Мэддэг, мэддэггүй зурхайчид

Цагаан сар дөхөөд ирэхээр монголчууд бид яг ийм гурван байдалд хуваагдаж байна. Зурхайчид нь мэддэг мэддэгүйгээрээ талцаад Монгол шар зурхай, Төгсбуянтын зурхайн алинаар нь шинэлэх тухай маргалдаж эхэлдэг болов. Харин энэ маргааныг нь мэлрэн сонсож, хэнийхээр нь явахаа шийдэх хэрэгтэй болж байна, ард түмэн бид чинь.

1-р сарын 28-нд шинэлнэ:

Монголын чөлөөт зурхайчдын холбооны тэргүүн М.Намсрайн мэдэгдэж буйгаар бол бид бүхэн энэ жил энэ өдөр шинэлэх ёстой гэнэ. Энэ нь Хубилай хааны үеэс хэрэглэж буй Монгол шар зурхайн аргаар тооцоход ингэж таарч байгаа аж. Түүнимй хэлж буйгаар бол хамгийн төгс зурхай нь энэ бөгөөд харин Төгсбуянтын зурхайд билгийн тооллын өдрүүд нь тасардаг, давхарддаг аж. Ингэснээр тэнгэрт харагдах сар, хуанлийн сар хоёр зөрдөг хэмээн тэрээр мэдэгджээ. Үнэн, худлыг мэргэжлийн хүмүүс нь мэдэх хэрэг.

Үгүй, 2-р сарын 27-нд шинэлнэ:

Төгсбуянтын зурхайг баримтлагчдынхаар энэ өдөр шинэлж таарах нь. Эл зурхайг Ламын гэгээн зохиосон гэдэг боловч бас Түвд хүн зохиосон гэх хүмүүс ч байдаг л юм. Энэ мэт маргаан жилийн жилд гардаг ч монголчуудын дийлэнх нь эл зурхайг дагаж сар шинээ гаргадаг. Мөн энэ жилийн хувьд онцлог жил. Учир нь илүү сартай өвөл болж байгаа гэнэ. Үгүй бол 1 сарын сүүлээр хаврын сар гарчихна гэж үзвэл зуны сар дөрөвдүгээр сард гарах гээд байгаа гэдгийг энэ зурхайг баримтлагчдын төлөөлөл хэлж байна лээ.   

Төгсгөлийн оронд:

Цагаан сар бол өвлийг өнөтэй давсаны баяр бөгөөд хаврын тэргүүн сард тэмдэглэдэг. Тэгэхээр хавар хэзээ эхэлж байгааг баримтлах нь чухал мэт. Хаврын шинж хэрхэн яаж илэрч байна вэ гэдгээ л анхаарч, тогтоож чадвал уг нь маргаан гармааргүй байлтай. Уг нь од гаригс, ан амьтан, уул ус бүгд л ямар нэгэн шинж хэлдэг гэдэг. Өвөг дээдэс маань ч эдгээр шинжийг нарийн ажиглаж ирсэн байдаг. Харин энэ мэт маргааны үндэс нь байгалийн шинжийг үл тоож тоо тоолж, зураг зураад хэзээ хавар болохыг тогтоох гээд байгаагаас л үүдэлтэй. Мөн чөлөөт ч бай, чөлөөт бус ч бай зурхайчид маань өөр өөрсдийн мэддэг, арай дөнгүүр ойлгодог зурхайгаа ард түмэнд тулгаж, түүгээрээ хоолоо олж иддэгт ч энэ маргааны гол үндэс бий.  

Тэгэхээр эрхэм зурхайчид минь өнөө маргаашийн өөрсдийн амьдралаас илүүтэй нийт зон олноо бодож, эл маргаанаа нэг тийш эцэслэн шийдэх зүйтэй байна. Учир нь та бүхний мэддэг, мэддэггүйгээс сүсэгтэн олны чинь цаашдын заяа төөрөг хамаардаг бөлгөө. Тиймээс сүсэгтэн олныхоо “мэлрээ”-г гаргаж хайрла.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу