Шатахууны үнэ нийслэлд 160 төгрөг, орон нутагт 360 төгрөгөөр буурсан гэв

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас өнөөдөр шатахууны үнэ буурсан талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тодруулбал, шатахууны үнэ нийслэлд 160 төгрөг, орон нутагт 360 төгрөгөөр буурсан аж. Энэ талаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Д.Мөнхтөр хэлэхдээ, “Цагаан сарын дараа шатахууны үнийг 50 төгрөгөөр буулгаснаас хойш хэд хэдэн удаа шатахууны үнэ буурсан гэх мэдээлэл гарсан. Тиймээс бодит байдал дээр яг хэдэн төгрөгөөр буурсан талаар шалгалт явуулсан. Ингэхэд шатахууны үнэ бодитойгоор буурсан байсан. 1500, 1530 төгрөг хүртэл шатахууны үнэ буурсан байна. Зарим шатахуун түгээх станц гишүүнчлэлийн карттай үйлчлүүлэгчдэдээ 1450 төгрөгөөр хүртэл үйлчилж байсан. Ингээд шатахууны үнэ буурсан учраас өргөн хэрэглээний барааны үнийн бууралтын асуудалд хяналт шалгалт хийж байгаа. Тавдугаар сард багтаж энэ шалгалтын үр дүнг танилцуулна” гэв.

Т.Гэрэл

Эх сурвалж: zaluu.com

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу