Дуулиант хэргүүд юу болов?

Улсын ерөнхий прокурор /УЕПГ/-ын газраас эхний хагас жилд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан болон 2016 оны УИХ, Орон нутгийн сонгуулийн үеэр гарсан гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийн шийдвэрлэлтийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр олны анхаарлыг татсан улс төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой зарим хэргийн талаар товч тайлбар хийсэн юм.

А.ГАНСҮХИЙГ СЭЖИГТНЭЭР ТАТАЖ ХИЛИЙН ХОРИГ ТАВЬЖЭЭ

Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газар, Авилгатай тэмцэх газраас хамтарсан ажлын хэсэг гарч, Гашуун сухайт-Ухаа худаг чиглэлийн 267 километр төмөр замтай холбоотой хэргийг шалгаж байгаа билээ. Одоогоор мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаагүй, үргэлжилж буйг нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Бясман мэдэгдлээ. Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлд Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах гэж зааснаар УИХ-ын гишүүн Х.Баттулга, УИХ-ын даргын зөвлөх асан А.Гансүх нарыг сэжигтнээр татаж, мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлэн явагдаж байна. Мөн А.Гансүх, Х.Баттулга нарт хилийн хориг тавьжээ. Үүнтэй холбоотойгоор А.Гансүх эх орондоо, УИХ-ын гишүүн асан Х.Баттулгыг Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчийн хувиар олимпод оролцох бололцоо, нөхцөлийг нь хангаж хилийн хоригийг нийслэлийн Прокурорын газраас түр цуцалжээ.


Г.БЯСМАН НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН ХЯНАЛТЫН ПРОКУРОР МАН-ЫН 60 ТЭРБУМТАЙ ХОЛБООТОЙ ХЭРЭГТ ЭРҮҮ ҮҮСГЭХЭЭС ТАТГАЛЗЖЭЭ

МАН-ын удирдлагуудтай холбогдох 60 тэрбум төгрөгийн тухай бичлэгийг АН-аас хуулийн байгууллагуудаар шалгуулах хүсэлтийг сонгуулийн үеэр Улсын ерөнхий прокурорын газарт хүлээлгэн өгсөн билээ. АН-ын удирдлагуудын дээрх хүсэлтийн дагуу Авилгатай тэмцэх газар МАН-ын дарга М.Энхболд, нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, зөвлөх А.Ганбаатар нарын хооронд ярьсан төрийн албыг худалдаж ашиг болгон үнэлэх, зөвхөн нийслэлд 60 тэрбум төгрөг босгох тухай утасны яриа, бичлэгийг шалгахаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд ханджээ. Ингээд шүүхийн шинжээчид бичлэгийг хянан, шинжлэх явцад дээр дурдагдсан албан тушаалтнуудын яриа биш, эвлүүлэг болохыг тогтоосон байна. Иймээс АТГ шинжээчдийн дүгнэлтэд үндэслэн МАН-ын удирдлагуудтай холбогдох 60 тэрбум төгрөгийн тухай бичлэгт эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзжээ.


Э.АМАРБАТ УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ТУСЛАХ, ХЭЛТСИЙН ДАРГА Б.БУЛГАНААС ГАДНА НЭГ БУС ХҮНИЙГ ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ

Улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулан түүний эхнэр Б.Булганыг цагдан хорьж шалгаж эхэлснээс хойш есөн сар гаруйн хугацаа өнгөрлөө. Б.Булганд холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилсэн хэвээр буйг өнөөдөр Улсын ерөнхий прокурорын туслах, хэлтсийн дарга Э.Амарбат мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлснээр түүнийг Төв аймгийн цагдан хорих төвд ганцаарчлан хорьж буй юм. Прокурорын байгууллагаас хийсэн тайлбараар С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт Б.Булганаас гадна нэг бус хүнийг сэжигтнээр татаж, саатуулан байцааж эхэлжээ. Гэхдээ дээрх хэрэг нь нууцын зэрэгтэй учраас үүнээс илүү мэдээлэл өгөхгүй гэдгийг Э.Амарбат дарга учирласан юм. Өөр нэг эх сурвалж Б.Булганы өмгөөллийн үйл ажиллагаа хэвийн явагдаж буйг дурдаад, тагнуулын ажилтнууд түүнийг байцааж эхэлснийг онцолсон.


Н.ЭНХБАЯРЫГ ХЭЭЛ ХАХУУЛИЙН ХЭРЭГТ ЯЛЛАГДАГЧААР ТАТЖЭЭ

Харин Н.Энхбаярыг Худалдан авах гэрээгээр халхавчилж бусдын обьектийг үнийн зарим хэсгийг төлөөгүй залилан мэхэлсэн, бусдыг хээл, хахууль авахад хамтран оролцож өдөөн түлхсэн, гүйцэтгэх ажлын хууль тогтоомжийг зөрчсөн зэрэг хэргүүдэд яллагдагчаар татан шалгаж буйг нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Бясман өнөөдөр мэдэгдлээ. Тэрбээр “Ерөнхийдөө мөрдөн байцаах ажиллагаа дуусах шатандаа явж байгаа. Хуулийн байгууллагаас Н.Энхбаярыг долоон удаа дуудсан ч өмгөөлөгч байхгүй гэх шалтгаанаар ирээгүй. Ер нь бол өмгөөлөгчтэй ч үгүй ч заавал ирэх үүрэгтэй. Харин ирсэн хойно байцаалт өгөхгүй байх нь тухайн хүний эрхийн асуудал. Цаашид мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулахгүй байх нь зүйтэй” гэсэн юм.


Г.БЯСМАН НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН ХЯНАЛТЫН ПРОКУРОР БНХАУ-Д ЯЛ ЭДЭЛЖ БАЙСАН МОНГОЛ ИРГЭНИЙГ ШИЛЖҮҮЛЭН АВЧЭЭ

Монгол Улс есөн улстай хийсэн ялтан шилжүүлж авах гэрээнийхээ хүрээнд энэ оны эхний долоон сарын байдлаар БНХАУ-д ял эдэлж байсан нэг ялтанг шилжүүлэн авч, таван ялтны хүсэлтийг хянаж дөрвөн хүсэлтийн шаардлагатай материалыг бүрдүүлэн холбогдох байгууллагад уламжилсан тухайгаа Улсын ерөнхий прокурорын газраас мэдээллээ. Монгол Улсад хорих ял эдэлж буй гадаад улсын иргэдээс 2016 онд гурван иргэн эх орондоо ялаа шилжих хүсэлт гаргаснаас Бангладеш Улсын нэг иргэн, БНХАУ-ын хоёр иргэн байна.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих