5-р сар 3, 2024

ШАР МЭДЭЭ : YELLOW NEWS

МЭДЭЭ МЭДЭЭЛЛЛИЙН САЙТ

ГАВЬЯАГ НЬ МОНГОЛЫН ТӨР ЭДЛЭЭД ГАЙГ НЬ “КЬЮ ЭС СИ” ҮҮРЭЭД Ч ХАМААГҮЙ ГАНГИЙН ҮЙЛДВЭРТЭЙ Л БОЛЦГООЁ

Улс орны хэмжээнд яригддаг томоохон бүтээн байгуулалт гэдэг шийртэй аж ахуйн нэгжүүд хөрөнгө мөнгө, хүн хүчээр зодож, төдийгөөс өдийг хүртэл босгосон бүхнээрээ дэнчин тавьж хийдэг маш их эрсдэлтэй ажил байдаг. Тийм учраас дотоодын гэхээсээ илүү гаднын хөрөнгө оруулалт хэмээн манайхан дуу алддаг нь зүгээр ч нэг тохиолдол биш.  Нөгөө талдаа стратегийн ач холбогдолтой томоохон төслүүдээ өөрсдөө хөдөлгөх тэнхээтэй үндэсний аж ахуйн нэгж тун цөөн. Ийм эмзэг, эрсдэл өндөр байдаг учраас аливаа улсын төр засаг эдийн засагт жин дарж, ард иргэдийн амьдралд мэдэгдэхүйц нөлөө үзүүлэх томоохон төсөл, хөтөлбөрийг онцгойлон авч үзээд түүнийг хууль, шийдвэрийн хүрээнд тогтвортой байдлаар дэмжиж ажилладаг жишиг олон улсад бий. Харин манайд босгох гэсэн үндэсний компаниа боомилж унагаад, хуулийн хайчинд тарчлааж, хэвлэлийн хуудсаар нухдаг муухай жишиг тогтож байгаа нь харамсалтай.

Түүний нэг бол “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийг концессын гэрээгээр эзэмшиж байсан “Кью Эс Си” ХХК юм. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэн металлургийн цогцолбор байгуулах, тэр дундаа Монголчууд өөрсдөө ган боловсруулах энэхүү томоохон төслийн бүтээн байгууалтууд  ойрын хоёр, гурван жилд бүрэн дуусаж, жинхэнэ утгаараа Монгол Улсад ган боловсруулах томоохон цогцолбор болоход ойрхон байна. Гэтэл Монгол Улсын Засгийн газар  тухайн үеийн Эдийн засгийн хөгжлийн яам болон “Кью эс си” ХХК-ийн хооронд 2014 оны дөрөвдүгээр сарын 4-нд байгуулсан “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх” концессын гэрээг цуцаллаа. Өөрөөр хэлбэл манай төр нэг гараараа концессээр өгч үндэсний компаниа дэмжиж хамтран ажиллана гэж гарын үсэг зураад нөгөө гараараа хууль бус шийдвэр хэмээн алх цохих замаар чадамжгүй, тогтворгүй байдлаа батлан харуулсан хэрэг.

Улмаар Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийн хүрээнд хэрэгжүүлсэн дэд төслүүдийн нэг болох Хандгайт өртөөнөөс Төмөртэйн уурхай хүртэлх 33.4 км үргэжлэх төмөр зам болон ачиж, буулгах терминал барих ажлыг санхүүжүүлэхээр Хөгжлийн банкнаас авсан 203 тэрбум төгрөгийн зээлээр “малгай” хийн аж үйлдвэрийн салбарт  бүтээн байгуулалт хийхээр зориглосон үндэсний аж ахуйн нэгжийг үндэсндээ нухчин дарах ажиллагааг өрнүүлэв. Шулуухан хэлэхэд Монгол Улсын Засгийн газар Монголынхоо аж ахуйн нэгждээ нар үзүүлэхгүй, шууд утгаараа дайтайж байгаа нь  эмгэнэл юм.

Үндэсний дайсан болчихоод байгаа “Кью эс си” ХХК 2014-2019 он хүртэлх хугацаанд уурхайн олборлох хүчин чадлыг бий болгож, хуурай соронзон баяжуулах үйлдвэр барьж ашиглалтад оруулсан. Мөн Ерөө сум дахь Цахилгааны дэд өртөөг өргөтгөж Төмөртэйн орд руу 50 км Цахилгаан дамжуулах агаарын шугам, асуудал болгоод буй “Төмөртэйн төмрийн хүдрийн орд”-оос Баянголын төмөр зам руу холбосон нийт 36 км дэлгэмэл төмөр замыг барьж, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт тус бүр 2 сая.тн хүчин чадалтай ачиж буулгах терминалыг байгуулж, 95 км хатуу хучилттай авто замыг ашиглалтад оруулсан, орон нутгийн чанартай олон арван хөрөнгө оруулалт хийсэн гээд дурдаад байвал дуусахгүй ажил амжуулчихсан байдаг. Үүндээ нийт 380 сая ам.доллар буюу 1 их наяд гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн байна.

УУЛ УУРХАЙ, МЕТАЛЛУРГИЙН ЦОГЦОЛБОР БА ҮР ӨГӨӨЖ

Цаашид гангийн үйлдвэр барьж байгуулах төслийн хүрээнд ширэмний үйлдвэр, шингэн ган үйлдвэрлэх конветерийн зуух, шингэн ган боловсруулах шанаган зуух, тасралтгүй цутгах үйлдвэр, улмаар жилд 350 мянган тн цувимлын үйлдвэрийг бусад туслах үйлдвэрлэлийн хамт барьж байгуулна. Эдгээрийг ажиллуулахын тулд нэмж коксын үйлдвэр, аргалж болон хорголжийн үйлдвэр нэмэлтээр барьж байгуулна. Эрчим хүчний хэрэглээг хангах зорилгоор дотоодын коксжих нүүрс ашиглах коксын үйлдвэр барих ажил ч өрнөөд байна. Ингэснээр  металлургийн цогцолборын хүрээнд кокс, гангаа зэрэг үйлдвэрлэдэг ахисан төвшинд хүрэх бололцоотой юм.

Манайх шиг төмрийн хүдрийн нөөц арвинтай хэдий ч импортоор ган бүтээгдэхүүнээ авч байгаа улс дэлхий дээр байхгүй. Энэхүү төслийн хүрээнд гангийн үйлдвэртэй болсноор гадагш гарах валютын урсгалыг зогсоох нэг том гарц. Бид вальютын урсгалаа тогтоож, нөөцөө эрчимтэй нэмэгдүүлснээр өнөөдрийн 3000 хол давсан ноён доллар номхон вальют болон хувирна. Бүтээн байгуулалтууд эд өрнөж буй энэ цаг үед барилгын үндсэн түүхий эд болох арматурын үнэ буурна. Үүнийг дагаад орон сууцны үнэ буурна.

Энэхүү цогцолбор амжилттай хэрэгжсэнээр одоогийн Дархны төмөрлөгийн үйлдвэрт ажиллаж буй 1457 ажилдын тоо 1915-аар нэмэгдэж, жилийн дөрвөн улиралд Монголын 3000 мянга гаруй өрх ажилтай, өндөр цалинтай ажиллаж, амьдрах боломж нээгдэнэ. Жижиг, дунд үйлдвэрүүд жинхэнэ утгаараа хөгжинө. Дам байдлаар олон арван мянган ажлын байр нэмэгдэнэ. Зөвхөн энэхүү металлургийн цогцолбор бүрэн утгаараа хэрэгжиж, эдийн засгийн эргэлтэд ороход таван ширхэг Дархан шиг хотууд сүндэрлэн босож, Монгол хүний амьдралын чанар хоёр дахин дээшлэх бололцоотой. Тийм хэмжээний эдийн засгийн ач холбогдолтой гэсэн үг. Эцийн эцэст иргэд хожино, улс орон ургашилна.

МАНАЙ ТӨР ЗАСАГ МОНГОЛЫНХ УУ, МАГАДГҮЙ ӨӨР НЭГНИЙХ ҮҮ?

Тэгвэл Монгол хүнд ийм ашигтай, үндэсний компанийн бүтээн байгуулалтын төслийг “Төр” нэрийн доор буцаан авч, эхлүүлсэн ажлыг гацааж, үндэсний аж ахуйн нэгжээ эцээж байна вэ гэдэг өөрөө хачирхалтай асуулт болон хувирч байна. Хачирхалтай гэдэг нь Монгол Улсын ээлжит Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого” гэгчийг гаргаж, улс орноо шинэ шатанд гаргана хэмээн тунхаглаад байгаа. Энэ бодлогын аж үйлдвэржилтийн хэсэгт төмрийн гурван төсөл багтсаны нэг нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэн босох Уул уурхай, металлургийн цогцолбор юм.

Энэхүү цогцолборыг барьж, байгуулахад өнөөдрийг хүртэл нэг их наяд төгрөгийн хөрөнгө босгож, үүнийгээ бүтээн байгуулалт, үйл ажиллагаандаа аль хэдийнэ зарцуулихсан, төслийн хэрэгжилт дуусахад хоёр хүрэхгүй жил үлдчихсэн байхад нийт зээлийн дөнгөж 14 хувьтай тэнцэх Хөгжлийн банкны зээлийг эрх баригчид шүүрэн авч, “Зээлээ төлөөгүй, чанаргүй зээлдэгч“ гэсэн хачирхалтай нэр томьёо гарган ирж, төр засгийн өндөр албан тушаалтнууд өөрсдөө хэвлэлийн өмнө тэрхүү жүжгийнхээ гол баатар болон эх орончийн дүрээр тодрох болсон юм. Ингэж хэлэхийн учир нь “Кью эс си” ХХК 2014 онд Хөгжлийн банкнаас авсан зээлээ 2018 оны гуравдугаар сар хүртэл хэвийн төлсөөр иржээ. Гэтэл  2018 оны нэгдүгээр сард тус компанийн авсан Хөгжлийн банкны зээлийг Засгийн газар өөртөө шилжүүлэн авах тогтоол гаргасны дагуу 2017.12.31-ний өдөр Хөгжлийн банкнаас Засгийн газар луу шилжих шийдвэр гарсан байдаг. Шүүхийн нэг нэгнээ үгүйсгэж гарсан өөр шийдвэрээс болж “Кью эс си” ХХК зээлээ Засгийн газарт төлөх үү, Хөгжлийн банкинд үргэжлүүлэн төлөх үү гэдэг асуулт гарч ирсэн хэрэг. Энэхүү ойлгомжгүй байдал эцэслэгдээгүй үргэжлэх явцад Засгийн газраас ““Кью эс си” гэдэг компани бол муу зээлдэгч” хэмээн олон нийтэд цацаж, төслийн гол хөрөнгө оруулагчийг хэрэгтэн болгох ажиллагаа өрнөсөн байдаг. Ингэж манай төрийн эрхийг барьсан эрхмүүд шинэ сэргэлтийн бодлогоо хуучин арга барилаараа үгүй хийж байгааг харахад энэ төр Монголын төлөө ажилладаг уу, магадгүй бусдын эрх ашгийг хангахын төлөө зүтгэдэг үү гэж хардахад хүргэдэг юм. Яадаг ч байсан төрдөө дарлуулсан компани хөгжлийн нэртэй хөөтэй зээл болох 192 тэрбум төгрөгийг бүрэн барагдуулсан байна.

Одоо чухам Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэн байгуулах металлургийн цогцолборын хувь заяа хэрхэхийг Монголын төр үнэндээ мэдэхгүй, мэдээд ч цааш нь амжилттай хэрэгжүүлж, үр шимийг нь хүртэж чадахгүй. 

Тийм учраас Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан энэ Засгийн газар түүхэнд хар толбогүй, түмэн олондоо гай багатай ажиллая гэж бодож байгаа бол “Кью эс си” ХХК-ийн эхлүүлсэн төслийг өөрсдөөр нь дуусгуулж, хар толгойгоороо хариуцах эрх чөлөөг нь олгох хэрэгтэй. Энэ мэт төслүүд хэрэгжиж байж элгээрээ хэвтсэн эдийн засаг сэргэж, гаднаас хараад хагас эрх чөлөө бүтэн болох болно. Муугаар бодоод ял байвал “Кью эс си” ХХК үүрэг, сайнаар хараад гавьяа байвал Монголын төр эдлэг.

Эцэст нь сануулахад одоогийн Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх чухамхүү яг энэ төслийн үйл явцтай танилцах үеэрээ, “Улсдаа нэмүү өртөг шингээсэн, импортыг орлох, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлага, чанар стандартыг хангасан бүтээгдэхүүн боловсруулж байгаа нь сайшаалтай байна. Уул уурхай, металлургийн цогцолбор төсөл нь Монгол улсад стратегийн томоохон ач холбогдолтой төсөл учраас улс төржсөн нөхцөл байдлыг цэглэж, нийгэм, эдийн засгийн хямралыг сөрж урагшилж байх нь Монгол улсын эдийн засагт чухал нөлөөтэй” хэмээн өөрийн амаар хэлсэн байдаг шүү.