Сонгуулийн зардлын дээд хэмжээ 4.4 тэрбум

-Үүнийг УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор зохион байгуулахтай холбогдож гарч байсан зардалтай харьцуулахад 1 тэрбум төгрөгөөр өссөн дүн юм-

УИХ Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулсан учраас 2016 оны УИХ-ын сонгуулийн зардлын дээд хэмжээг шинэчлэн тогтоожээ. Тодруулбал, тавдугаар сарын 18-нд Монгол Улсын Ерөнхий аудиторын тушаалаар УИХ-ын сонгуульд нам, эвсэл тус бүрийн зарцуулах зардлын дээд хэмжээг 4.4 тэрбум төгрөгөөр тогтоосон байна. Үүнийг өнгөрсөн хоёрдугаар сарын 29-нд гаргаж байсан тушаалтай нь харьцуулахад сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээ 1 тэрбум төгрөгөөр өсжээ. Тухайн үед УИХ-ын сонгуульд  өрсөлдөх нам, эвсэл тус бүрийн зарцуулах зардлын дээд хэмжээг 3.4 тэрбум төгрөгөөр тогтоож өгсөн байсан юм. Зардлын дээд хэмжээ 1 тэрбум төгрөгөөр өссөн нь тойрог нэмж байгуулагдсантай холбоотой аж.

УИХ өнгөрсөн онд Сонгуулийн тухай хуулийг батлахдаа 2016 оны УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор буюу 76 гишүүний 48 нь тойргоос, 28 нь намын нэрсийн жагсаалтаар сонгогдохоор заасан байсан юм. Гэвч Үндсэн хуулийн цэцэд нэр бүхий иргэд гомдол гаргаснаар Цэц “76 гишүүний 28 нь намын нэрсийн жагсаалтаар УИХ-д сонгогдож байгаа нь Үндсэн хуульд заасан холбогдох заалтуудыг зөрчжээ” хэмээн үзэж УИХ шийдвэрийг нь хүлээн авснаар Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулсан. Улмаар УИХ-ын сонгуулийг жижиг 76 тойрогт зохион байгуулах шийдвэр гаргасан нь зардалд ийн нөлөөлжээ.

Үндэсний аудитын газрын даргын тушаалаар мөн нам, эвсэл, тойрогт нэг нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг тойрог бүрээр гаргаад байна. Сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоохдоо газар нутгийн байршил, сонгогчийн тоо тус бүрийг харгалзан үзсэн гэдгийг Үндэсний аудитын газрын дэд дарга Б.Баттуяа онцоллоо.

Тухайлбал, Архангай аймгийн нэгдүгээр тойрогт өрсөлдөх нэр дэвшигчийн зардлын дээд хэмжээ 114 сая төгрөг бол хоёрдугаар тойрогт өрсөлдөх нэр дэвшигчийнх 103 сая төгрөг, гуравдугаар тойрогт өрсөлдөх нэр дэвшигчийн зардлын дээд хэмжээг 105 сая төгрөгөөр тогтоожээ.

Нэг мандаттай Булган аймагт сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээ 199 сая төгрөг бол Говь-Алтай аймагт 223 сая төгрөгөөр тогтоосон байна.

Гурван мандаттай Хэнтий аймгийн 40 дүгээр тойрогт зарцуулах зардлын дээд хэмжээ 123 сая төгрөг бол 41 дүгээр тойргийнх 125 сая, 42 дугаар тойргийнх 92 сая төгрөгөөр тус тус тогтоожээ.

Нийслэлийн тойргийн зардлыг сонирхуулбал, Баянзүрх дүүргийн 49 дүгээр тойргийн зардал 206 сая төгрөг бол мөн дүүргийн 52 дугаар тойргийн зардлын дээд хэмжээ 211 сая төгрөгөөр тогтсон байна.

Сонгинохайрхан дүүргийн 71-76 дугаар тойргийн зардлын дээд хэмжээ 210 сая төгрөгөөс 176 сая төгрөгийн хооронд тогтжээ. Тус тойрог зургаан мандаттай.

Дэлгэрэнгүй зардлыг энэхүү хүснэгтээс тодруулж харна уу.

 

430 бие даагчийн мөрийн хөтөлбөрт аудит хийжээ

Сонгуулийн ерөнхий хорооноос өгсөн зөвлөмжийн дагуу УИХ-ын сонгуульд өрсөлдөх нам, эвсэл, бие даагчид дөрөвдүгээр сарын 20-ноос өмнө мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт ирүүлж, хянуулах үүрэг хүлээж байсан юм.

Үндэсний аудитын газрын дэд дарга Б.Баттуяагаас бидэнд өгсөн мэдээллээр өнгөрсөн хугацаанд УИХ-ын сонгуульд өрсөлдөх 17 нам, гурван эвсэл, 105 бие даагч мөрийн хөтөлбөрөө Аудитын газарт ирүүлсэн бол аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд өрсөлдөх 325 бие даагчийн мөрийн хөтөлбөр мөн хянагдаж баталгаажсан байна. Нийт дүнгээрээ 430 бие даагчийн мөрийн хөтөлбөрт аудит хийжээ гэж тодорхойлж болохоор байгаа юм.

Мөн УИХ-ын сонгуульд өрсөлдөх нам, эвсэл, бие даагчдын мөрийн хөтөлбөрийг хүлээн авч аудит хийх хугацаа дуусжээ. УИХ-ын сонгуульд өрсөлдөх бие даагчдын мөрийн хөтөлбөрийг хүлээн авах хугацаа тавдугаар сарын 10-наар дууссан бол орон нутгийн сонгуульд өрсөлдөх бие даагчдын мөрийн хөтөлбөрийг авах хугацаа тавдугаар сарын 5-наар тасалбар болсон аж. 

Одоо Үндэсний аудитын газар Сонгуулийн ерөнхий хорооноос сонгууль зохион байгуулахтай холбогдсон зардлын тайланд аудит хийх бол улс төрийн нам, эвслүүд нэр дэвшигчдээ тодруулсны дараа сонгуулийн зардлын данс нээсэн мэдэгдлийг Үндэсний аудитын газарт ирүүлэх ёстой юм байна. Сонгууль дууссаны дараа данс бүрийг баталгаажуулах аж.

Сонгуулийн тухай хуульд хандивын дээд хэмжээг иргэн 3 сая хүртэл төгрөгөөр, хуулийн этгээд 10 сая төгрөг хүртэл байхаар зааж өгсөн бол Үндэсний аудитын газрын олон нийтэд мэдээлэх хязгаар нь 1 сая төгрөгөөс дээш иргэний хандив, хоёр сая төгрөгөөс дээш хуулийн этгээдийн хандивыг зарлах үүрэг хүлээж байна.

Их сурвалж: www.news.mn

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу