О.Баасанхүү “том байна аа”

УИХ-д МАН үнэмлэхүй олонх болж, АН арай л гэж бүлэг байгуулсан. Харин энэ хоёр хүчнээс гадна бие даагч С.Жавхлан, МАХН-ын гишүүн О.Баасанхүү нар УИХ-д суудалтай гэдгийг бид мартчихаад байна. 2016 оны УИХ-ын сонгуулиар намдаа ганц суудал авч чадсан хүн бол О.Баасанхүү. Түүнд Орхон аймгийн иргэд итгэл хүлээлгэж, сонголтоо хийсэн билээ. Ингэснээр О.Баасанхүү гишүүн болоод зогсохгүй намын дарга Н.Энхбаярт ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхийг олж өгсөн гэж тайлбарладаг.

 Н.Энхбаярын хувьд шалгагдаж буй хэргүүдээсээ асуудалгүй салчихвал ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нь мэдээж. Гэвч О.Баасанхүү намаасаа гарчихвал хэрэг бишдэх нь тэр. Ер нь О.Баасанхүүг урвуулах хүсэл МАН, АН алинд нь ч бий. Гэхдээ АН-аасаа илүү МАН-д чухал. Тиймээс ч зүгээр суусангүй түүнд сайдын суудал амалсан тухай ч яриа хэвлэлээр цацагдаж байлаа. Эрхэм гишүүн ч өөрөө үүнийг баталж "Надад сайдын суудал амласан нам бий” хэмээн тайлбар өгч байж.

Тэгвэл нэгэнтээ намдаа суудал авч ирсэн энэ хүн хүндлэл хүлээх л ёстой. Тэр ч утгаараа намынхаа хурал чуулган дээр их "том” байдаг бололтой юм. Бүр сүүлдээ намын дарга болон намын гүйцэтгэх товчоог бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардаж, том том дугарч явдаг болсон гэнэ. Хэрвээ "no” гэсэн хариулт өгвөл намаасаа гарч өөр намд элсэнэ гэж таахалзаж суудаг болсон байна. Түүнд МАХН-ыг орхих шалтгаан боломжууд маш их байсан. Гэвч тэрээр намаа сонгосоор л байлаа. Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг унагах бүрэн эрх зөвхөн О.Баасанхүүд байсан гээд л бодоод үз. Гэхдээ мань хүн тийм шийдвэр гаргаагүй. Гаргаагүйгээсээ болоод "тэнэг” гэж дуудуулсан үе ч бий. Харин дэмжлэг тусламж бага атлаа намдаа ганцхан суудал авч чадсан түүнийг одоо ад үзэж байсан хүмүүс нь бүгд түшч эхэлсэн байна. Намын дарга нь ч хүртэл "манай О.Баасанхүү” гээд л яриад явдаг болсон байх юм.

Ийм байхад О.Баасанхүү том байхгүй яахав дээ. Нэгэн цагт оймсонд хавчуулагдаж гишүүн болсон гээд л яригдаж явсан хүн өнөөдөр намынхаа ганц аврал нь болчихсон явааг харахад алга ташиж баяр хүргэхгүй гээд яах билээ. Гэхдээ хамаагүй том алхаж байж бүдэрч унав аа. Улс төрийн луйгарууд хүнийг түлхэж унагачихаад дээгүүр нь хэнэг ч үгүй алхаад явах чадалтай улс шүү.

 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу