Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид “Хүндэт доктор”-ын цол, өргөмжлөл гардуулах ёслол боллоо

              Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн урилгаар  албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Солонгосын Гадаад судлалын Их сургуульд зочиллоо.

Гадаад судлалын Их сургуульд 22 мянган оюутан, 12 факультет, 64 тэнхимд 45 орны хэл үздэг. Мөн тус сургууль нь 88 орны 420 гаруй их дээд сургуультай хамтран ажилладаг аж.

Тус сургуульд зочлох үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Солонгосын Гадаад судлалын Их сургуулийн “Хүндэт доктор”-ын цол, өргөмжлөл гардуулах ёслол боллоо.

Ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн хэлсэн үгэндээ: “Энэ гүн хүндэтгэлийг надад үзүүлсэн Та бүхэнд туйлын их баярлалаа. Монгол Улсын шинэ үед олсон ололт бол нийт Монголын ард түмний ололт байгаа. Энэ хүндэтгэлийг зөвхөн надад биш, Монголын нийт ард түмэнд үзүүлж байгаа гүн хүндэтгэл гэж хүлээж авч байна.

Өчигдөр Сөүл хотын Хүндэт иргэн гэдэг хүндэтгэлийг хүлээсэн. Өнөөдөр бас энэ алдартай сургуулийн Хүндэт доктор болж байна. Ачаа их нэмэгдэж байна. Манай хоёр орон бол эртний түүхтэй, уламжлалт харилцаатай, бие биенээ хүндэтгэдэг ийм сайхан улс орнууд. Төрөхдөө бид хөх толботой төрдөг. Монголчууд тэр хөх толбыг тэнгэрийн тамга гэж нэрлэдэг. Нэгэнт тэнгэрийн тамгатай учраас бид тэнгэр заяат ард түмэн гэж өөрсдөөрөө бахархдаг. Монгол хүн бүр Монгол Улсын иргэн болж, монгол хүн болж төрснөөрөө бахархаж явдаг. Бид өөрсдийнхөө эх орон, газар шороогоороо бахархдаг. Бид өөрсдийнхөө аугаа түүхээр их бахархдаг. Мөн тэр аугаа их түүхийг бүтээсэн ард түмэн, үе үеийн өвөг дээдсээр бахархаж явдаг. Тэр аугаа их түүхэнд бидний гайхамшигтай өвөрмөц уламжлал, өв соёл байдаг. Монголчууд тэр гайхамшигтай уламжлал, өв соёлоороо маш их бахархаж явдаг юм аа.

Монголын ард түмэн өнөөдрийн амьдарч байгаа эрх чөлөөт нийгмийнхээ ололтоор бас их бахархаж явдаг. Мэдээж ирээдүйд Монголын ард түмэнд гайхамшигтай сайхан боломж бий гэж бид бүгдээрээ итгэж явдаг. Монгол хүмүүс ярьдаг, хүний эрхэнд жаргаснаас өөрийн эрхээр зовсон нь дээр гэж. Тиймээс ардчилал, эрх чөлөөний зам бол тийм амар зам биш гэж би хувьдаа боддог. Энэ бол тухайн улс үндэстэн өөрийнхөө нийгмийг, өөрийнхөө амьдралыг хүмүүс хэрхэн хамгийн үр бүтээлтэй зохион байгуулах вэ гэсэн ийм сонголт гэж би хувьдаа ойлгодог. Энэ бол манай улс оронд хэн нэгний зүгээс тулгасан зам биш, манай Монголын ард түмний сонгосон зам байгаа.

Монгол Улс дэлхийн түүхэнд 1920-иод оны эхээр хоёр дахь социалист засаглал коммунизмын замыг сонгосон орон болж байсан. Мөн коммунизмын энэ дэглэмд маш удаан оршсон. 70 жил оршсон орон. Тэгээд эндээс бид ангижрах ёстой гэсэн сонголтыг Монголын ард түмэн хийж чадсан. Энэ сонголтоо хийхдээ, бид тэр хүнд дэглэмээс ангижрахын тулд нэг ч цонхны шил хагалаагүй, нэг ч хүний хамраас цус гаргаагүй, тайван замаар энэ агуу хувьсгалыг хийсэн юм аа гэж хэлэх нь зөв байх гэж бодож байна. Дээр нь монголчууд бас улс төрийн шинэчлэл, эдийн засгийн шинэчлэлийг цуг хийсэн. Зарим улс оронд ярьдаг, улс төр болон эдийн засгийг зэрэг шинэчлэх нь Азийн зам биш ээ гэж. Бид бол энэ Азийн зам байж болно оо, Азийн улс орон ийм шинэчлэлийг зэрэг хийж болно оо гэдгийг олон улсад харуулж чадсан. Одоо монголчууд энэ явсан замнал, сургамжаа бусадтай хуваалцахад бид байнга нээлттэй байдаг. Бид бусдад сургах ямар нэгэн зорилт тавьдаггүй, бидний сургамжаас бусад нь сураасай, бас бидний сургамжийг бусад нь хараасай гэж боддог. Бид дандаа амжилттай замаар яваагүй, бид маш их алдаа хийсэн. Эрх чөлөөний нэг гайхамшигтай юм бол алдаанаасаа хүн суралцах боломж байдаг. Эрх чөлөөгүй нийгэмд бол хүн алдаа хийвэл аягүй бол амь насанд нь аюултай байдал учирдаг. Тэгэхээр эрх чөлөөтэй нийгэмд бид алдах эрхтэй, тэгээд алдаад, тэр алдаанаасаа сургамж аваад урагшлах боломжтой гэж ингэж үздэг.

Өөр нэг зүйл бол Монголын нийгэм маш их нээлттэй. Нийгмийнхээ байгаа байдалд асар их шүүмжлэлтэй ханддаг. Монгол Улсад байгаа бүх хэвлэл мэдээлэл, олон нийтийн мэдээлэл ямар ч хяналт байдаггүй, ямар ч зохицуулсан зүйл төрөөс хийхийг оролддоггүй. Тэр утгаараа Монгол асар их нээлттэй, бид сүүдрээ нуудаггүй, бид дутагдлаа нуудаггүй. Энэ бол төр засаг, улс төрийн амьдралд оролцож байгаа хүмүүст маш их тустай. Энэ хүмүүс хэрэв алдаа гаргавал нийгэм шүүмжилж, бид түүнээс сурдаг. Монголчууд ярьдаг, хүн хэлэхээс нааш ухаардаггүй юм, цааш чичихээс нааш цоордоггүй юм гэж. Тэгэхээр үнэхээр манай ард иргэд биднийг шүүмжилж байна, бидний дутагдлыг олж харж байна гэдэг бол монголчууд урагшаа ахих, Монголын нийгэм байнга эрүүл байх боломж бүрдсэн гэж би үздэг. Тэгээд эрх чөлөөтэй хүмүүсийн бас нэг сайн тал бол өөрсдийнхөө дутагдалтай талыг өөрсдөөсөө олж хардаг эрмэлзэлтэй. Эрх чөлөөгүй хүмүүс бол өөрсдөд нь тулгамдаж байгаа хүнд хэцүү асуудлыг ямагт гаднын хүчин зүйлтэй холбож харахыг хичээдэг, тэгэж ухуулж ойлгуулдаг. Тэгэхээр эрх чөлөөний замыг сонгосон хүмүүс бүтээлч байдаг, хариуцлагатай байдаг гэж би итгэдэг. Нэг өдөр дэлхийн улс орон бүхэн, дэлхийн хүн бүхэн эрх чөлөөтэй болно. Хүнийхээ эрхийг хүн ёсоор эдэлдэг ийм сайхан боломж ирнэ ээ гэдэгт би ерөөсөө эргэлздэггүй.

Өнөөдөр энэ их нэр хүндтэй сургуулийн ийм хүндтэй цолыг хүртсэндээ туйлын баяртай байна. Энэ ачааг дааж явахын төлөө өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийж, хичээх болно оо гэдгийг Та бүхэнд хэлье ээ. Энэ хүндэт докторын нэрийг өндөрт өргөж явахыг хичээх болно оо.” гэж хэллээ.

Ёслолын үйл ажиллагааны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монгол Улсын Гадаад бодлого, бүс нутгийн аюулгүй байдал” сэдвээр лекц уншиж, багш оюутан эрдэмтэн судлаачдын асуултанд хариуллаа.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу