Б.Мягмар: Малаа эрэхээр гарсан аавыг минь тэд согтоогоод, хөнөөчихсөн байх

2015 оны дөрөвдүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө  Булган аймгийн Дашинчилэн сумын харъяат, иргэн Б бусдын гарт амь насаа алджээ. Уг хэргийг Булган аймгийн цагдаагийн газарт шалгаж, сэжигтэнийг баривчилсан хэдий ч хуулийн байгууллага хэргийг удаашруулж байгаа талаар талийгаач Б-гийн хүү Б.Мягмар ярьж байна.

-Тухайн өдөр юу болсон талаар ярихгүй юу?

-Хэрэг гардаг өдөр аав маань сураггүй болсон малаа эрэхээр гарсан байдаг. Гэтэл аавын цогцос Дашинчилэн сумын 4-р багаас олдсон. Хэрэг гарсны дараа авга эгч залгаад, сумын төвд аавтай чинь ижилхэн дээлтэй хүн нас барсан байна гэж хэлсэн. Би тэр өдрөө Булган яваад, 14:00 цагийн орчим хэргийн газарт очиход цагдаагийнхан ирээгүй байсан юм. Намайг очсоноос хойш 16:00 цагийн үед Булган аймгийн цагдаа болон прокуророос хүмүүс ирж, хэргийн газарт үзлэг шалгалт хийсэн.

-Талийгаачийн үхлийн шалтгааны талаар шүүх эмнэлгийн дүгнэлтэд юу гэж бичсэн байсан бэ?

-Дашинчилэн сумын төвөөс зайдуу гурилын үйлдвэрийн ойролцоо гарсан хэрэг. Тэр шөнө бороо орсон тул газар чийгтэй, ул мөр тод үлдсэн байсан. Шүүх эмнэлгээс аавыг маань “Ниссан Икстрэйл” маркийн автомашинаар 62 метр газарт зогсолтгүй чирж, сүүлд нь бие дээгүүр нь дайрсаны улмаас бүх хавирга нь хоёроос дээш хугаралтай, эгэмний яс нь хугарсан, дотор эрхтэнүүд нь гэмтсэн гэж дүгнэсэн.

-Хамгийн сүүлд аавтай чинь ямар хүмүүс уулзсан байдаг вэ?

-Хэргийн дараа хүмүүсээс асууж сураглахад гурилын үйлдвэрийн манаач Н.Амархүү болон З.Баянмөнх нартай сумын төвд таараад, тэр нутгийн Цэдэв гэдэг хүнийд очиж хамт архи уусан байсан. “Орой болчихлоо, Н.Амархүүг хүргэж өгнө” гээд гарсан байгаа юм. Тэгээд гурвуулаа Амархүүгийнд очоод, дахин нэг шил архи хувааж уугаад, Баянмөнх аавыг хүргэж өгнө гээд 23:00 цагийн үед тэднийхээс гарсан гэж хэлсэн. Гэтэл Баянмөнх би талийгаачтай хамт Амархүүгийнхээс гараагүй гэдэг. Тэд аавыг минь согтоогоод, амийг нь хөнөөчихсөн байх. Учир нь Баянмөнх их овилгогүй зантай хүн гэдгийг нутгаараа мэднэ. Амархүү өмнө нь ял шийтгэл авч байсан хүн. Аав минь их өндөр биетэй, харин Баянмөнх намхан. Аавыг минь яасан ч ганцаараа дийлэхгүй. Аавын минь цогцос Амархүүгийн хашааны үүднээс олдсон болохоор хэн нэгэнтэй хамтарч хэргийг үйлдсэн гэж бодож байгаа. Тухайн үед Баянмөнх “Ниссан Икстрэйл” машин унаж байсан. Хэргийн газарт энэ машины ул мөр хангалттай үлдсэн байсан.

-Аавыг тань Баянмөнх хөнөөсөн гэх албан ёсны нотлох баримт бий юү?

-Шүүхийн шинжилгээгээр алсан хүн, машин нь хүртэл тодорхой байсан. Баянмөнх гэдэг хүний унаж явсан машины дугуйн хээ талийгаачийн дээлэнд байсан. Мөн талийгаачийн үс машины доороос гарч ирсэн гээд хэрэг үйлдсэн хүнийг шинжилгээгээр баталчихаад байхад мөрдөн байцаалт дутуу гэх шалтгаанаар Булган аймгийн цагдаа, шүүх, прокурорын газрынхан хэргийг дундаа шилжүүлсээр байна.

-Хэргийг ямар зүйл ангиар шалгаж байгаа вэ?

-Анх зам тээврийн осол гэж шалгаж байсан. Гэтэл шинжээчид энэ хэргийг зам тээврийн осол биш гэсэн. Хэргийг 91.1 зүйл анги буюу хүний амь насыг санаатай хохироосон гэж зүйлчилж байсан ч Булган аймгийн прокурор ажлаа хүлээлгэж өгөхөөсөө өмнө хэргийн зүйл ангийг өөрчлөөд, 94.1 буюу бусдын амь насыг санамсар болгоомжгүйгээр хөнөөсөн болгож өөрчилснийг би сүүлд мэдсэн. Одоо хэргийн мөрдөн байцаалт маш удаашралтай явагдах болсон. Цагдаа, прокурорын газраас хийх ёстой ажлаа цаг тухайд нь хийхгүй байна.

-Нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан шалтгааныг хуулийн байгууллагаас хэрхэн тайлбарлаж байна вэ?

-Дашинчилэн сумын бүх “Ниссан Икстрэйл” машинд үзлэг хийнэ гэж тайлбарласан. Шүүхийн шинжилгээгээр аль машинаар дайрсан нь тодорхой байхад дахин бүх машиныг шалгана гэсэн тайлбарт эргэлзэж байна. Хэргийг буух эзэнгүй болгохоор санаархаж байна гэж үзэж байгаа. Энэ хэргийг бүлэглэж үйлдсэн байж ч болзошгүй учраас Амархүү болон түүний эхнэрийг мөн шалгуулмаар байна.

-Хуулийн байгууллагад хандсан уу?

-Хүсэлт гаргасан боловч шалгаж өгөхгүй байгаа юм. Манай ээжтэй Амархүүгийн эхнэр таараад “Баянмөнх ирээд Амархүү бид хоёроос намайг талийгаачтай хамт гараагүй цуварч гарсан гээд хэлээд өгөөч гэж гуйсан” гэж хэлсэн байна лээ. Тэгэхээр амийг нь хөнөөсөн хүн, хөнөөхдөө ашигласан зэвсэг болох машин нь байсааар байтал цагдаагийнхан энэ хэргийг гуйвуулах гэж оролдож байна. Хэргийн газрын үзлэгээр малгай унасан цэгээс гурван метрийн радиуст үзлэг хийхэд хүн ноцолдсон ул мөр байна гэсэн. Мөн аавыг дайрчихаад буцаж ухраад, толгойных нь хажууд зогссон байсан нь хэргийн газрын үзлэгээр нотлогдсон юм. Тиймээс хууль, цагдаагийн байгууллагыг хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхийг хүсч байна.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу