“Монгол улс сонгуулийн жилд” сэдэвтэй эрдэм шинжилгээний бага хурал боллоо

Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэдэх Удирдлагын академи, Монгол дахь Конрад-Аденауэр-Сангийн суурин төлөөлөгчийн газар хамтран Ардчиллын хоёр дахь бага хурал өнөөдөр “Монгол улс сонгуулийн жилд” сэдвийн дор зохион байгууллаа.

Уг эрдэм шинжилгээний хуралыг Удирдлагын академийн дэд захирал Ш.Батсүх удирдсан бөгөөд тэрээр өөрийн тэргүүлсэн багийн түүвэр судалгаанд үндэслэсэнээрээ онцлогтой хурал болсон юм. Эрдэм шинжилгээний хуралд төрийн захиргааны төв байгууллагууд болон УИХ-д суудалтай улс төрийн намуудын төлөөлөл оролцсоноос гадна их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд, төрийн бус байгууллагуудын 120 гаруй хүн оролцож байв.

Хурлыг нээж ХБНГУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Герхард Тийдеманн, Конрад-Аденауэр-Сангийн Суурин төлөөлөгч доктор Даниел Шмюкинг нар үг хэллээ.  Удирдлагын академийн дэд захирал Ш.Батсүх: 2015 оны 05 дугаар сард “Ардчилалд иргэдийн идэвхи, оролцоо чухал болох нь” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж байсан. Энэ удаагийн хурлаараа миний бие ахалж, манай  тэнхимийн эрхлэгч С.Зульфикар, судалгааны ажилтан Б.Ганцоож нарын бүрэлдэхүүнтэй судалгааны баг Монгол улсын хүн амын төдийгүй сонгогчдын ихэнхийг бүрдүүлдэг 18-35 насны залуучуудын улс төрийн болон сонгуулийн оролцооны асуудлаар түүвэр судалгаа хийж байсан түүнийхээ  үр дүнг  танилцуулж байна энэ нь ихээхэн үр дүнтэй судалгаа болсон гэж би үзэж байгаа гэлээ.  Мөн Монголын Залуучуудын эвсэлийн зөвлөх Т.Есүхэй “Залуучуудын улс төрийн идэвхи, оролцоо суларч буй учир шалтгаан”, “Сант Марал” сангийн захирал Л.Сумати “Эдийн засаг, улс төрийн талаар иргэдийн санал бодол”, МУБИС-ийн багш Ц.Мөнхцэцэг “Монголын улс төрийн намуудын сонгуулийн кампаний коммуникаци”, Канадын Бритиш Колумбын их сургуулийн эрдэмтэн Жулиан Диеркэс “Сонгуулийн дараа яах вэ” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүлсэн. Цаашид тус хоёр байгууллага хамтран Монгол улсад ардчиллыг улам боловсронгуй болгож хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүднээс жил бүр “Ардчиллын бага хурал”-ыг тухайн жилийн онцлог асуудлаар тогтмол зохион байгуулж байхаар тохиролцсон аж. Ийнхүү Эрдэмтэн судлаачдын дунд “Монгол улс сонгуулийн жилд” сэдэвт хурлын үйл явцад залуучуудын улс төрийн болон сонгуулийн оролцооны олон талт асуудлаар өргөн хүрээтэй хэлэлцүүлэг өрнөсөн юм.

Х.Баяраа

Anews.mn

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу