Ерөнхий сайд Оюутолгой, Тавантолгой, Энержи ресурс компанийн ажилтай танилцлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ амралтын өдрүүдэд  Өмнөговь аймагт ажиллаж,  уул уурхай, дэд бүтцийн томоохон төслүүдийн ажилтай танилцлаа.

 
Тэрээр Оюутолгойн баяжуулах үйлдвэрийн ажил, далд уурхайн бүтээн байгуулалт, Цагаан суваргын орд, Гашуунсухайтын боомт, “Тавантолгой” ХХК, “Энержи ресурс” компанийн ажилтай газар дээр нь танилцсан.

Мөн УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, УИХ-ын гишүүн Н.Энхболд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, Эрчим хүчний сайд П.Ганхүү, Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат нар уул уурхайн үйл явцтай танилцлаа. 

“Монгол Улсын цаашдын хөгжил, эдийн засгийн өнөөгийн хүндрэлийг  давах гол гарцын нэг нь том төслүүдээ эхлүүлэх, эрчимжүүлэх явдал. Гэхдээ уул уурхайн баялаг дээр түшиглэсэн  бүх төсөл хөтөлбөрүүд бизнесийн зарчмаар, харилцан ашигтай байхаас гадна Монгол Улс, Монголын ард түмний эрх ашигт нийцэж байх ёстой” гэдгийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат онцоллоо.

Түүнчилэн уул уурхай, эрчим хүч зэрэг дэд бүтцийн чиглэлийн төслүүдийг аль болох богино хугацаанд эхлүүлэх, эхэлснийх нь ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй, сул зогсож цаасан дээр маргаж цаг алдах нь Монгол Улс, хөрөнгө оруулагч ч талдаа ашиггүй учраас энэ чиглэлээр холбогдох яамдыг эрчтэй, санаачилгатай ажиллахыг анхаарууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

 

Эх сур:ikon.mn

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу