтнаас гар гэсэн үг. Мачий гэдэг нь даралтаа тэвчээртэй үргэлжлүүл гэсэн үг. Өвгөдөөс өвлүүлсэн давтагдашгүй зүйлүүд ингээд л алга болоод байна. Ардын урлаг гэлтгүй, зан заншилтай холбоотой гээгдэж байгаа зүйлүүд их бий. Үерийн ус урсган одох адил алга болж байна. Монголын нэг угсаатны ч болов соёл оршиж байж л Монголын соёл агуу байна. Найрал хөгжим яадаг билээ. Нэг хөгжим нь л дутвал сонин найрал болдог доо, тэрэн шиг. Монголын соёлын өчүүхэн хэлтэрхий ч гэсэн устах ёсгүй юм.
- Одоо Монголын соёлыг хамгаалах ажлыг эрчимжүүллээ гэхэд оройтохгүй биз дээ?
Оройтоогүй байна. Ард түмний сэтгэл оюунд нь байна. Дэмжие, хөгжүүлье гэсэн хүмүүс байна. Төрөөс дэмжихдээ юуг яаж хөгжүүлэх билээ гэдэгт бодлого барих ёстой. Тэгж байж л явна. Түүнээс биш хэдхэн хүний хүрээнд яригдаад байвал цааш явахгүй. Жишээ нь, Биелгээг хөгжүүлэх гээд хэдэн хүн зүтгээд зүтгээд төрөөс дэмжлэг авах ч юмуу, ер нь цааш нь явахгүй байна шүү дээ. Төрийн бус байгууллагууд тамга тэмдэгээс цаашаа явж чадахгүй байна.

 

эх сурвалж: nasukhbaatar.analiz.mn

Filed Under: Түүх

RSSComments (0)

Trackback URL

Leave a Reply




If you want a picture to show with your comment, go get a Gravatar.

buy periactinmen s erectile dysfunction pills onlinetylenol 3free viagra next day deliveredcialis in canada over the countersubscribe viagrapatent expiration for viagraorder eloconexcel (herbal viagra)free viagra samplesorder amoxicillin online in canadabuy thyroxine in usa on linelasix over the counterprednisone dosage for dogslevlen without prescriptionrobaxin overnight deliveryoffshore celebrexenalapril medication order on linefortune summoners