Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлье

Тарваган тахал нь Yersinia pestis савханцараар үүсгэгддэг, мэрэгч амьтдаас хүнд халдварладаг байгалийн голомтот хурц халдварт өвчин юм. Тарваганы бөөс, бүүрэг тахлын нянг нэг мэрэгчээс нөгөөд, мөн хүнд дамжуулдаг онцлогтой тул байгальд “Амьтан-Бүүрэг-Амьтан” гэсэн хэлхээгээр тарваган тахлын байгалийн голомт оршин байдаг байна. 7-9-р сард тарваганы тарга тэвээрэг, арьс үс гүйцэхийн зэрэгцээ бөөс, бүүргээр өвчин дамжих оргил үе нь болдог тул өвчтэй, халдвартай тарвага, бусад мэрэгч амьтад болон тарваган тахлын нянг агуулсан бөөс, бүүрэг олширч, байгалийн голомтоос халдвар тархах аюул, эрсдэл эрс нэмэгддэг аж. Зун, намрын улиралд хууль зөрчиж, тарвага агнах, ялангуяа нохойгоор, хавх, урихаар агнах, мах, түүхий эдийг зарж борлуулах, боловсруулалгүй хэрэглэх зэрэг сөрөг үйлдлүүд давтагдсаар байна.

Халдвар хэрхэн дамжих вэ?

  •     Шууд хавьтлын замаар: Өвчилсөн амьтныг агнах, өвчих, арьс, маханд хүрэлцэхэд явцад мөн өвчтнийг асрах, сувилах, халдварлагдсан эд зүйлстэй хамгаалах өмсгөлгүй харьцах
  •     Хоол боловсруулах замаар: Өвчилсөн тарваганы  түүхий эд /мах, цөс, хүн мах, арьс гм/  болон дутуу боловсруулсан бүтээгдэхүүнийг хүнсэнд хэрэглэх
  •     Агаар дуслын замаар: Нүх, ичээ ухах үед болон уушгины хэлбэрийн тахлаар, өвчилсөн хүнээс
  •     Дам халдварын замаар: Мэрэгч амьтдын бөөс бүүрэгт хазуулах тохиолдолд халдвар дамжина.

Илрэх шинж тэмдэг:
Халдвар авснаас хойш шинж тэмдэг илрэх хугацаа нь хэдэн цагаас 6 хоног, дунджаар 2-3 хоног байдаг бөгөөд дараах шинж тэмдэг илэрдэг байна.

  •     Гэнэт өндөр халуурах, толгой хүчтэй өвдөх, эргэх, дотор муухайрах, бөөлжих, тайван бус болж, нойргүйтэх гэх мэт ерөнхий хордлогын шинжүүд
  •     Арьс салстаар халдвар авсан үед нян орсон хэсэгт улайж толбо гүвдрүү үүсэн, цусархаг шүүдэс бүхий цэврүү болох мөн булчирхай томорч хүчтэй эмзэглэх, өвдөх,
  •     Амьсгалын замаар халдвар авсан тохиолдолд гэнэт өндөр халуурч цээжээр өвдөх, амьсгаадах, цэртэй ханиалгах, цэр нь эхэн үедээ хөөсөрхөг, цусны судалтай гарч дараа нь цэвэр цусаар ханиалгах,
  •     Хоол боловсруулах замаар халдвар авсан үед хэвлий хэсгээр хүчтэй өвдөлт өгч бөөлжих, суулгах, заримдаа цусаар  бөөлжих, суулгах шинжүүд илэрнэ.


Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

  •     Сэжиг бүхий үхсэн мэрэгч амьтдын сэг зэмтэй тааралдвал мэргэжлийн байгууллагад мэдээлэх,
  •     Халдвар авсан байж болзошгүй сэжигтэй хүн болон түүний эд материалтай холилдсон хүнийг тусгаарлах,
  •     Сэжиг бүхий эд материал, өвчтөний хэрэглэж байсан зүйлсд онош тодрохоос нааш хүрэлцэхгүй байх,
  •     Тарвага агнах өвчих, мах, түүхий эдтэй харьцахыг цээрлэх,

Тарваган тахал өвчний эсрэг вакцинд хамрагдах /Ялангуяа Байгалийн голомтот халдварт өвчнийг судлах байгууллагад ажиллагсад, Тарваган тахлын байгалийн идэвхтэй голомтот нутгийн эрүүл мэндийн байгууллагын ажилчид, Тарваган тахлын байгалийн идэвхтэй голомтот нутагт амьдардаг иргэд, ялангуяа анчин, тууварчин, жолооч хүмүүс  сэргийлэх  вакцинд хамрагдах шаардлагатай юм.
   
Өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлгийн байгууллагад яаралтай хандах, мэдэгдэх /Гэхдээ халдвар авсан байж болзошгүй өвчтөнтэй ойр байсан хүнээр хэл хүргүүлэхээс татгалзах, учир нь халдвар тархаж болзошгүй гэдгийг анхаарах нь зүйтэй юм/

Өвчний шинж тэмдэг, сэжиг илэрсэн, халдвар авсан байж болзошгүй тохиолдолд өөрсдөө эмчлэх оролдлого хийх, эмнэлэгт хожуу хандах, халдвар авсан шалтгаанаа нуух, зэрэг сөрөг хандлагаас өвчний явц, тавилан хүндэрч, зөв оношлох, эмчлэхэд сөргөөр нөлөөлөхөөс гадна богино хугацаанд олон хүнийг эрсдэлд оруулах АЮУЛТАЙ  үйлдэл юм.

Иймээс халдвар авах, өвчлөхөд хүргэдэг эрсдэлтэй үйлдлүүдээс татгалзах, өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмчид яаралтай хандах, 18 хүртэлх насны хүүхдүүд тарваган тахал өвчинд өртөх өндөр эрсдэлтэй тул эцэг эхчүүд хараа хяналтаа сайжруулж, үхсэн мэрэгч амьтдын сэг зэм байвал мэргэжлийн байгууллагад мэдэгдэх, халдвар авсан байж болзошгүй хүнийг тусгаарлах, хэрэглэж байсан зүйлд нь онош тодрохоос нааш хүрэхгүй байх, тарваган тахлын эсрэг вакцинд хамрагдах зэргээр өөрсдийнхөө амь нас, эрүүл мэндээ хамгаалахыг НМХГ-аас зөвлөж байна.
Эх сурвалж www.wikimon.mn - See more at: http://www.wikimon.mn/content/70071.shtml#sthash.ivuyQhYi.dpuf

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу