Цагдаа нэрийг нь сольж байцааж, Шүүх тэр нэрээр түүнд ял оноожээ

“БАТЦЭНГЭЛ НЭРЭЭРЭЭ ЯЛАА ЭДЭЛЖ ДУУСГА ГЭСЭН”

 

Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн нэрийг сольж, мөрдөн байцаан, шүүхээр таслан, хоёр удаа ял оноосон хариуцлагагүй хэрэг гарсан байна. Үүнийг мэдсэн яллагдагчийн төрсөн эгч, Баянгол дүүргийн 22 дугаар хорооны иргэн Х.Жаргал Хүний эрхийн үндэсний комисст хандан гомдол гаргажээ.

Уг гомдлын дагуу Хүний эрхийн үндэсний комиссоос ШШГЕГ-ын харьяа хорих 401 дүгээр ангид ял эдэлж буй Х.Батцэнгэлээс тайлбар тодруулга авах, байгууллагуудаас шаардлагатай баримт материал гаргуулах зэрэг ажиллагаа явуулсан байна.

Хүмүүжигч Х.Батцэнгэлийн төрсөн эгч Хүний эрхийн үндэсний комисст гаргасан гомдолдоо Миний дүү Халтархүүгийн Цэнгэл нь 1996 онд Эрүүгийн гэмт хэрэг ял шийтгүүлж, одоо ШШГЕГ-ын харьяа хорих 401 дүгээр ангид ял эдэлж байгаа бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолд түүний нэрийг Халтархүүгийн Батцэнгэл гэж буруу бичсэн байна. Миний дүү Х.Цэнгэл гэх нэрээр улсын бүртгэлд бүртгэгдсэн, төрсний гэрчилгээ, иргэний цахим үнэмлэхийг нь авч хорих ангид хүргүүлсэн боловч ангийн захиргаанаас бичиг баримтыг хууль бусаар, хорих ангид мэдэгдэлгүйгээр өөрчилсөн хэмээн сахилгын зөрчилд тооцон, дүүгийн минь хорих ялын дэглэмийг дээшлүүлэх гэж байгаад гомдолтой байна” гэжээ.


ХЭҮК-ийн ажилтан ял эдэлж буй Х.Батцэнгэлээс энэ хэргийн талаар торуулахад тэрээр “Миний бие 1977 оны аравдугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймагийн Мөрөн суманд төрсөн. Ам бүл хоёр, бүрэн дунд боловсролтой, авто цахилгаанчин мэргэжилтэй. Одоо ШШГЕГ-ын харьяа 401 дүгээр ангид Халтархүүгийн Батцэнгэл гэх нэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 224, 262.1, 148.2 дахь хэсэгт заасан зүйл ангиар 14 жилийн хорих ялаар шийтгүүлэн ял эдэлж байгаа шалтгаан нь 1996 онд анх удаа гэмт хэрэгт холбогдоход Цэнгэл нэртэй байсан боловч намайг цагдан хоригдож байхад мөрдөн байцаагч ирж байцаалт авахдаа “Чамайг Батцэнгэл гэдэг юм байна гэж хэлсэн”.

Тухайн үед би хүүхэд байсан болохоор шүүх хуралд Батцэнгэл нэрээр ял шийтгүүлж, ялаа биечлэн эдэлж, 1998 онд суллагдсан. Үүний дараа 1999 онд дахин гэмт хэрэгт холбогдоход миний нэр Цэнгэл байсан боловч байцаагч байцаалт авахдаа намайг “Нэрээ худлаа хэлсэн” хэмээн зодож байсан. Ингээд шүүх хурал болж, шүүгч нарт өөрийн нэрийг Цэнгэл гэдэг гэж хэлсэн боловч дахин Батцэнгэл нэрээр ял шийтгүүлж, өнөөдрийг хүртэл энэхүү нэрээрээ хорих ял эдэлж байна.

Мөн миний бие ШШГЕГ-ын харьяа хорих 439 дүгээр ангид ял эдэлж байхдаа хяналтын прокурор н.Энхжаргалд өргөдөл гаргахад намайг “Батцэнгэл нэрээрээ ялаа эдэлж дуусга, чи нийт долоон удаагийн ял шийтгэлтэй учир долоон мөрдөн байцаагч, долоон хяналтын прокурор, 21 шүүгч буруудахаар асуудал үүсэх гээд байна” гэж хэлж байсан. Тус ангийн даргаар ажиллаж байсан н.Анаргүл нь намайг хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэж зөрчлийн акт үйлдсэн тул энэхүү актыг үндэслэлгүй хэмээн Нийслэлийн прокурорт өргөдөл гаргасан хэмээн тайлбар өгчээ.

ШШГЕГ-ын харьяа хорих 401 дүгээр ангийн энэ оны аравдугаар сарын 28-ны өдрийн 1/744 дугаар албан бичгээр тус ангийн аж ахуй үйлчилгээнд ял эдэлж байгаа Халтархүүгийн Батцэнгэлд оногдуулсан сахилгын шийтгэлийн тушаал, холбогдох материалыг Хүний эрхийн үндэсний комисст хүргүүлсэн байна.

-НЭР, ТӨРСӨН ОН САР, МЭРГЭЖИЛ НЬ СОЛИГДОН, ХОТЫН ИРГЭН БОЛСОН НЬ-

Тус материалуудтай танилцахад, энэ оны есдүгээр сарын 30, аравдугаар сарын 8-ны өдрүүдийн зөрчлийн актад Х.Батцэнгэлийн биеийн байцаалтыг тэмдэглэхдээ түүнийг “1965 оны аравдугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, дээд боловсролтой, ам бүл гурав, инженер мэргэжилтэй” хэмээн бичжээ.

Мөн ШШГЕГ-ын харьяа Хорих 401 дүгээр анги Нэгдсэн эмнэлгийн даргын аравдугаар сарын 6-ны өдрийн в/47 дугаар тушаалаар ялтан Х.Батцэнгэл нь хувийн хэрэгтээ хуурамч бичиг баримт бүрдүүлсэн байх тул энэ онд олгосон шагналын хоногийг хасах сахилгын шийтгэл ноогдуулжээ.

Х.Батцэнгэл нэрээр иргэний үнэмлэх энэ оны гуравдугаар сарын 2-ны өдөр, жолооны үнэмлэх 2015 оны аравдугаар сарын 16-ны өдөр тус тус хэвлэгдсэн бөгөөд эдгээр бичиг баримт дээр ШШГЕГ-ын харьяа Хорих 401 дүгээр ангид ял эдэлж буй ялтан Дархад овогтой Халтархүүгийн Батцэнгэлийн зураг байна.

Хүний эрхийн комисст ирүүлсэн Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын энэ оны 11 сарын 7-ны өдрийн 1/11352 дугаар албан бичгээр “Боржигон овогтой Халтархүүгийн Цэнгэлийн төрсний бүртгэлийн болон иргэний үнэмлэхийн лавлагааг ирүүлсэн байх ба Халтархүүгийн Батцэнгэл нэрээр иргэний улсын бүртгэлийн санд бүртгэгдээгүй байна хэмээн дурджээ.

Түүнчлэн Цагдаагийн Ерөнхий газрын мэдээлэл, технологийн төвийн энэ оны 11 сарын 8-ны өдрийн албан бичгээр Халтархүүгийн Цэнгэл нэрээр бүртгэгдсэн мэдээлэл байхгүй ба Халтархүүгийн Батцэнгэл нэрээр лавлагааны сангаас шүүлт хийж үзэхэд:

-1977 оны 11 сарын өдөр төрсөн. Багануур дүүргийн шүүхийн 2008 оны гуравдугаар сарын 14-ны өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсгүүдэд заасан гэмт хэргээр шийтгэгдэж таван жил нэг сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн.


-1977 оны аравдугаар сарын 12-ны өдөр төрсөнөөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны зургадугаар сарын 19-ний өдрийн 282 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн учир 14 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн тухай мэдээллүүд тус тус бүртгэгдсэн байна.

Эдгээр баримтуудаас үзэхэд Халтархүүгийн Цэнгэлд холбогдох эрүүгийн хэргүүдэд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад түүний хулийн байдлыг тогтоогоогүйн улмаас холбогдох хуулийн байгууллагын ажилтнууд Эрүүгийн байцаан шийтгэх тухайн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт Хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад яллагдагч, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх хариуцлагын хэм хэмжээ, шинж чанарт нөлөөлөх нөлөөллүүдийг нотолно.  

Мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.2.2 дахь хэсэгт яллагдагч, шүүгчийн хувийн байдлбг бүрэн гүйцэл тогтоогоогүй тохиолдолд хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгийг нэг талыг барьсан буюу гүйцэд биш гэж үзнэ.

Прокурорын байгууллагын тухайн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь хэсэгт “Прокурорын эрүүгийн хэрэг бүртгэлт” мөрдөн байцаалтын Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаж байгаа эсэхэд хянлат тавина гэж тус тус заасан тухай хуулийг зөрчсөн байна. Мөн түүнийг хорих ял эдлэх хугацаанд эрхзүйн байдлыг дордуулахад хүргэжээ.

У.УРАНЦЭЦЭГ

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу