Гоо үзэсгэлэнд бохирдсон орон

ВВС-гийн сурвалжлагч Стивен Эванс 2014 онд Өмнөд Солонгосын Сөүл хотод очиж доорх сурвалжлагыг хийжээ.

Метро, гудамжны аль алинд “сайхан царайгаар амьдралаа дээшлүүлэхийг уриалсан” зурагт хуудсууд таарна. Үйлчилгээний төрөл олон янз. 

Хамгийн түгээмэл нь “нүүр хэлбэржүүлэх”, “хөх засах”, "блефаропластик" /зовхины хэлбэр засах/, "абдоминопластик" /илүү гуалиг болгох/. Эрэгтэйчүүдэд дөрвөлжин эрүүгээ багасгах, эмэгтэйчүүдэд унжсан хацраа татуулахыг санал болгоно.

Миний нэгэн танил эмэгтэй бороо орох болгонд эрүү нь хүчтэй өвддөг тухай ярив. Тэр өмнө нь хамрынхаа хэлбэрийг засуулахын тулд гоо сайхны мэс засалчид ханджээ. 

 

Гэхдээ амьдралын бүх асуудал буруу хэлбэртэй эрүүнээс болж байна гэж тэр эмч нь хэлсэн юм уу, эсвэл тэр өөрөө тэгж итгэсэн юм уу бүү мэд, гэнэтхэн эрүүгээ засуулахаар шийдсэн байна. 

Үр дүнд нь яав? Сайхан эрүү нь байнга өвдөж зовоох болов. Хачирхалтай нь энэ эмэгтэй хашрах нь байтугай, удахгүй хөхөө томруулах төлөвлөгөөтэй байна.

Илүү дур булаам, хурц нүдтэй болдог гэнэ. Харамсалтай нь тэр нүд солонгос хүний унаган төрхөд зохицохгүй, цаанаа л нэг хиймэл гэдэг нь харагддаг. Яах гэж ийм хагалгаа хийлгэдэг нь үнэхээр ойлгомжгүй. Уг нь солонгос бүсгүйчүүд байгалиас заяасан сайхан нүдтэй.

Гэвч рекламны агентлагуудад байгалиас заяасан нүд падлийгүй. “Гадаад төрхөндөө итгэлтэй байх нь эерэг энерги, аз жаргалын үндсийг авчирна” гэсэн үг бол гоо сайхны мэс засалчдын гол уриа. Тэднийхээр бол хайгаад олддоггүй тэр аз жаргал гэгч нь мэс заслын хутган дороос олдох аж.

Үл үзэгдэх мэс засалчид

 

Харамсалтай нь аз жаргал олдох нь юу л бол. Өөрийн гадаад төрхөнд засвар хийх хандлага газар авснаар үйлчлүүлэгчид, оноож хэлбэл хохирогчид нь эмч нарынхаа эсрэг зарга үүсгэсэн хэргийн тоо шүүх дээр овоороход хүргэсэн байна. 

“Гоо үзэсгэлэнгийн золиос” болсон нэг эмэгтэй мэс заслын дараа нүүрээ толинд хараад хүний биш, харь гаригийн амьтны гэж хэлмээр нүүртэй болсноо мэджээ.

Асуудлын гол нь гоо сайхны хагалгаа бол маш их ашигтай байдаг. Энэ төрлийн мэс засалчдын тоо улам ихэссээр байна. Тэр байтугай хүний гадаад төрхийг яаж засах талаар ямар ч төсөөлөлгүй, ходоодны шарх, эсвэл уушигны өвчин эмчилдэг эмч нар хүний нүүрэнд мэс хүргэж ашиг олдог болсон байна.

Түүгээр барахгүй Сөүлд “үл үзэгдэх мэс засалчид”-ын тухай цуурхал байнга дэгддэг. Нэг удаа шүүх дээр эмч унтуулах тариа хийгээд гарсны дараа хөндлөнгийн этгээд мэс заслын хутга авч хагалгаа хийсэн хэргийг хэлэлцжээ. Гэхдээ шүүгчдийн зовлон үүгээр дуусахгүй. Рекламын материалд байдаг хагалгаанаас өмнөх болон дараах зургуудыг фотошоп хэмээх “хөндлөнгийн этгээд” хийдэг болсноор баримт, нотолгоо гаргахад улам төвөгтэй болсон байна.

Гэвч энэ зах зээлд өрсөлдөөн хүчтэй. Хамгийн доод үнэ санал болгосон ч энэ төрлийн бизнес эрхлэвэл баяжих нь гарцаагүй. Дээр дурьдсан Каннамгу дүүргийн нэгэн эмнэлэг 1,7 сая вонноор (3,4 сая төгрөг) нүдийг чинь засаад өгье гэж байна. Энэ бол ойролцоогоор 30 минутын энгийн хагалгаа юм. Зарим эмнэлэгт нүүрний арьсыг 11 мянган ам.доллароор татах жишээтэй.

Солонгосын хэрэглэгчдийн эрэлтийг судалдаг агентлаг (КСА) 1000 хүний дунд санал асуулга явуулжээ. Тэдний 70 хувь нь гадаад төрхөө сайжруулахаар гоо сайхны мэс засал хийлгэжээ. 14,5 хувь нь гоо сайхны мэс засал албан тушаал дэвших, өндөр цалинтай ажилд ороход тусалсан гэжээ. Хамгийн түгээмэл мэс ажилбар бол “нүдний давхар хагалгаа”. Энэ төрлийн хагалгааг санал асуулгад оролцогчдын 67,8 хувь нь хийлгэсэн байна. 32,3 хувь нь хагалгааны үр дүнд сэтгэл хангалуун бус үлджээ.

Эх сурвалж: Wall Street Journal, Korea Times

Хөөрхөн болох аялал

Гоо сайхны мэс засалд орчуулагчид зайлшгүй хэрэг болдог. Өмнөд Солонгостой зэрэгцээд гоо сайхны талаар төстэй хандлага бүхий Хятад хэмээх маш том зах зээл оршиж байна. 

Хятадын "Чуньан Ильбо" хэмээх нэр хүндтэй сонинд бичсэнээр Өмнөд Солонгост  “хөөрхөн болох” гэж ирэгчдийн гуравны хоёр нь Хятадын иргэд байдаг аж. 2013 онд л гэхэд 16 мянга гаруй хүн Хятадаас иржээ.

Солонгосын хэвлэлүүдэд бичиж буйгаар хэтэрхий амжилттай гэмээр гоо сайхны мэсэл засал хийлгэсэн зарим хятад бүсгүйчүүд буцаад хилээр гарах гэтэл хилийн шалган нэвтрүүлэхийн ажилтнууд паспортан дээрх хүн биш байна гээд буцаасан тохиолдол ч гарч байжээ.

 

Миссийн тэмцээнд түрүүлж байсан нэг бүсгүй хөхөндөө силокон шахуулахаар шийджээ. Хагалгаа амжилтгүй болов. Хөх нь удаан хугацаанд хавдаж, халдвар авч, тэрийгээ эмчилсээр байтал экс-мисс жижиг, том хөхтэй болчихжээ.

Тэрээр эмч нарыг буруутгаж байна. Гэхдээ хагалгаа хийлгэсэн эмч нарын нэг нь ч “чамд хагалгаа хийх ямар ч шаардлагагүй” гэж хэлээгүй байна. 

Тэр нэг ярилцлагадаа “гоо сайхны мэс засал бол хар тамхи. Нүдээ засуулсан хүн дараа нь хамраа засуулахыг хүснэ” гэж ярьжээ. “Та хагалгаа хийлгээд хэрэггүй. Та угаасаа хөөрхөн” гэж хэлэх хүнлэг эмч тун цөөн.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу