Мичин жил сүүлээрээ шарвадаг гэдэг

Мичин жилийн сүүл гэдэг нь одоо ирэх гэж буй өвөл, хавар. Усархаг жил гарвал өвөлдөө цас их унадаг. Зундаа хэт халсан бол өвөл нь хүйтэрдэг тухай хууччуул ярьдаг. Энэ зуны тэнгэрийн ёроор бол ирэх өвөл цас ихтэй, тэсгим хүйтэн байх нь ээ. Ер нь тэгээд монголчуудын зүрхэнд хүйт хуруулсан олон зуд мичин жил тохиосон байдаг юм. Тухайлбал, 1944 оны мичин жилийн зуд 150 хоног үргэлжилж 9.2 сая мал хорогдож байжээ. 1956 оны зудад 2.2 сая, 1968 оны зуд 165 хоног үргэлжилж 4.4 сая мал хорогдож байсан гээд үргэлжилнэ. Дээр дурдсан цаг үед малын тоо толгой бага байлаа. Түүнээс гадна улс орон даяар өвөлжилтийн бэлтгэлд анхаарал тавьдаг байж. Ийм атал хэдэн саяар нь малаа алдсан гэхээр аргагүй хахир улирал тохиож дээ. Энэ дундаа монголчуудын сэтгэлд арилшгүй аймшиг үлдээсэн нь 1944-1945 оны зуд юм. 

"44 оны мичин жилийн зуднаар хамаг малаа барсан ганц бие чавганц хүний мах идсэн юм гэнэ билээ. Тэгээд хүн харахаараа зээрнээс хурдан гүйгээд хөөдөг байсан” гэх домог шиг яриагаар хүүхэд айлгадаг байсансан. Аливаа ард түмэн дан ганц хүсэл, мөрөөдлөө бус туулсан зовлон, шархаа ч үлгэр домогтоо үлдээдэг. Ингэж үзвэл бас л "модыг нь бариулсан” зуд болсон гэсэн үг. Ер нь зуд 12 жилийн давтамжтай байдаг нь сонин. Хууччуул 60 жилд нэг удаа айхтар аюул болдог гэдэг л юм. Байгаль эхээ шүтэж ирсэн малчин монголчууд эртнээс цаг тооллоо 12 жил, жарнаар хэмжиж байсан нь жирийн ч явдал биш. Өнөө зуд чинь энэ өвөл болох магадлал хамгийн өндөр байна гэж хэлэх гээд байна л даа.

Энэ зун бид яав. Эхлээд сонгуулиа хийлээ. Сайн, муугаараа сар гаруй дуудалцсан. Залгаад улсын наадам, АСЕМ боллоо. АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалт болох үеэр хотоос гарцгаагаарай гээд л жижиг, томгүй уриаллаа. Энэ дагуу орон даяар ард нийтийн өргөн зугаалга хавтгайрлаа. Хотоос гарсан үй түмэн хүмүүс очсон газар бүртээ ангийн уулзалт, ургийн баяр, төгсөлтийн ой, сургуулийн ой, насны баяр хийгээд хөөрцөглөөд байна. Одоо олигтой цуглаж, ажил нь жигдэрсэн газар алга. Харин ч бүр байгууллага хамт олноороо өргөн зугаалга хийх нь ихэслээ. Эхнээсээ 20, 30-уулаа нэг дор хордлогонд орж байна. Олимпийн халуурал ч ид эхэллээ. Нойргүй хоносон бүлцгэр нүд, бүрзгэр царайнууд өдөр нь гудамжаар мөргөлдөн барин зөрцгөөж явна. Наадам, найрууд ч үргэлжилсээр л байгаа. Наадам олшрох хэрээрээ жудгаа ч алдсан даа. Хурдан морьд нь галтай тариа хийлгэж амнаасаа хөөс сахруулсан зэрлэг адгууснууд болсон. Үндэсний бөхийн барилдаанаас цол, мөнгөний найраа нь л сонирхолтой байдаг боллоо. Монгол төрийн зүлэг ногоон дэвжээ өс хонзон, өглөг авлагын газар болоод удав. Аймгийн наадамд 30 гаруй улсын цолтон зодоглоход сумын заан, аймгийн харцага хоёр үзүүр түрүүнд гарч байна. Ийм түмний цэнгэл гэж юу байхав дээ. Нөгөө талд бэлчээрийн даацыг аль хэдийнэ давсан гэх 75 сая малтай Монгол Улсад ирэх өвлийг ярьж байгаа хэн ч алга. Төр засгийн эрхэнд гарсан улсууд нь албан тушаал наана уу, цаана уу болгож байгаадаа л анхаарч байх шиг. Мөн нэг нэгнээ идсэн, уусан, хомхойрсон, албан тушаал зарсан үрсэн тухай хэрүүл л олны анхааралд явж байна. Тэнд нэг нь албан тушаал авсан гэж хөөрцөглөж, энд нөгөө нь тэр дарга боллоо гэж бахардаж байх. Саяхан бас улсын данс улайсан талаар мэдэгдэл хийлээ. Дараахан нь малчдын зээлийн хөнгөлөлт, оюутны сургалтын төлбөрийн зээл гэх мэт зүйлсийг зогсоолоо. Ирэх жилүүдэд өр төлбөрөө л яажшуухан шийдэх талаар санаа тавина уу гэхээс цалин тэтгэвэр нэмэх битгий хэл өгөхөд ч бэрхшээлтэй гэх билэггүй үгс төр засгаас гарч байна. Ирэх өвөл зуд турхан болбол төр засгаас харж үзэх юу ч байхгүй гэдэг нь ойлгомжтой боллоо. Харин цаана нь мичин жил сүүлээ мушгих янзтай.

Хамгийн ойлгомжтой зүйл бол өнөө жил малчид зуднаар хамгаа барсан ч та нар луу лав төр засаг юм хялайлгахгүй нь ээ. Ийм үед өрх бүр амь амиа бодох хэрэгтэй. Ноднин өвөлжилтийн бэлтгэл хийхийг уриалах үеэрээ Ерөнхийлөгч "Эзэн нь зохицуулахгүй бол байгаль нь зохицуулалтаа хийдэг хатуу хуультай” гэж билээ. Одоо найр наадмаа хаяад ажиллах цаг. Монголын өвөл хэзээнээс өршөөлгүй, хахир хатуу ирдэг. Үүнийг монгол хүн бүр мэдэхийн цаагуур мэдэж байгаа. Гэвч нөгөө "Тарвага өглөө савраа хараад өдөр нь анчинд харвуулахаа мэддэг мэргэн амьтан. Тэгсэн хэрнээ газар ганц гишгээд мартчихдаг юм гэнэ лээ” гэдэг домог шиг явцгааж байна шүү дээ. Одоо дээрээ албан тушаалын хэрүүл тунирхал, өс хонзонгоо хаяж, доороо найр наадам, амралт, зугаалгаа дуусгаж эрвийх дэрвийхээрээ өвөлдөө бэлдэж эхлэх хэрэгтэй байна.

Монгол шиг цаг агаартай оронд ажил хийх тохиромжтой найм, есдүгээр сар л үлдлээ. Тэрнээс цааш зам, барилга, гүүр гээд улирлын шинжтэй бүх ажил зогсоно. Оюутнууд нэгэнт төлбөрийн зээл авахгүйгээс хойш одоо л ажил хийж төлбөрийнхөө хагас, хугасыг төлөх хэрэгтэй. Хар, бор гэж голохгүй бол хийчих ажил өчнөөн байгаа. Зуун мянгаар тоологдох оюутны сая саяар хэмжигдэх төлбөр манай улсын нийт өрхийн 60-70 хувийг нь энэ намар сандаргана. Одоо л ажиллахгүй бол хэзээ нь ажиллах вэ. Малчид одооноос эхлэн өвс, тэжээлээ базаах хэрэгтэй. Жимс түүгээд ч гэсэн ганц боодол өвсний мөнгө хураа. Өвөл өмсөх ганц дулаан ноосон оймсны мөнгө ч цааш нь хийхэд цагаа тулахад хэрэг болно.

Өвөл нэг л ирвэл гаслах гангинах, халаглах харамсах хожимдоно. Мөнгө төгрөг олох, ажиллах хөдөлмөрлөх боломжгүй болно. Энэ жил бүр ч онцгой өвөл болох төлөвтэй байгаа. Өнгөрсөн жилийн өвлийн хэдэн хүйтэн өдөр яасан билээ. Өнөө байр савны дулаалга юу болж байна. Ядаж нүүрсний амбаар чинь бүтэн байна уу. Өрх бүр амиа авч явах хүнд нөхцөл үүснэ шүү. Хямрал, тэмцэл, уналтаас үеийн үед монголчууд малынхаа буянаар гарч байсан. Гэхдээ "баян хүн ганц зуданд” гэдэг юм аа. Баярлаж, цэнгэж, улстөржиж, олимпдож нойргүй явсаар өвөлтэй золгочихоод 75 сая малаа хиаруулчих юм бол хэнд гомдож, хаашаа харах вэ.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу