Засгийн газар ОЮУТОЛГОЙН 34 хувиа зарах уу

-ХЯМРАЛААС ГАРАХ НЭРИЙДЛЭЭР ОЮУТОЛГОЙН 34 ХУВИА ЗАРНА ГЭХ МЭДЭЭЛЭЛ ГАРЧ ЭХЛЭВ-

Сүүлийн үед засгийн газраас “Монгол Улс дампуурлын ирмэгт очиж байна” гэх мессэж зориуд нийгэмд тарааж байгаа гэхэд хилсдэхгүй. Шинэ засгийн газар эмхлэн байгуулагдаж дуусаагүй байхад Монголбанкны ерөнхийлөгч валютын нөөц хасах 429 сая ам.доллар болсныг зарласан билээ. Үүний дараа Сангийн сайд мэдээлэл хийж, Монгол Улс олсон таван төгрөг тутмынхаа дөрвийг нь өрөндөө өгөхөөр байгааг онцолсон.

Монголбанк, Сангийн яамнаас хийсэн эдгээр мэдээллүүд олон улсад хүчтэй тархаж, гадны хэвлэлүүд уг асуудлаар дуугаран, Чингис бондын ханш навс уначихаад байна. Үүнтэй зэрэгцээд ийм эгзэгтэй цаг үеийг зориудаар бий болгох замаар Монгол Улс уул уурхайн томоохон төслүүдээ зарах нь гэсэн мэдээлэл ч түгэв. Яг энэ санааг батлах мэтээр МАН-ын нэр бүхий гишүүд “Уул уурхайн том төслүүдээ бид зарж үрэлгүй, үр ач нартаа үлдээх ёстой” гэсэн байр суурийг хэвлэлээр илэрхийлсэн юм.

Зарагдах асуудал нь хөндөгдсөн байж болох төслүүдийн хамгийн эхэнд Оюутолгой бичигдэж байна. Гэхдээ энэ шинэ сэдэв биш. Өмнөх засгийн газрын үед ч бас Ашигт малтмалын хуулиа өөрчлөх замаар Оюутолгойн 34 хувийг зарах нь гэсэн хардлага явж л байсан. Гэхдээ зараагүй. Харин энэ удаа эдийн засгийн хямралаа давахын тулд Монгол Улс Оюутолгойн эзэмшил хувиа хөрөнгө оруулагч “Рио Тинто” группэд зарна гэсэн мессэж хэр үнэн бодитойд хариулт өгөх хүн ховор байгаа юм. Мөнхүү урд хөрш, Канад улсын нэр ч явж байна.

Сануулахад, анх бид Оюутолгойн 34 хувийг 700 сая ам.доллараар авсан. Хүү нь явсаар өнөөдөр 1 тэрбум орчим сая ам.доллар хүрээд буй. Зарим эх сурвалжууд Монгол Улс өөрийн эзэмшлийн 34 хувиа 100 хувь гэж үзээд, үүнийхээ 49 хувийг зарах асуудлыг хөндсөн гэх мэдээлэл өгч байна. Хэрвээ энэ таамаг үнэн бол 34-өөс 16.6 хувь нь зарагдах учиртай. Тэгэхээр Оюутолгой төслийн 16.6 хувь өнөөгийн ханшаар хамгийн ихдээ 500 сая доллар хүрнэ гэсэн үг юм. Уг мөнгөөр засгийн газар эхний хоёр жил эдийн засгаа сэргээх гол ажлуудыг хийхээр төлөвлөсөн байгаа гэх.

Нөгөө талд эсрэгээрээ Оюутолгой эзэмшлээс 17  хувийг  нь 500 сая ам.доллараар Монгол Улс худалдан авах хэрэгтэй гэж үздэг МАН-ын нөхдүүд ч бий. Ингэснээр Монгол Улс 51 хувь эзэмшиж, санхүүгээ бүрэн хянах боломжтой хэмээдэг. Ямартай ч засгийн газар ойрын хоёр жилийн мөнгөний асуудлаа цэгцлэхийн тулд ам.долларын эрэлд гадагшаа хандах нь тодорхой байна. Одоогийн яригдаж буй хувилбаруудын эхэнд “Стэнд бай” бичигдэж, хоёр жилийн хугацаатайгаар 200 гаруй сая ам.доллар ОУВС-гаас зээлнэ гэсэн мэдээлэл байгаа. Дараа нь Оюутолгой тэргүүтэй том төслүүдээ зарж идэх нууц хувилбар яригдаж буй гэсэн мэдээлэл байна.

Эрх баригч намын хувьд бонд босгох асуудалд дургүй ханддаг. Тэгээд ч манай улс одоо дэлхийн зах зээл дээрээс бонд босговол хүү нь 10 хол давна. Эдийн засагчдын зүгээс “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах, том ордуудаа зарах асуудлыг дэмжихгүй байгаа. Үүнийхээ оронд Олон Улсаас бонд босгохыг зөвлөж буй. Гэвч өрийн таац хэтэрсэн асуудлаар эрх баригч гол шоугаа хийж байгаа тул шууд энэ асуудал руу үсрээд орчихож чадахгүй байх талтай.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу