“ӨВСНИЙ ҮНДЭС” ХӨТӨЛБӨРИЙН ТӨСЛИЙН ТОО 500-Д ХҮРЧЭЭ

Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас хэрэгжүүлж буй “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол улсад хэрэгжсэн төслийн тоо 500-д хүрч байгааг тохиолдуулан тус яамнаас өнөөдөр /2016.08.16/ 12 цагт ёслолын арга хэмжээ зохион байгууллаа. Энэхүү ёслолын арга хэмжээнд Гадаад харилцааны яамны сайд Ц.Мөнх-Оргил болон Эрүүл мэндийн яамны сайд А.Цогцэцэг нар ёслолын арга хэмжээнд урилгаар оролцож, үг хэллээ. Мөн ёслолын арга хэмжээнд Японы Элчин сайд Такэнори Шимизү болон, холбогдох аймаг, дүүргийн Засаг дарга нар оролцож, гэрээнд гарын үсэг зурсан юм.

Ёслолын арга хэмжээний үеэр орон нутгийн тав, нийслэлийн нэг сургуулийн төслийн гэрээнд гарын үсэг зурснаар Монгол улсад хэрэгжиж буй төслийн тоо 500-д хүрч байгаа ажээ.  Үүнд:

“Дорноговь аймгийн Эрдэнэ сумын цэцэрлэгийн их засварын төсөл”

“Сүхбаатар аймгийн Онгон сумын цэцэрлэгийн өргөтгөлийн төсөл”

“Дорнод аймгийн Дашбалбар сумын цэцэрлэгийн их засварын төсөл”

“Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 53 дугаар сургуулийн их засварын төсөл” багтаж байна.

Япон Улсын Засгийн газрын техникийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлдэг “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”-ийн Монгол Улсад хэрэгжүүлж байгаа 500 дахь төслийг тэмдэглэх ёслолын арга хэмжээнд хүрэлцэн ирсэндээ миний бие их баяртай байна.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн салбарт анх 1990 онд В гепатитын вакцин үйлдвэрлэх технологийг сайжруулах төсөл хэрэгжиж эхэлснээс хойш Монгол Улсын аймаг, сумдын болон нийслэлийн эмнэлгүүдэд барилгын засвар үйлчилгээ, тохижилт хийх, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, нийслэл, аймаг, сумдын эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулахад туслалцаа үзүүлэх зэрэг жижиг болон дунд хэмжээний цаг үеэ олсон, уян хатан төслүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн билээ.

2012 онд Өвсний үндэс хөтөлбөрийн 400 дахь төслийн ойн арга хэмжээ зохион байгуулагдах үеэр эрүүл мэндийн салбарт 99,843 ам.долларын санхүүжилт бүхий Улсын 3-р төв эмнэлгийн  хүлээн авах, яаралтай тусламжийн тасгийн их засварын төслийг хэрэгжүүлэх төслийн баримт бичигт гарын үсэг зурж байсан.

Хамгийн сүүлд энэ оны 5 дугаар сард “Өвсний Үндэс-Дахин ашиглах” хөтөлбөрийн хүрээнд тус яамны харьяа Гэмтэл согог судлалын үндэсний төвд ашиглагдаж байсан эмнэлгийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн. 87,191 ам.долларын санхүүжилт бүхий энэ төслийн хүрээнд эмнэлгийн тоног төхөөрөмж, мэс заслын болон өвчтөний ор, мэс заслын дараах нөхөн сэргээх эмчилгээний тоног төхөөрөмжийг тус төв хүлээлгэн өгсөн билээ.

“Өвсний үндэс” хөтөлбөрөөс гадна эрүүл мэндийн салбарт Япон Улстай хамтран хэрэгжүүлж байгаа өөр олон төсөл хөтөлбөрүүд байгаа бөгөөд цаашид ЭМЯ-ны зүгээс харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхэд байнга анхааран, хамтарч ажиллах болно гэдгийг дахин нотлон хэлмээр байна.

 

Дээрх зургаан төслийг хэрэгжүүлэхэд нийт 463.571 ам.доллар буюу 894.699.292 төгрөгийн тусламж үзүүлэхээр боллоо. Эдгээр төслүүдийг оруулаад 2016 оны Японы санхүүгийн жил /2016.04.01-2017.03.31/-д “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол улсад хэрэгжүүлж буй төслийн тоо 15, санхүүжилтийн нийт хэмжээ 1.177.404 ам.доллар буюу 2.302.387.670 төгрөг болж байна.

Энэхүү хөтөлбөр нь Монгол улсад 1990 онд анхны төслөө хэрэгжүүлж эхэлснээс хойш нийт хэрэгжүүлсэн төслийн тоо 2016 оны энэ өдөр 500-д хүрч, тусламжийн нийт дүн 33.586.674 ам.доллар болжээ. Уг хөтөлбөр нь Монгол улсын бүх аймагт хэрэгжсэн ба нийт 332 сумаас 206-д  төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлсэн байна.

Эх сурвалж:Emneleg.mn

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу