Гэр бүлийн хүчирхийллээс болж 90 хүн нас баржээ

-Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд 90 гаруй эмэгтэй гэр бүлийн хүчирхийлэлд өртөж амь насаа алджээ-

Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль 2004 онд батлагдаж, өнгөрсөн 12 жилийн хугацаанд хэрэглэгдээгүй цаас болон хоцорсон байна. Тиймээс УИХ-ын дахь эмэгтэй гишүүнд санаачлан Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн шинэчлэн найруулж, батлуулав. Уг хууль батлагдсантай холбоотой УИХ-ын гишүүн Д.Ганбат болон эмэгтэй гишүүдийн төлөөлөл мэдээлэл хийлээ.

Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд 90 гаруй эмэгтэй гэр бүлийн хүчирхийлэлд өртөж амь насаа алджээ. Хаалттай хаалганы цаана үйлдэгддэг хүчирхийллийн гэмт хэргийг таслан зогсооход маш их хүндрэлтэй байсан гэдгийг Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийнхөн хэлсэн. Тиймээс энэ хуулийг төслийг батлуулахад үүрэг оролцоотой байсан бүхий л гишүүдэд талархаж байгаагаа илэрхийллээ.

Гадаа гудамжинд хүн зодуулбал гэмт хэрэг болдог. Гэртээ зодуулбал гэмт хэрэгт тооцогддоггүй явсаар өдийг хүрсэн гэдгийг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл онцоллоо.

Гэр бүлийн хүчирхийлэлд оногдуулах ялыг Эрүүгийн тухай хуульд тодорхой тусгасан. Түүнчлэн хүчирхийлэлд өртөж, улмаар нэг удаа хариу үйлдэл хийгээд гэмт хэрэгт холбогдсон бол тухайн хүнийг хөнгөрүүлэх нөхцлөөр авч үздэг болсон. Урьд нь ийм төрлийн гэмт хэргийг өш хонзонгийн сэдэлтэй гээд хүндрүүлэх нөхцөлөөр ял оноодог байсан. Энэ бол буруу. Яагаад гэвэл насаараа хүчирхийлэл дунд байсан эмэгтэй нэг удаа хариу үйлдэл хийгээд, тэр нь хэтрэлттэй болж, гэмт хэргийн шинжтэй болоход хохирогчийг өш хонзон авсан байна гэж үзээд, илүү ял өгдөг байсан. Ийм гунигт байдал одоо арилж, хөнгөрүүлэх нөхцөл заалтаар авч үзнэ гэдгийг УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл хэллээ.

Дашрамд дуулгахад Хууль сахиулах тухай хуульд гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох заалт орсон байна. Тухайлбал хууль сахиулагчид хүний амь нас эрүүл мэндэд аюул учирсан дуудлага хүлээж аваад нэн тэргүүнд очих үүрэг хүлээнэ. Дуудлага өгсөн айл хаалгаа тайлахгүй байвал эвдэж орох эрхтэй болжээ. Урьд нь ийм эрх хууль сахиулах албан хаагчдад байгаагүй. Тухайн айл хаалгаа тайлж өгөөгүй бол ахуйн зөрчил гээд орхидог байсан. Харин одоо шийдэх эрх зүйн үндэс бий болсон байна.

Их сурвалж: www.news.mn

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу