УОК ЗОХИЦУУЛАЛТ ЯАЖ ХИЙХ ВЭ?
Коронавирусийн халдвар бүртгэгдсэн дүүрэг, сумд
Шуурхай штабыг шинэчлэн байгууллаа
Улаанбаатар хотод коронавирусийн 9 тохиолдол бүртгэгдээд байна
Нийслэлд 897 улсын байцаагч ажиллаж байна
Хөгжмийн зохиолчдын бүтээл – шүүмж судлал эрдэм шинжилгээний хурал боллоо
“Цахим орчинд хөг нэмье” онлайн фестивалийн шилдгүүд тодорлоо
Халдвар авсан жолоочийн маршрутыг гаргажээ
Л.ЭРДЭНЭЧИМЭГ: Х.Мөнх-Ертөнцийн бичсэн “Уран сэтгэмж”
Хашаандаа ногоон орон сууц барьж буй иргэдэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллана
Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө: Агаарын бохирдлыг бууруулах энэ ажилд иргэдийн оролцоо их чухал
Гэр бүлийн хос дуучдын “Арга билэг” тоглолтоос та хайр сэтгэлийн гайхамшгийг мэдрэх болно

YOU MAY ALSO LIKE

Валютын наймаачдыг дарангуйлагчийн хүслээр ямар ч аргаар хамаагүй цаазлахын тулд Зөвлөлтийн хууль тогтоогчид хуулиа 2 удаа буцаан хэрэглэж, өөрсдөө хууль зөрчихөөс өөр аргагүй байдалд орсон байдаг.

I. СССР-ийн үед валютын арилжаа, үнэт эдлэлийн наймаа эрхэлсэн залуусыг “дамын наймаа” хийсэн гэмт хэрэгт буруутган Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж цаазалсан түүх

1960-аад онд Москвагийн валют арилжаалагчдын араас КГБ-ын тусгай албаныхан мушгин мөрдөж баривчилсаны дараа тэднийг «хэтэрхий зөөлөн» шийтгэсний төлөө Н.Хрущевын санаачилгаар Москва хотын шүүхийн дарга Леонид Громовыг албан тушаалаас нь огцруулж, харин Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Орос Улсын Ерөнхий прокурор Роман Руденког Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Хрушев “Та наад албан тушаалаа насаараа хаах болно гэж битгий горьдоорой!” хэмээн зандарч байжээ.

Валютын наймаачдыг дарангуйлагчийн хүслээр ямар ч аргаар хамаагүй цаазлахын тулд Зөвлөлтийн хууль тогтоогчид хуулиа 2 удаа буцаан хэрэглэж, өөрсдөө хууль зөрчихөөс өөр аргагүй байдалд орсон байдаг.

Зөвлөлт Холбоот Улсын Коммунист Намын Төв Хорооны бүгд хурал дээр хууль бус валютын гүйлгээ, хар захын наймаатай тэмцэх ажлыг Улсын аюулаас хамгаалах хороо (КГБ)-нд даалгах санал дэвшүүлжээ. “1959 оны 5-р сард ЗСБНХУ-ын Дээд Зөвлөлөөс энэ төрлийн бүх хэргийг Улсын аюулгүй байдлын хорооны харьяалалд шилжүүлэх тухай тогтоол батлав. Хожим хурандаа С.Федосеев дурсамж номондоо “КГБ-ын удирдлага шинээр байгуулагдсан албаны даргаар намайг томиллоо. Манай албаны өмнө тавьсан үүрэг даалгаврын тухайд валютын “хар зах”-ын сувгуудыг хааж, “гол эзэд”-ийг нь илрүүлэн тогтоож, тэдний наймааны ажилд «үхлийн цохилт» өгөн зогсоох хэрэгтэй байв” гэжээ.

Валютын арилжаа, үнэт эдлэлийн наймаа эрхэлдэг Рокотов, Файбишенко болон бусад баривчлагдаад байсан валютын наймаачдын хэргийг шүүх хурал 1961 оны хавар Москва хотын шүүхэд болжээ. Валютын гүйлгээний дүрмийг зөрчин, онцгой их хэмжээний хохирол үзүүлсэн гэх үндэслэлээр ЗСБНХОУ-ын Эрүүгийн хуулийн 88-р зүйлийн дагуу тэдэнд 3-8 жилийн хорих ял оногдуулах гэмт хэрэгт зүйлчлэн хамгийн дээд хэмжээгээр буюу 8 жилийн ял шийтгэсэн байдаг. Гэвч Гэвч Федосеевын дурдатгалдаа хэлсэнээр:“КГБ-ийн зорилго бол “хар захын” зохион байгуулагчдад “үхлийн цохилт” өгөх ёстой гэсэн үгний тойруу шилжсэн утга нь нэг мэдэхнээ шууд утга олж авах тийшээ эргээд явав”.

Шүүх хурлын өмнөхөн ЗСБНХОУ-ын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийн тогтоолоор валютын хууль бус гүйлгээ хийсэн тохиолдолд оногдуулах ялыг 15 жил болгон нэмэгдүүлжээ. Гэвч уг баримт бичиг нь “валют арилжааны эзэд”-ийг баривчилсны дараа хүчин төгөлдөр болсон тул хууль буцаан хэрэглэдэггүй олонулсын эрх зүйн зарчмын дагуу тухайн яллагдагч нарт хамааралгүй юм. Үүнийг Н.Хрущевт ойлгуулахыг олонтоо оролдсон ч тэрээр хэнийг ч, юуг ч сонсохыг хүсэхгүйгээр үл барам “Та нар халуун сүүнд хэлээ түлчихээд одоо хүйтэн ус хүртэл үлээдэг болоо юу. Тэдний хатуу шийтгэл нь бусдыг айлгаж, сэнхрүүлэх ёстой. Үгүй бол ийм төрлийн гэмт хэргүүд орон даяар тархах болно” гэж тэр уурсав. Үүний дараа Дээд Зөвлөлөөс нэмэлт тогтоол гаргаж, өмнөх тогтоолыг “онцгой тохиолдлын улмаас” эргэн үйлчлэх хүчинтэй болгов. Рокотов, Файбишенко нарыг ял эдэлж байсан хорих ангиас нь шилжүүлэн авчирч зохион байгуулсан хоёр дахь шүүх хурлыг Москвагийн шүүхийн тэргүүн Леонид Громов өөрийн биеэр даргалж, тэдэнд мөн л тухайн онцгой тохиолдлын улмаас буцаан үйлчилсэн хуулиар хамгийн дээд хэмжээ болох 15 жилийн хорих ял оноожээ.

Хэдэн өдрийн дараа хууль бус валютын гүйлгээтэй тэмцэх асуудлыг хэлэлцэхээр ЗХУКН-ын Төв Хорооны бүгд хурал болсон ба түүнд КГБ-ын холбогдох албаны даргыг урив. Түүний ярьснаар хурлыг хааж хэлсэн үгэндээ Н.Хрущев валютын наймаачдын энэхүү хэрэг нь Зөвлөлтийн хууль тогтоомжийн “төгс бус” байдлын жишээ боллоо гээд, Рокотов болон бусад гэмт хэрэгтнүүдэд хэт зөөлөн ял оноосонд эгдүүцэн, намын удирдлагад илгээсэн “нэгэн үйлдвэрийн ажилчдын захидлыг” уншиж өгөв. Захидалд “Зөвлөлт Улсын эгэл жирийн иргэд бид <…>та бүхнээс эдгээр нийгмийн хог шаар, адгийн этгээдүүдийг хайрлахгүй байхыг хичээнгүйлэн хүсэж байна. Тэдний сэтгэл хоосон атал тэд улам даварч, Зөвлөлт системийг үл хүндэтгэнэ. Тэд урвагчдаас ч дор, тэд аль хэдийн үхдэл болсон бөгөөд бусдад муу үлгэр дуурайлал болгохгүйн тулд эдгээр гэмт хэрэгтнүүдийг бүгдийг нь буудан хороож цаазаар авахыг танаас хүсье. Ингэснээр тэд ирээдүйд Зөвлөлтийн ард түмний нэр хүндийг унагаахгүй, бидэнтэй нэг агаараар амьсгалахгүй, Зөвлөлтийн иргэн гэдэг эрхэм нэрийг зүүх эрхгүй …” гэж уншив. “Ажилчин ангийнхан энэ новшнуудын талаар ийм бодолтой байна!” гээд Хрущев Ерөнхий прокурор Роман Руденког “юу ч хийхгүй байна” гэж буруутгаад, сүүлд нь “Та наад албан тушаалаа насаараа хаах болно гэж битгий горьдоорой!” гэж зандарчээ. Түүнчлэн тэрээр ЗСБНХОУ-ын Дээд шүүхийн дарга Александр Горкинд бас банга хүртээв.

Хэсэг хугацааны дараа ЗХУКН-ын Нэгдүгээр нарийн бичгийн дарга Н.Хрушев маань Алма-Атад зохион байгуулагдсан нийтийн цуглаан дээр Рокотов, Файбишенко нарын хэргийн талаар дахин ярив. Тэрээр: “Та нар Москвад ямар бүлэглэлийг баривчилсан тухайн уншсан уу? Тийм муухай гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд 15-хан жилийн ял оноосон. Тийм ээ, ийм шийдвэр гаргасан шүүгчдийг өөрсдийг нь шүүх хэрэгтэй!” гэжээ. Түүний тушаалыг биелүүлж, Москва хотын шүүхийн дарга Л.Громовыг албан тушаалаас нь огцруулж, харин ЗХУКН-ын Төв Хорооны аппарат Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах боломжтойг нотолсон бичгийг яаравчлан бэлтгэж, Улс төрийн товчоонд илгээв. Уг бичигт «их хэмжээний валютын болон үнэт цаасны арилжааг ашиг олох зорилгоор үйлдсэн, хууль бусаар наймаалсан, мөн өмнө нь ийм төрлийн гэмт хэрэг үйлдсэний улмаас ял шийтгэл эдэлж байсан этгээдийг цаазаар авч болно» гэжээ. ЗСБНХОУ-ын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийн дарга Леонид Брежнев 1961 оны 7-р сарын 1-ний өдөр “Валютын гүйлгээний тухай журмыг зөрчсөний улмаас хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг чангатгах тухай” зарлигт гарын үсэг зурсан ба дахиад л “онцгой тохиолдлын улмаас” түүнийг буцаан үйлчлэх хүчинтэй болгов.

Үүнтэй холбогдуулан Ерөнхий прокурор Руденко Москва хотын шүүхийн тогтоолыг хүчингүй болгох тухай өргөдөл бичиж, түүний дагуу шүүхийн шийдвэрийг цуцалж, хэргийг ЗСБНХОУ-ын Дээд шүүхэд шилжүүлэв. Дээд Зөвлөлийн тэргүүн Анатолий Рубичев (ардын шүүгчид – Васильев болон Маурин нар)-ын удирдсан хурал хэргийг 1961 оны долдугаар сарын 18, 19-ний өдрүүдэд буюу хоёр хоногийн дотор хэлэлцэв. Мөн л хорих ял эдэлж байсан шоронгоос Рокотов, Файбишенко нарыг 3 дахь удаагаа шоронгоос шүүхэд авчран дахин шүүж, тэдгээрт цаазаар авах ял оноосон ба тогтоолд давж заалдах гомдол гаргах ямар ч эрхгүй байв. КГБ-ын удирдлагын зүгээс шүүгдэгч Яковлевыг хүчний байгууллагуудад маш их туслалцаа үзүүлсэн, мөн уушгины сүрьеэ өвчтэй тул түүнд цаазаар авах ял оногдуулахгүй байхыг хүссэн өргөдлийг Ерөнхий Прокурорт илгээсэн ч Рокотов, Файбишенко нарын араас Яковлевыг мөн цаазаар авах ял өгсөн байдаг. “Прокурорын байгууллага бидний хүсэлтийг хүлээн аваагүй ба тэр үед ч, одоо ч цаазын шийтгэл нь хэтэрхий хатуу байсан гэж би боддог. Харамсалтай нь, “шударга шүүх” нь Нэгдүгээр нарийн бичгийн дарга Н.Хрушевийн үгнээс гарах зүрхгүй байсан ба тэр үед тэднийг цаазалсан боловч 30 жилийн дараа тэдний хийж байсан үйлдлүүд нь хууль ёсны энгийн бизнес гэж хүлээн зөвшөөрөгдөх болсон” гэж КГБ-ын дарга С.Федосеев хожим дурдатгалдаа бичжээ. Харамсалтай нь цаазаар авах ялыг өөрчлөх боломж байгаагүй юм.

1961 оны 7-р сарын 18-19-ний өдрүүдэд ЗСБНХОУ-ын Дээд шүүх… нээлттэй шүүх хуралдаанаар Я.Т.Рокотов, В.П.Файбишенко нарт онц их хэмжээний валютаар хууль бус наймаа хийсэн хэрэгт буруутгах эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв… Шүүхээс тогтоосны дагуу Рокотов үнэт эдлэл, валют худалдан авч, дамлан зарсан, харин Файбишенко нь валют худалдан авч, дамлан борлуулжээ… Рокотов, Файбишенко нар төрийн эсрэг хүнд гэмт хэрэг үйлдсэн гэж үзээд ЗСБНХОУ-ийн Дээд шүүх «Улсын эсрэг гэмт хэргийн тухай» хуулийн хоёрдугаар хэсгийн 25-р зүйлд заасныг үндэслэн Рокотов, Файбишенко нарт цаазаар авах (буудан алах), бүх үнэт зүйл, эд хөрөнгийг нь хураан авч улсын орлого болгох ял оногдуулсан…”. Шүүхийн шийдвэр гарснаас хойш хэд хоногийн дараа Рокотов, Файбишенко нарыг Бутырка шоронгийн Пугачевын цамхагт буудан цаазалжээ.

II. Хэлмэгдүүлэлтийн түүх давтагдсан нь

Зөвлөлт холбоот улсын коммунист дэглэмийн үед цаг үеэсээ түрүүлэн алхаж хэнийг ч хохироохгүйгээр шударгаар валютын арилжаа хийж байсан сийрэг залуус “дамын наймаа” хийсэн гэх хэрэгт буруутгагдан эрх баригчдын захиалгаар 8 жил, 15 жил, цаазын ял зэргээр хууль бусаар ял нэмж шийтгүүлэн цаазлагдсан түүх нь 1990 онд эргэн сөхөгдсөнөөр коммунист нийгмийн хууль тогтоох байгууллага болон улс төрийн шүүх нь дэлхийн шившиг болсон байдаг.

Коммунизм задран унахад эсрэгээр тэдгээр залуусын нэр чөлөөт зах зээлийн бэлэг тэмдэг болон үлдсэн байдаг. Өнөө үед тэр хэрэгт холбогдсон хүмүүсийг Зөвлөлтийн системийн задалсан шилдэг бизнес эрхлэгчид байсан гэж үздэг болсоноор тэдний дүр төрхийг ном зохиол, кино бүтээлүүдэд сайжруулж, уран сайхны байдлаар дүрсэлдэг болсон бөгөөд үүний нэг жишээ нь 2013 онд ЗХУ-аас цагаачлан гарсан иргэд Нью-Йоркт жинс үйлдвэрлэдэг “Rokotov&Fainberg” компанийг үүсгэн байгуулж, цаазлагдсадын дурсгалыг хүндэтгэн, тэдний нэгийн нэрээр гудамжаа нэрлэсэн явдал байв. Тэдгээр залуусыг коммунизмын үеийн эрх баригчдын хууль бус үйлдлийн золиос болсоныг өнөөдөр дэлхий нийт хүлээн зөвшөөрчээ. Дашрамд дурдахад Монгол Улсад Зөвлөлтийн нөлөөгөөр 1993 он хүртэл дамын наймааг гэмт хэрэг гэж үздэг байв.

1990-ээд оноос СССР-ийн задралын дараа энэхүү Эрүүгийн хуулийг 2 ч удаа буцаан хэрэглэсэн түүх дэлхий нийтийн сонорт хүрч сурах бичгийг түвшинд хэрэглэгдсэн эрүүгийн эрх зүйн хамгийн муу жишээгээр нэрлэгдэж байв. Эрх зүйн энэрэнгүй ёсны зарчим, олон улсын гэрээ, ардчилсан ёс, шударга ёс, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх зарчмын үүднээс Эрүүгийн хуулийг зөвхөн хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх тохиолдолд буцаан хэрэглэх хуулийн зарчим олон улсад төдийгүй Монгол Улсад ч үйлчилж байна.

Дээрх жишээ нь хүн төрөлхтний түүхэнд Эрүүгийн хуулийг хэргийн оролцогчдын эрх зүйн байдлын дордуулах замаар буцаан хэрэглэсэн эхний бөгөөд цорын ганц жишээ болж хэрэглэгдэж байсан боловч хуучин СССР-ийн нөлөөнөөс ангижирсан Ардчилсан Монгол Улсад энэхүү хэлмэгдүүлэлтийн технологи 60 жилийн дараа дахин хоржоонтойгоор давтагдах түүхтэй байжээ.

Юуны өмнө хууль тогтоох болон шүүх эрх мэдлийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс шууд хамааралтай болгох, улмаар шүүхийн хараат бус байдалд халдаж эрхшээлдээ оруулах, мөн Эрүүгийн хуулийг эрх зүйн байдлыг дордуулах замаар буцаан хэрэглэх зэрэг дээрх жишээтэй ижил ардчилсан бус арга замууд эргэн амилав.

Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Шүүгчийн эрх зүйн байдлын тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан шүүх, прокурор, Авлигатай тэмцэх газрын удирдлагыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжөөр ажлаас түдгэлзүүлэх хуулийг батлав. Үр дүнд нь шүүгч, прокурор, тэр ч бүү хэл АТГ-ын удирдлагуудыг “хуулийн дагуу” үндэслэл хамаарахгүйгээр ажлаас чөлөөлөх эрх зүйн орчин бүрдэж, нэг өдрийн дотор 17 шүүгчийг ажлаас түдгэлзүүлэн “шонд дүүжилж” бусдад нь үлгэр болгож харуулав. Эрх баригчдын үгэнд ороогүй ямар ч шүүгч наад зах нь ажилгүй болж, цаашлаад эрүүгийн гэмт хэрэгтэн боллоо. Ерөнхийлөгч өөрөө Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн даргалан хуралдаж зөвлөмж гарган, өөрийн томилсон Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн, өөрөө шүүгч нарыг түдгэлзүүлэх зарлигт гарын үсэг зурахад нэг өдөр хангалттай байв. НҮБ-ын Хүний эрхийн илтгэлд энэ талаар дурдаж сануулсан ч парламент авч хэлэлцсэнгүй.

Үүний дараа эрх баригчдын хорхойтой араанд зуугдсан улс төрчид, өрсөлдөгчид ээлж дараалан улсын төрийн хоригдол болон хувирлаа. Тэднийг шийтгэхийн тулд албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх нэрийн дор УИХ 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулан, улмаар Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль баталж шүүхээр нэгэнт шийдвэрлэгдэж дууссан хэргийг эргэн сэргээн шалгаж, нэхэн шийтгэж эхлэв.

Эрүүгийн хуулийг эрх зүйн байдлыг дордуулах замаар буцаан хэрэглэх нь хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэмд хүлээн зөвшөөрөгддөггүй шалтгаан нь хэнийг ч эрүүгийн гэмт хэрэгт эргэн шүүж, дахин шийтгэх хуулийн боломж үүснэ гэсэн үг. Хэрэг хэзээ ч хуучрахгүйн зэрэгцээ “хүн нь олдвол хэрэг нь олдох” байдлаар хүссэн хүндээ эрүүгийн хэрэг үүсгэх боломжтой юм. Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар албан тушаалын хэргийг сэргээн шалга, хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэхгүй гэсэн нь шууд утгаараа дууссан эрүүгийн хэргийг сэргээж “нэхэн ял шийтгэл оногдуул” гэсэн үг юм. Энэ бол шүүхийн эрх мэдэлд бүдүүлгээр халдсан үйлдэл.

СССР-ийн үеийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Хрушевийн үгнээс зөрөх эрхгүйн нэгэн адил Монгол Улсад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн саварт шүүх, прокурорын байгууллага бүрэн орсоны дараагаар хуулийн байгууллагаар далайлган барьцаалагдсан УИХ захиалгын хуулийг нь баталж эхэлсэн нь энэ.

Хэлмэгдэгсдийн хөшөөн дээр байсан Цаазын ялгүй Монгол Улс гэсэн бичгийг хуу татан авч, албан тушаалын гэмт хэрэгт цаазаар авах ялыг хэрэглэх тухай санал гарч, эрх баригчдын хүслийг гүйцээхийн тулд барьцаанд орсон УДШ-ийн ерөнхий шүүгчид хүссэн бүрэлдэхүүнээ томилж хэрэг шийдвэрлэх эрх олгох хуулийн төслүүд ч өргөн баригдаж эхэллээ. Улсын дээд шүүхийн 24 шүүгчийн олонхийн дэмжлэг авсан ерөнхий шүүгч өөрийнх нь үгнээс гардаггүй, дуулгавартай 5 шүүгчийг үзэмжээрээ сонгон авч хэргийг шийдвэрлэж болох “супер ерөнхий шүүгч”-ийн хуулийг хүртэл парламентад санал болгож үзэв. Үүний хажуугаар хэрэв цаазаар авах ялыг албан тушаалын гэмт хэрэгт хэрэглэхээр болж сэргээсэн бол хичнээн улс төрийн хоригдлууд нэн гомдолтойгоор нэхэн шийтгэгдэх байсныг төсөөлөхөд ч аймшигтай.

Монгол Улс дахь парламентат ёсны төлөвшил, ардчилал, хүний эрх, эрх чөлөөний дархлаа ямархуу сул байгааг шүүхийн хараат бус байдалд халдсан болон эрүүгийн хуулийг буцаан хэрэглэсэн 2 хууль бэлээхэн гэрчилнэ.

Шүүх эрх баригчдаас “хууль ёсоор” хараат байгаа байдал, улс төрийн хоригдлуудыг нэхэн шийтгэж байгаа байдал, хамгийг гол нь үүнийг нь хууль тогтоох байгууллага хүлээн зөвшөөрч хууль ёсны болгож байгаа нь ардчилал нэгэнт үгүй болж, дарангуйлал аажмаар тогтож байгаагийн илрэл болж байна.

СССР-ийн үеийн валютын ченжүүдтэй тэмцсэн хэлмэгдүүлэлт болон ардчилсан Монгол Улсын албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэж байгаа гэх хэлмэгдүүлэлтийн аль аль нь өөрсдийн хэлмэгдүүлэлтээ хууль ёсны болгож харагдуулах гэж байгаагаараа усны дусал шиг адилхан байна.

III. Хэлмэгдүүлэлт үргэлжилсээр л байх уу?

Парламентыг Үндсэн хуулийн хүрээнд хянах үүрэгтэй Үндсэн хуулийн цэц ч “үл үзэгдэх гар”-ын нөлөөгөөр Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэсэн, шүүхийн хараат бус байдалд халдсан хуулиудыг Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэхгүй хойрогшиж өнөөг хүртэл гацаасаар байна. Үр дүнд нь улс төрийн хоригдлуудтай болж, улс төрчдийн тэмцлийн хөлд ажлаа шударгаар хийж яваад хэлмэгдсэн энгийн төрийн албан хаагчдын эхнэр хүүхэд, эцэг эх, гэр бүл нь шар махтайгаа хатаж, нус нулимстайгаа хутгалдаад үлдлээ. Шүүхээр эрүүгийн хэрэг шийдэгдтэл тэд хамгийн багадаа цагаатгагдсан байсан ч 6 сарын хорих ял эдэлнэ. Ардчилсан улсад хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн хязгаарласан хуулийг Үндсэн хуулийн шүүх нь өдөр хоног алдалгүй нэн даруй шийдвэрлэдэг бол Монгол Улсын Үндсэн хуулийн цэц эрх баригчдын амыг хараад ажлаа хийхээ больжээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нэрээр шүүх эрх мэдэлд халдсан хуулийг Үндсэн хуулийн цэц өнөөдрийг хүртэл 1 жил 6 сарын хугацаанд хэлэлцээгүй шалтгаан нь “УИХ хуулиа засна гэсэн тул хүлээж байна” гэх тайлбартай. Хэрэв Үндсэн хууль зөрчсөн хууль баталсанаа УИХ хүлээн зөвшөөрч байвал харин ч бүр цаг алдалгүй шийдвэрээ гаргах шаардлагатай баймаар. Энэ хугацаанд Үндсэн хууль зөрчсөн хуулийн золиосонд ҮАБЗ-өөс шууд хараат шүүхийн шийдвэрээр хичнээн хүний эрх зөрчигдөн хилсээр шоронд ял эдлэх нь Цэцэд падгүй бололтой. УИХ хуулиа өөрчлөхийг тэвчээртэй хүлээсээр байх болно гэсэн марзан тайлбар нь өнөөгийн Үндсэн хуулийн цэцийн эмгэнэлтэй нүүр царай юм даа. Үндсэн хуулийн манаачийн ажлаа хийхгүй цалгардуулж байгаа бүлх залгисан мэт таг дуугүй байгаагаа өөрсдөө тайлбарлана бизээ.

Магадгүй Үндсэн хууль, олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн хуулиудаа улс төрийн өрсөлдөгчдөө намнаж дууссаны дараа, “уучлаарай муу хууль байсан байна” гэж УИХ өөрөө засах уу, эсхүл шүүхийн эцсийн шийдвэр гарч дууссаны дараа сая Цэц сэхээ орж хэлэлцэх үү? Цэцийн шийдвэр гарсанаараа хүчин төгөлдөр болдог нь одоогийн эрх баригчдад өөрсдийг нь эргэж хэрэгт ороогдохгүй байх талаасаа яалт ч үгүй ашигтай.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн баг зүүж цаана нь нуугдах Монголын өнөөдрийн Хрушев хэн бэ? Төрийн 3 өндөрлөг нэртэй 3 толгойтой хэлмэгдүүлэлтийн мангасын аль толгой хэнийг захиалж хэлмэгдүүлсэн асуудал эргэн сөхөгдөхөд хамтын шийдвэр гарсан уу, эсхүл хэрэг наймаалцаж тохиролцсон уу, нэгээрээ юу, нийлж хийсэн үү, хэн нь хэн рүүгээ хэлмэгдүүлэлтээ чихэх вэ гэдгийг нь цаг хугацаа харуулах нь дамжиггүй. Улс төрд нөлөө бүхий этгээд шүүхийн хараат бус байдалд нөлөөлөх нь өөрөө хүнд гэмт хэрэг гэдгийг Эрүүгийн хуульд тодорхой заачихсан байгаа. Нэг нэгээрээ шүүхэд нөлөөлж болохгүй нь үнэн юм бол нийлэхээрээ нөлөөлж болно гэдэг зүй тогтол ч байж болохгүй.

Тэртээ 60 жилийн өмнөө СССР улсад коммунист намын удирдлагууд ажилчин ангийн нэрийг барьж, цаг үеэсээ түрүүлэн сэтгэж валют арилжаа, үнэт эдлэлийн бизнес шударгаар эрхэлсэн залуусаа төрийн эсрэг гэмт хэрэгт буруутган буудан хороож байсан бол өнөөдрийн ардчилсан Монгол Улсад томоохон мега төслүүдээ хөдөлгөх замаар гадаадын хөрөнгө оруулалтыг татаж эдийн засгийн тусгаар тогтнол, аюулгүй байдлаа бэхжүүлсэн үндэсний шилдэг сэхээтнүүдээ толгой дараалан олон нийтийн сүлжээгээр зохион байгуулалттайгаар урьдчилан буруутгаж хэлмэгдүүлэх хөрсийг бүрдүүлсэний дараа шүүхээр яллаж байна. Улс даяараа тэднийг хорвоогийн хамгийн муухай хүн, хулгайч, урвагч гэж цоллож яллачихаад шүүхээр түүнийгээ ёсчилдог жишиг тогтжээ. Угаас олон нийтийн хүлээлтэнд нэг талаар хүлэгдсэн, нөгөө талаар эрх баригчдын дарамтанд орсон хараат шүүхээс шударга ёс, хууль ёсыг хүлээх шаардлагагүй болжээ. Хууль тогтоох байгууллага, шүүхийн байгууллага нь эрх баригчдаас хууль ёсоор хараат болсон нь мөн СССР-ийг санагдуулам байна.

Шүүхээр ял шийтгүүлж байгаа улс төрийн хоригдулаад хэрэв хулгай хийсэн, хувьдаа хөрөнгө завшсан бол ял шийтгэл гарцаагүй байх зарчмаар ялаа үүрэх нь зүйн хэрэг. Гэтэл тэд чинь төрд зүтгэж, ажлаа хийж яваад буруудсан болохоор ихэнхи нь итгэл найдвар нь бөхөхгүйгээр эрхбиш ардчилсан Монгол Улсад хүний эрх, эрх чөлөө, шударга шүүх, хууль дээдлэх ёс үлдсэн гэж итгэсээр үнэн зөвийг ялгаж салгана гэж өдөр хоногийг аргацаан хүлээсээр номхон хонь шиг ээлж дарааллан өрлүүлээд дууслаа.

Монголыг монголоор нь яллуулдаг уламжлалт хэлмэгдүүлэлт өнөө үед дээлээ солиод өнгө зүсээ хувиргаад ирчихсэн байна.

Эцэст нь СССР-ийн коммунист хэлмэгдүүлэлтийн технологийг хэний заавраар хэрэгжүүлж байгаагаа хэлж өгнө үү, эрхэм Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд минь ээ! Та бүхэн өөрсдийн хүслээрээ хэлмэгдүүлээд байна уу, өрөөлийн хүчинд автаад байна уу? Эрх мэдэл, албан тушаал, эд баялгын шинжтэй өчүүхэн хувийн явцуу сонирхлоороо элэг нэгтнүүдээ хэлмэгдүүлээгүй гэж найдья.

Б.БАЯРАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *