4-р сар 19, 2024

ШАР МЭДЭЭ : YELLOW NEWS

МЭДЭЭ МЭДЭЭЛЛЛИЙН САЙТ

“Циркийн барилгаас цэнхэр дээвэр л үлдлээ”

“Даймонд цирк”-ийн үүсгэн байгуулагч, циркийн жүжигчин Н.Дашдэндэвтэй улсын циркийн барилгын талаар ярилцлаа.Түүнийг циркийн жонглёрчин, акробатчин, аварга могой тоглуулагч гэдгээр нь олон түмэн сайн мэдэх биз. Н.Дашдэндэвийн хувьд олон жил маргаан дагуулсан циркийн барилгын асуудалд шүүмжлэлтэй хандаж, нийгэмд өөрийн байр сууриа илэрхийлж яваа залуу уран бүтээлчдийн төлөөлөл юм.


-Хоёрдугаар ангийн сурагч байхаасаа циркийн урлагт татагдаж, циркийн жүжигчин болохоор шийдсэн гэж сонссон. Гэтэл орчин үеийн хүүхэд багачууд ийм урлаг байдгийг ч мэдэхгүй өсч байна шүү дээ?

-Би Улаанбаатар хотод төрж, өссөн. Миний хувьд 1994 оноос хойш циркийн урлагаар хичээллэж, ажиллаж, амьдарч ирсэн. Циркийн акробатчин, жонглёрын үзүүлбэрийн жүжигчнээс гадна амьтан тоглуулдаг. Циркийн урлагийнхан маань намайг “Могой Дашка” гэж дууддаг.

Учир нь Монголын циркийн түүхэнд хэвлээр явагч амьтныг анх удаа тоглуулсан уран бүтээлч. Одоог хүртэл амьтантай ажилладаг. Харамсалтай нь Монголд циркийн урлаг гэж байхаа больж, циркийн жүжигчин гэсэн нэр зүүсэн хэдэн хүмүүс л үлдэж дээ. Тиймээс давхар фитнессийн багш дасгалжуулагч, эрүүл зөв хооллолтын талаар хичээл зааж байна даа.

-Улсын циркийн барилгын их засварын ажил саяхнаас эхэлсэн. Засвар дууссаны дараа циркчид бэлтгэл хийх боломжтой болно гэдэгт итгэлтэй байна уу?

-Одоо нэгэнт бүх юм өнгөрсөн гэж хэлэхэд болно. Монголын үндэсний циркийнхэн өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон циркчдийн хоёрдугаар чуулган дээр танилцуулдаг шиг зураг төслөөр засвар хийвэл хэцүү л юм билээ. Цаашдаа улсын циркийг зориулалтаар нь ашиглана гэдэг худлаа. Асар их өрөнд явж байгаа объект шүү дээ.

Циркчид нь нэгдэж, үүний эсрэг дугарч чадахгүй, олон нийтийн сүлжээгээр ганц нэг хүмүүс л байр сууриа илэрхийлж байна. Бусад хүмүүст улсын циркийн барилгын асуудал огтхон ч хамаагүй болсон.

Улсын циркийн газар дахин хаана ч олдохгүй. Хотын төвийн А бүсэд ийм сайхан газрыг мөнгөтэй нэг нь авсан бол буцаагаад улсын үйл ажиллагаа явуулна гэж байхгүй шүү дээ. Шулуухан хэлэхэд хор найруулсан хэсэг нөхдүүд циркийн урлагаа уландаа гишгэж, дарга цэргүүдийн үүдээр гүйн, амаа таглуулж яваа нь үнэн. Их засвар хийх байсан бол өнгөрсөн 17 жилийн хугацаанд маш сайхан болгох боломжтой байсан.

-Их өрөнд явж байгаа барилга гэдгээ тодруулбал?

-Бид салбараа л судална шүү дээ. Үндэсний хөрөнгө оруулалтын банк нь нэлээн өртэй, дампуурлын байдалтай байгаа гэдгийг сонссон. Анх 2018 онд наадмаар циркийн гадна хашаа татаж, их засвар хийх нэрээр барилгын хүзүүвчийг салгаж байсан. Би тэр бичлэгийг нь олон нийтийн сүлжээнд нийтлэхэд хөлсний бичээчид нь “барьж идэнгээ” алдсан. Ийм сайхан архитектурын хийцлэлтэй барилгыг сэргээн засварлах гэж байгаа бол ил тод бүтээн байгуулалтын ажлыг хийх ёстой. Гэтэл хашаа татсан учраас “Хоолойгоо тасдуулсан цирк” гээд олон нийтийн сүлжээнд постолж байсан.

Нийгэмд “Дэлхийд танигдсан нэр хүндтэй хүн циркийг чинь аврах гэж байхад чи нийгэмд буруу ойлголт өглөө” гэж дайрцгааж байсан. Одоо дөрвөн жил өнгөрөхөд түүхэн барилгыг сэргээн засварласан нь хаана байна вэ. Улам нураасаар л байна.

Соёлын яамтай болоод хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэх гэж байна. Яам юу хийсэн юм бэ. Бид зөндөө очиж уулзсан. Юу ч хийхгүй, хийж чадах ч үгүй гэдгийг амлая. Соёлын салбарт нь 80 жил хөгжсөн циркийн урлаг мөхлийн ирмэгт байхад сайд нь салбараа төлөөлж нэг удаа дуугарсангүй. Ийм сайд байснаас байгаагүй нь дээр.

-Циркчдийн хоёрдугаар чуулганаар Монголын үндэсний циркийнхэнтэй учраа олсон гэж ойлгосон. Тэр хурлаар яг юу болсон юм бэ?

-Бид ямар юмаараа ойлголцох вэ. Монголын үндэсний циркээс оюутан юм уу хоёр залуу ирсэн. Би ч гар утсан дээрээ тийм зураг зурж чадна. Өдгөө 80 жил хөгжсөн Монголын циркийг даалаалж, янзыг нь үзэх гэж хоёр нөхрийг явуулсан юм уу. Тэд хэлгүй болоод, нүүр нь улайгаад гарсан. Хэзээ ч тийм зураг төсөл байхгүй. Санаа зовмоор юм авч ирж үзүүлчихээд ахмад жүжигчдийн тархийг угаана гэж бодсон юм шиг байна лээ.

Одоо угаасаа циркийг барилгыг сэргээх ямар ч боломжгүй нураасан. Одоо тэр барилгаас цэнхэр дээвэр л үлдлээ шүү дээ. Ухаж байгаад нурахаар нь дээр нь шинэ барилга барина гэдгийг урьдчилаад хэлчихье.

-Циркчид барилгын асуудлаас болж хуваагдсан юм уу?

-Анхнаасаа улсын циркийн байрны хувьчлал хийхэд уран бүтээлчид дотроо хуваагдсан. Тэр хагарал улам гүнзгийрч, өдийг хүрлээ. Тэрнээс биш байргүй болоод л циркчид энд тэнд тарж бутраагүй.

Циркийн барилгыг хэн гэдэг толгойлогчтой хүмүүс хувьчлалд оруулсан бэ гэдэг нь чухал. Тухайн үед тэдэнд сайхан суудал амлаж байсан бол одоо бидэнтэй л адил ажлын байргүй, гудамжинд гарцгаасан даа.

-Таны гаргасан зургийг зөвшөөрөлгүй ашиглаж, шинэ цирк барина гэсэн үү?

-Манай циркийн санаачилсан зураг төсөл дээр Монголын циркчдийн холбооны удирдлагууд гэдэг нөхдүүд хотын дарга, Соёлын яамтай уулзаж, долоон сая төгрөг батлуулж, тайлангаа танилцуулчихсан байна лээ. Яахав ажил болбол сайн л биз.

-Хотын цирк байгуулна гэж яриад байгаа мөн үү?

-Мөн л юм шиг байна лээ. Гэхдээ инээдэмтэй байгаа биз дээ. Бүхэл бүтэн улсын циркээ хамгаалж чадаагүй байж, хотын циркээр яах юм бэ. Хотынхоо төвд ийм том  газартай, 80 жилийн түүхтэй барилгыг хотын цирк гэдэг 0.07 га газраар сольж яах юм.

Шулуухан хэлэхэд, үүний цаана эрх мэдэл, мөнгө, албан тушаал явж байгаа. Өөрсдийн гэсэн байртай, ан амьтантай, дэлхийд гайхагддаг улсынхаа циркийг хотын цирк болгох гэж байгаа нь ямар учиртай юм бэ. Удахгүй сумын цирк болоод урлагаас арчигдах юм байна.

-“Даймонд цирк”-ийн уран бүтээлчид өнгөрсөн өвөл Бөхийн өргөөнд циркийн тоглолт хийсэн. Зориулалтын байргүйгээс тоглолт хийхэд ямар хүндрэл гарч байв?

-Манайх циркгүй болсноос хойш бие даан уран бүтээлийн олон тоглолтыг зохион байгуулсан. Гэхдээ байнга Бөхийн өргөөнд тоглодог. Мэдээж зориулалтын байр байхгүй бол бүхий л юм асуудалтай. Манай тоглолтын бичлэгийг харсан бол жүжигчид нь ардаа биеэ халааж, талбайдаа багтахгүй, дээгүүрээ олстой нэгнийгээ татаж гүйгээд л… Гэсэн хэдий ч Монголын ард түмэнд циркийн урлагийн гайхамшгийг хамтарч ажилласан уран бүтээлчид маань харуулж, мэдрүүлж чадсан. Циркийн жүжигчид хаана ч тоглож чадна. Тэдэнд тийм авьяас, ур чадвар бий.

Монгол Улсын циркийн жүжигчид өмнө нь олон улсад циркийн нэрийг өндөрт өргөх уриатай байсан бол өнөөдөр хэн ч биш болцгоосон. Зориулалтын барилгатай болсноор бид олон улсын өндөр түвшинд очих боломжтой. Аялал жуулчлалын салбарыг ч циркийн урлагаар дамжуулан бүрэн хөгжүүлнэ.

ЭХ СУРВАЛЖ: news.mn Гэрэл зургийг Б.Эрдэнэбилгүүн