“Гуйлгачин” даргын гудиггүй айлчлалууд

Монгол Улсын ээлжит сонгуулийн дүнгээр МАН олонх болж, Засгаа дангаар бүрдүүлэн ажиллаж эхэлсэн. Гэсэн хэдий боловч эрх мэдлээр хомс Ерөнхий сайд, энэ тэнд очиж гуйлга гуйсан УИХ-ын дарга, элдэв асуудлыг гацаасан УИХ-ын эрхэм гишүүдтэй л болж байх шиг байна. Ерөнхий сайд, их хурлын гишүүдийн алдаа дутагдлыг хэвлэл мэдээллээр бишгүй дээ л нэг шүүмжилж байгаа учир энэ удаад орхиё. Харин алдаа дутагдлыг нь шүүмжилдэггүй, шүүмжлэлийг ч тоодоггүй дүлий дүмбэ оргисон нэг хүн байгаа нь УИХ-ын дарга М.Энхболд юм. Түүнийг хоёр дахь “Н.Энхбаяр” болохыг санаархагч гэж тоглоом шоглоомоор хэлдэг юм билээ. Хэрэв ингэвэл нэгдэхээсээ илүү аюултай гэдгийг ч хэлдэг. Түүний тухай энэ мэтийг түрдээ орхиод ажлаа авснаасаа хойш чухам хаа хаанаас зээл тусламж гуйж, Монгол Улсын өрийн таацыг нэмэгдүүлэх оролдлого хийснийг тоймлоё.

Их хурлын дарга Булангийн орнуудад очсон. Ингэхдээ Саудын Арабын Вант улсад очиж “ажлын” тодотголтой дээд хэмжээний анхны айлчлалыг хийв. Энэ үеэр тэрээр “... Эдийн засгийн нөхцөл амаргүй байгаа үед хамтарсан төсөл хэрэгжүүлэх, зээл тусламж авах асуудлыг бид сонирхож байна” гэсэн. Мэдээж Саудын Араб манай улстай хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллахгүй нь бараг л тодорхой. Тэгэхээр уул уурхай, ашигт малтмалд л тэдний сонирхол давамгайлж таарна. Харин нэгэнт зээл өгчихвөл уул уурхайд хамтарч, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхдээ давуу байдалтай л оролцохыг чухалчлах болно. Энэ нь өнөөх л хэл ам дагуулдаг уул уурхайн хөтөлбөрүүдийн тоог нэгээр нэмэх нь тодорхой. Яг иймэрхүү асуудал ярьж, ээлжит гуйлгаа Арабын нэгдсэн Эмират улсад айлчлал хийсэн. За тэгээд Энэтхэг, Хятад гээд зээл гуйгаагүй улс бараг үлдсэнгүй.    

БНХАУ, ОХУ-д ч гэсэн айлчлал хийснийг нь сануулахад илүүдэхгүй. Хоёр хөрш маань ч түүний энэ мэт айлчлалыг үл тоож, биднээс аль болох зай барихыг хичээж байх шиг байна. Далай ламын айлчлалаар далимдуулж, нэг тэрбумын зээлээрээ барьцаалж байж Төвдийг өөрийн бүс нутаг мөн зэргийг манай улсаар хүлээлгэж, далан таваар буулгаж авсан тухай амтай болгон өнөөдөр ярьж байна. ийнхүү “гуйлгачин” даргатайгийнхаа буянаар бид хоёр хөршдөө үл тоогдож, өр зээлийн хэмжээ үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд нөлөөлхүйц хэмжээнд хүрч мэдэхээр болоод байна.    

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу