Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ажлаа өг гэж шаарджээ

Өнөөдрийн хуралдаанаар хэд хэдэн чухал асуудал хэлэлцсэн бөгөөд үүнээс олон нийтийн анхаарлыг хамгийн их татаж байсан ЦЕГ-ын дарга Р.Чингисийг огцруулах эсэх асуудал байлаа. Гэвч Хууль зүйн сайд Д.Дорлигжавын Ерөнхий сайдад өргөн мэдүүлсэн уг асуудлыг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцээгүй байна. Учир нь Хууль зүйн сайд Д.Дорлигжав нь Р.Чингисийг огцруулах хүсэлтээ ерөнхий сайдад өргөн бариагүй байжээ.

Тиймээс өнөөдрийн Засгийн газрын хуралдааны хэлэлцэх асуудлын дараалалд багтаагүй байсан ажээ. Гэвч Хууль зүйн сайд уг асуудлыг хэлэлцэх асуудлын дараалалд багтааж хэлэлцүүлэх гэж нэлээдгүй маргаан үүсгэсэн гэнэ. Харин Ерөнхий сайд танхимын зарчмаар ажиллах ёстой гэж Хууль зүйн сайдад дээрх асуудлыг хэлэлцэхээс татгалзжээ. Мөн эх сурвалжуудын мэдээлж буйгаар Ч.Сайханбилэг Хууль зүйн сайд Д.Дорлигжавд хандаж "Танхимын зарчмаар ажиллаж чадахгүй бол ажлаа өг" гэсэн гэнэ. Хариуд нь Д.Дорлигжав сайд хурлаа орхиж гарчээ. Үүнээс болж Хууль зүйн сайдын оруулж хэлэлцүүлэх ёстой байсан бүх асуудлуудыг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж чадаагүй байна.

anews.mn

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу