Huawei хоёр жилийн дотор Apple-ийг гүйцнэ

Хятадын Huawei Technologies компани хоёр жилийн дотор ухаалаг гар утасны дэлхийн хоёр дахь том үйлдвэрлэгч болох зорилготой гэж тус компанийн хэрэглэгчийн бизнесийн салбарын гүйцэтгэх захирал Ричард Юү өчигдөр хэвлэлд мэдэгджээ.

 

Анх харилцаа холбооны тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгч байсан Huawei хэдхэн жилийн дотор дэлхийн ухаалаг гар утасны гурав дахь тоглогч болж Самсунг, Apple хоёрын дараа эрэмбэлэгдсэн юм.

Өчигдөр буюу Пүрэв гарагт Huawei “Mate 9” шинэ гар утсаа Германы Мюнхен хотод танилцуулсан байна. Шинэ утас нь хиймэл оюун ухаан дээр суурилж ажилладаг буюу эзнийхээ дадал зуршлыг таньж зохицуулан ажилладаг онцлогтой гэнэ. Энэ гар утасны үнэ 699 евро бол Porsche Design-тай хамтран гаргасан хувилбар нь 1,395 еврогийн үнэтэй байгаа аж.

Өнгөрсөн гуравдугаар улиралд Huawei 33.6 сая утас зарсан бол Apple 45.5 сая, Самсунг 75.3 саяыг тус тус зарсан байна. Энэ үзүүлэлтээр Huawei 9, Apple 12, Samsung 20.1 хувийн зах зээлийг эзэлцгээжээ.

Юү танилцуулгын үеэр ярихдаа “Бид алхам алхмаар, инноваци инновациар Apple-ийг гүйцэх болно” гэсэн байна.

Mate 9 загвараараа Huawei Европын зах зээлд, тодруулбал Франц, Герман, Их Британид хэрэглэгчээ тэлэх зорилготой гэнэ.

Яг одоо Apple шинэ сонин зүйл гаргахгүй байгаа, Самсунгийн бүтэлгүйтэл зэрэг нь Huawei-д боломж олгож байгааг тэр онцолжээ.

 

Эх сурвалж: China Daily

Эх сурвалж:Ikon.mn

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу