Эдийн засгийн хямралаас яаж гарах вэ?

Засгийн газар эдийн засгийн хямралаас гаргах бодлого зарласан. Тэдний хувьд цалинг бууруулах, хүүхдийн мөнгийг танах замаар төсөвт тодотгол хийхээр болоод байна. Засгийн газраас эдийн засгийн хямралын эсрэг авч байгаа арга хэмжээг улстөрчид хэрхэн дэмжиж, ямар байр суурь илэрхийлж байгааг тоймлон хүргэе.


Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Манай Засгийн газар давхардсан олон төслүүдийг хумьж, салбар болгонд улс орны хэрэгцээ шаардлагыг хангахуйц, ард иргэдэд хэрэгцээтэй 1-2 төслийг барьж ажиллана. Үүнийгээ хэрэгжүүлсний дараа өөр шинэ төсөлд орох ёстой гэж үзэж байгаа. Манай улсын хувьд бэлэн болсон ТЭЗҮ-тэй бүтээн байгуулалтын ажил нэг ч алга байна. Жишээ нь, Монгол Улс төмөр замын бодлогоо тодорхойлсон ч төмөр замаа барья гээд явчих төсөл алга. Тэгэхээр цаашид тодорхой хэмжээний эх үүсвэр олж, эхний ээлжинд хийх ажлаа тодорхойлон түүндээ ТЭЗҮ боловсруулах ажлыг Засгийн газар хийнэ. Эдийн засгийн нөхцөл байдал нэлээн хүндхэн байгааг хүн бүр мэдэж байгаа. Бид худлаа хэлээд хэрэггүй, өөрсдийгөө хуураад явах шаардлагагүй гэж бодсон. Хэзээ ч бид гадны хөрөнгө оруулагчдыг хуурч чадахгүй. Үнэн бодит байдлаа мэдээлж байж эх үүсвэр босгож авдаг. Аливаа тоон мэдээллийг засаж залруулснаар эдийн засагт учрах хохирол нь маш их. Тийм учраас бид эхний ээлжид тоон мэдээллээ үнэн зөв, бодитоор гаргаж тавьсан. Цаашдаа үүндээ үндэслээд эдийн засгаа эрүүлжүүлэх эмчилгээ хийнэ.


УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд олонх болсон Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрийн 1.4.7-т заасан “Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг үе шаттай нэмэгдүүлэн, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар өрхийн дундаж орлогыг өсгөх бодлого баримтална” гэсэн заалтыг зөрчиж байгаа тул ард түмэнд амласан мөрийн хөтөлбөрөө биелүүлэх ёстой гэж үзэж байна. Өнөөдөр Монгол Улсад 180,000 гаруй төрийн албан хаагчид, тэдний ард тэдгээрийн гэр бүл, үр хүүхэд амьдарч байна. Ерөнхий сайд тэвчиж болохгүй төрийн албан хаагчдын цалинг бууруулахын оронд тэвчиж болох дэд сайдуудын зардал, том жийп машин, Ерөнхий сайдын өрөөний засвар зэрэг зардлуудаас эхэлж танах нь зөв.


Эдийн засагч М.Энхсайхан: Засгийн газар анхнаасаа ОТ, ТТ зэрэг мегатөслүүдийг эргэлтэнд оруулж эдийн засаг тэлснээр урд өмнө авсан зээл, бонд, өр төлбөрөө төлөх чадвараа алдахгүй гэж тооцоолж байсан билээ. Гэвч сүүлийн үеийн улс төрийн өрнөлийг ажвал Мегатөслүүдийг хэрэгжүүлэхэд асар их цаг хугацаа алдах төлөвтэй байна. Энэ нь манай эдийн засгийн төлөв байдлын ирээдүйг шинээр харах шаардлагатайг харуулж байна. Чингис болон самурай бонд Монголын эдийн засагт өр болж үлдэхээр байгаа. Түүнээс дутахгүйгээр Хятадын юаны өрөнд Монгол Улс унаж байна. Валютын нөөц барагдсантай холбоотойгоор эдийн засагт эргэлдэх төгрөгийн хэмжээ М2 үзүүлэлт буурсаар хасах үзүүлэлт рүү оржээ. Энэ бол эдийн засгийн цусны эргэлт зогсож, банкууд зээл олгож чадахгүй байдал хүргэсэн байна. Энэ нь төгрөгийн ханш огцом унах нөхцлийг бүрдүүлнэ.


Эдийн засагч Ч.Хашчулуун: Төсвийн алдагдал ихссэн нь энэ оны төсвийг их өөдрөгөөр эдийн засгийн өсөлт өндөр байна гэж төсөвлөсөн байх талтай үүнийг тодотгол хийх замаар засах ёстой. Малын хөлийн татварыг 2008 он хүртэл авч байсан дэлхийн хямралд орсон учир түр зогсоосон. Одоо бид авахад болохгүй юм байхгүй. Монголд малын хэмжээ бараг 70 сая хүрсэн гэж ярьж байгаа. Мал тийм ихтэй юм бол тодорхой хэмжээний орлогыг улсын төсөвт биш юмаа гэхэд тухайн сум, аймгийн төсөвт оруулах бололцоотой.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу