Facebook байнга ашигладаг хүмүүс гутралд ордог

Данийн нийслэл Копенгаген хотод орших Аз жаргалын судалгааны хүрээлэнгийн судлаачид нийгмийн сүлжээ ашиглагчдыг хоёр бүлэг болгон харьцуулсан судалгаа явуулжээ. Эхний бүлэг хоёр долоо хоногийн турш "Facebook" байнга ашиглаж, хоёр дахь бүлэг энэ хугацаанд огт хэрэглээгүй байна. Судалгааны өмнө, оролцогчдын 94 хувь нь "Facebook"-т өдөр тутам ордог байжээ.
"The Local" сонинд мэдээлснээр, Фэйсбүүк хэрэглэхээ больсон хүмүүсийн сэтгэл ханамжийн түвшин 7.56-аас 8.12 болж өсөн, аз жаргалын дундаж түвшин нэмэгджээ.  Гэвч  хэрэглэхээ үргэлжлүүлсэн бүлгийн аз жаргалын оноо 7.67-оос 7.75 болсон байна.

Нийгмийн сүлжээнд буй бусад хүмүүстэй өөрийгөө харьцуулах хандлагаас уг ялгаа гарсан гэж Аз жаргалын судалгааны хүрээлэнгийн захирал Майк Викинг үзэж байна.  

"Бидний бодит байдлын ойлголт, бусдын амьдралын жинхэнэ дүр зургийг "Facebook" гуйвуулдаг. Бусад хүмүүс юу хийж байгаатай хүмүүс өөрсдийгөө харьцуулдаг бөгөөд хүмүүс нийгмийн сүлжээнд ихэвчлэн эерэг нийтлэл тавьдаг учир маш их нэг талыг барьсан бодит байдлын ойлголтыг бидэнд төрүүлдэг" гэж тэрбээр хэлжээ.
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу