ЗГ-ЫН МЭДЭГДЭЛ: Цалингаа хасуулсан захирал менежерээсээ бага цалин авна

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат төрийн албан хаагчдын цалинг бууруулна гэсэн хариуцлагагүй мэдэгдэл хийснийхээ дараа уг мэдээллийг үгүйсгэж Сангийн яамны газрын даргаараа төрийн өндөр албан тушаалтнууд болон төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал болон бусад удирдлагын цалин хөлс, урамшууллын хэмжээг бууруулна хэмээн яриулсан билээ. Учир нь сургууль, цэцэрлэг эхлэх гэж байгаа, дээрээс нь эдийн засаг хямарсан гэх эгзэгтэй энэ үед цалин танана гэх мэдэгдэл иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан юм. Харин дарга нарын өчнөөн саяын цалинг танах гэсэн мэдээлэл жирийн иргэдэд таатай санагдсан уу, эсвэл ийм мэдэгдэл гарсан ч танаж чадахгүй гэж бодсон уу ямартай ч энэ долоо хоногт тэгсхийгээд намжив.

Засгийн газар дарга нарын цалинг ингэж хасна гэнэ. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал болон бусад удирдлагын цалин хөлс, урамшууллын хэмжээг өөрчлөн тогтоож, нэг сарын цалин хөлс нь  5-10 сая төгрөг бол 30 хувь, 10-30 сая төгрөг бол 50 хувь, 30 сая төгрөгөөс дээш бол 60 хувь бууруулахаар болсон хэмээн Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээллэв. Энэ мэдээллийг хийсний даруйд Монголд сард 5-30 сая төгрөгийн цалин авдаг дарга байдаг юм байжээ гэж гайхсан иргэд ч цөөнгүй байв.

Засгийн газар хэлсэн амандаа хүрээд дарга нарынхаа цалинг хасдаг юм байж. Сардаа 30 сая төгрөгийн цалин авдаг Дорж 50 хувь хасууллаа гэхэд 15 сая төгрөг. Сардаа дунджаар 600 мянган төгрөгийн цалинтай Болдын олон жил хурааж, орон сууцныхаа урьдчилгаанд өгөх гэсэн мөнгийг сардаа л олно.

Гэхдээ энд өөр тооцоолол бий. Жишээ нь, есөн сая төгрөгийн цалинтай менежер Жаргалын цалин 30 хувь тануулахаар сардаа 6.3 сая болно. Харин 11 сая төгрөгийн цалинтай захирал Анандын цалин 50 хувь тануулахаар 5.5 сая болно. Эндээс харахад байгууллагын захирал нь менежерээсээ бага цалин авахаар болж байна.

Түүнчлэн нэг байгууллагын найман сая төгрөгийн цалинтай даргын цалинг 30 хувь бууруулахад 5.6 сая байгаа бол 10 сая төгрөгийн цалинтай ТУЗ-ийн даргын цалинг 50 хувь бууруулахад 5 сая төгрөг болно. Ингэснээр Ерөнхий захирал нь доод албан тушаалтнуудаасаа бага цалин авахаар болж байна. Хөдөлмөрийн үнэлгээгээрээ доод албан тушаалтнаасаа бага цалин авдаг тогтолцоо манай улсад л ганц байдаг байх. Эсвэл өнөөх авлига, хээл хахуулийн сүлжээ ахиад дэгдэх үү гэдэг олон асуулт ургаж байна.

Дээрээс нь тухайн хүмүүсийн байр орон сууцны нөхцөл сайжруулах, нэг удаагийн буцалтгүй тусламж зэрэг бусад их хэмжээний мөнгөн шагнал бүхий нэмэлт хангамжийг зогсоож, цалин, урамшуулал, гадаад дотоод томилолт, тавилга эд хогшил худалдан авах  зэрэг одоо зарцуулагдаагүй байгаа зардлуудыг улсын төсөвт татаж авахаар болсон. Гэтэл энэ шийдвэр хэрэгжихэд асар их асуудал байгааг дээрх тооцоо харуулж байна. Сард олон саяын цалин авдаг эрхэм дарга нарын цалинг танаж, улсын төсөвт төвлөрүүлэх шийдвэр хэрэгжтэлээ удах бололтой.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу