Ерөнхийлөгчийн цомын нэрэмжит барилдаан маргааш болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх шигшмэл, чансаа өндөр 128 бөхийн барилдаан 2011 оноос эхлэн жил бүрийн арванхоёрдугаар сарын 29-нд буюу монголчууд эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойн өдөр болдог уламжлал тогтоод байгаа билээ.

Олон нийт, бөх сонирхогчдын хамгийн ихээр хүсэн хүлээдэг болсон энэхүү шигшмэл барилдаан арванхоёрдугаар сарын 29-нд буюу пүрэв гаригт Бөхийн өргөөнд болно.

Барилдааны түүхээс сонирхуулбал, монголчууд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойгоор 2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх шигшмэл, чансаа өндөр 128 бөхийн барилдаан анх болж, Улсын аварга С.Мөнхбат түрүүлж, Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын эзэн болж байв.

Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх 2012 оны барилдаанд Улсын заан М.Өсөхбаяр түрүүлж, Улсын гарьд Д.Рагчаа үзүүрлэв.

2013 оны цомын төлөөх барилдаанд Улсын начин Б.Пүрэвсайхан түрүүлж, Улсын аварга Г.Эрхэмбаяр үзүүрлэж байв.

2014 оны барилдаанд Улсын аварга С.Мөнхбат түрүүлж, Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг хоёр дахь удаагаа гардсан юм. Энэ барилдаанд Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй үзүүрлэв.

2015 оны барилдаанд Улсын харцага Б.Пүрэвсайхан түрүүлж, Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын эзнээр хоёр дахь удаагаа тодорсон юм. Тэрбээр Ерөнхийлөгчийн цомын төлөөх 2013 оны барилдаанд Улсын начин цолтой түрүүлж байв. Тус барилдаанд Улсын заан Ч.Санжаадамба үзүүрлэсэн юм.

 
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу