Цагаан сарыг тэмдэглэхээ болих уу?

Манайд бүх зүйл үндэсний, мөн чөлөөт гэсэн хоёр хэсэгт хуваагдсан. Нэг нь а гэхээр өнөөх нь Я гэдэг болсоор удаж байна. Тэр бүү хэл Монгол төрийн уламжлалт Цагаан сарын баяраа хэрхэн, хэзээ тэмдэглэх дээрээ хүртэл ийн маргалдсаар олон оныг үдэж байна. Жил жилийн эхэнд энэ хэрүүл эхэлдэг. Энэ жилийн хувьд гэхэд Монголын үндэсний чөлөөт зурхайчдын нэгдсэн холбооноос Цагаан сарыг нэгдүгээр сарын 28-нд хийх нь зүйтэй гэж үзсэн бол Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс хоёрдугаар сарын 27-нд шинийн нэгэн гэж үзэж буйгаа илэрхийлсэн. Үүнээс нь үүдээс жирийн иргэд чухам хэдийд нь тэмдэглэхээ мэдэхээ байчихаад байгаа юм.

Ер нь бол Цагаан сар хаврын сартай мэнд золгосны баяр. Гэтэл үүн дээр ийнхүү хэрүүл уруул гаргадаг нь цөөхөн хэдэн хүмүүсийн зурхайн ном, цог тооны бичгийнхээ худалдааг бодсон өчүүхэн зүйл гэхэд хилсдэхгүй. Хэн хэн нь өөрсдийнхөөрө иймэрхүү зүйл гаргачихдаг. Түүнийгээ борлуулахын тулд хэвлэл мэдээллээр үүнийгээ тулган шаардаж, ард түмнийг талцуулан мунхруулдаг.

Хичнээн жил ингэж явах юм бүү мэд. Эс бөгөөс нэг тийш нь шийдээд чухам аль зурхайг нь Монгол Улс цаашид баримтлах юм гэдгийг хуульчилж өгвөл таарна. Үгүй бол ингэж жил бүрийг хэрүүл уруул, маргаантай угтаж байхаар Монгол төрийн уламжлалт баяр Цагаан сараа огтхон тэмдэглэхээ больчихвол ч дээр юм шиг ээ.    

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу