Ж.Эрдэнэбат: Гэр хорооллын иргэдийг тал биш, бүтэн талх авдаг болгохын төлөө ажиллаж байна

-МАН-ынхан түүхэн дэх хамгийн хүнд эдийн засгийг хүлээж авсан гэв-
 
Мэргэжлийн Засгийн газар 100 хоногт хийсэн ажлаа сэтгүүлчдэд тайлагналаа. Хуралд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын гишүүдийн хамт оролцлоо. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Засгийн газрын 100 хоног Чингис хааны мэндэлсэн өдөртэй давхцаж байгаад бэлэгшээж байгаагаа дуулгаад “Монгол Улсын нийт иргэдийн тоо гурван сая 140 мянга 201 болсон байна. Монголын үрс цаашид маш олон болох болтугай. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газраас тодорхой бодлогын ажлуудыг хийж байгаа. 
 
Түүний нэг нь “Цалинтай ээж” хөтөлбөр юм. Манай Засгийн газар түүхэн дэх  хамгийн хүнд эдийн засгийг хүлээж авснаараа онцлогтой. Бид эдийн засгийг маш богино хугацаанд хүндхэн нөхцөл байдлаас гаргах ёстой. Ингэхийн тулд бидний гаргасан шийдвэр, бодлогын хөтөлбөрүүд маш богино хугацаанд боловсруулагдаж, батлагдах ёстой гэсэн зорилтыг тавьж байгаа.
 
Тиймээс 2016 оны Төсвийн тодотголыг өргөн барьж, ээлжит бус чуулганаар хэлэлцүүлсэн. Мөн 2017 оны төсвийг өргөн бариад хэлэлцүүлж байна. Эдийн засгийн хүндрэлээс гарах бодлогын баримт бичгийг үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөрөө хэлэлцүүлж, УИХ-д өргөн барилаа. Засгийн газрынхаа мөрийн хөтөлбөрийг ч мөн маш богино хугацаанд өргөн барьж, хэлэлцүүлсэн. Хурдтай ажиллах нь энэ Засгийн газрын зорилго юм. 
 
Бид өмнө нь үүссэн алдаануудыг засахаар ажиллаж байна. Цаашлаад олон улсын зах зээлд унасан нэр хүндээ сэргээхээр ажиллаж байгаа” гэлээ.
 
Үүний дараа Ерөнхий сайд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.
 
-Засгийн газар Төмөр зам, Тавантолгойгоос хөрөнгө босгох боломж байна уу. Төрийн өмчийн аж ахуй нэгж нэмж байгуулах болов уу?
-Тавантолгой төслийн хувьд өмнө нь  Засгийн газрын зүгээс тендэр, сонгон шалгаруулалт зарлаад, консерциумыг нь шалгаруулаад явсан. Одоогийн Засгийн газрын хувьд хурдтай ажиллах шаардлагатайг ард иргэдийн зүгээс ч тавьж байгаа. Тиймээс өмнөх хэлэлцээр дээр байсан алдаануудыг залруулж, Монгол Улсын эрх ашигт нийцсэн байх зарчмыг барьж ажиллаж байна. Монгол Улсын эрх ашигт нийцсэн зарим заалтыг оруулж, санал болгосон. Нөгөө тал зөвшөөрсөн тохиолдолд гэрээг үргэлжлүүлэн явна, зөвшөөрөөгүй тохиолдолд дараагийн шатны арга хэмжээ рүү орно гэсэн бодолтой байгаа. Төмөр замын эх үүсвэрийг босгох чиглэлээр дэмжлэг үзүүлж, хөнгөлөлттэй зээл олгох бололцоотойгоо илэрхийлсэн банк санхүүгийн байгууллага байгаа, улс орнууд ч байгаа. Тийм учраас үүнд хөнгөлөлттэй зээл авах бололцоо бий.  
 
Төмөр зам гэдэг бол үйл ажиллагаа нь эхэлсэн цагаасаа орлого олох бололцоотой салбар. Орлогоо олоод, зээлээ төлөх бүрэн боломж бий гэж үзэж байгаа. Төмөр зам болон Тавантолгойн ордыг цогцолбороор нь шийдэх хэрэгтэй. Ингэхгүйгээр бид нэг бол төмөр зам эсвэл Тавантолгойн уурхайг ашигтай ажиллуулах байнгын борлуулалттай байх бололцоог нь хаах нөхцөл үүсэх юм. Хөрөнгө оруулагчид тодорхой хэмжээний хөрөнгө оруулж байж оролцоно. Гаргасан хөрөнгөө нөхөж авахын тулд үйл ажиллагаагаа идэвхижүүлнэ. Тиймээс энэ хоёрыг цогцолбор байдлаар явуулах нь зүйтэй. Ирэх жилүүдэд төрийн өмчийн компани байгуулахгүй гэх үндэслэлгүй. Шаардлага үүсвэл байгуулна. Ер нь төр бизнесийн үйл ажиллагаа руу хэтэрхий хутгалдах хэрэггүй.
 
Ингэвэл өөрөө төрийнхөө үндсэн чиг үүргээсээ гажих нөхцөл үүсгэдэг.  Тиймээс миний хувьд цаашдаа төр бизнесийн үйл ажиллагаанд оролцоод байх шаардлагагүй гэж үздэг.
 
-Эрчим хүчний хэрэглээгээ нэмэгдүүлэх чиглэлд ямар арга хэмжээ хэрэгжүүлэх юм бэ?
-Эрчим хүчээ үйлдвэрлэх асуудалд “Шивээ энержи” төсөл явагдаж байгаа. Монгол Улсын хувьд эрчим хүчний салбарт маш олон хэмжээний техник, эдийн засгийн үндэслэлүүдтэй төсөл хөтөлбөр байсан. Манай Ц.Ганхүү сайд ажлаа авсны дараа бүх төсөл хөтөлбөрүүдийн судалгааг гаргаж надад танилцуулсан. Нийтдээ 70 орчим төсөл хөтөлбөр хэрэгжвэл Монгол Улсын хэрэглээг 20 дахин нэмэгдүүлэх юм. Тухайн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулахын тулд олон аж ахуй нэгж, иргэн хөрөнгө мөнгө, цаг хугацаагаа зарцуулсан.
 
Засгийн газрын бодлого тодорхой байх хэрэгтэй. Эхний ээлжинд бид ойрын 10 жилдээ эрчим хүчнийхээ хэрэглээг хангах бололцооны 4-5 үйлдвэрүүдээ байгуулах хэрэгтэй. Ингэвэл бид өөрсдийнхөө эрчим хүчний хэрэглээг 10-15 жилдээ бүрэн хангаад явах боломжтой. Цаашдаа хэрэгцээнээсээ илүү гаргаж эрчим хүч гаргах бол экспортлох ёстой гэсэн чиг барьж байна. Энэ шаардлагын хүрээнд эрчим хүчнийхээ нүүрсийг ашиглаад явна.
 
Мөн эрчим хүчний нүүрсээ өөр зориулалтаар ашиглах саналыг Японы талд тавьсан байгаа. Ингэснээр эрчим хүчний нүүрсээ ашиглаад, хувцанцар үйлдвэрлэх бололцоо нээгдэнэ гэсэн хүлээлт байгаа юм. Дэлхий дээд асар өндөр эрэлттэй байдаг ийм бүтээгдэхүүнийг бидэнд байгаа нөөц, бололцооондоо тулгуурлан үйлдвэрлэх боломж байгаа гэж үзсэн.
 
-Ипотекийн зээл олгогдох эсэх нь тодорхойгүй байна. Энэ талаар мэдээлэл өгөөч. Урд хөршөөс ипотекийн зээлээ санхүүжүүлэх хүсэлт тавьсан гэсэн?
-Найман хувийн зээл үргэлжлэх үү гэдэг асуудал байна. Өмнөх хэрэгжүүлсэн хувилбараараа цаашаа энэ зээл явах бол Монголын эдийн засаг даахааргүй байгаа. Одоо найман хувийн зээл огт зогсчихоогүй байна. Зээлийн сангийн эргэн төлөлтийн орлогоор санхүүжих байдлаар ипотекийн зээл олгогдож байгаа. Тэгэхээр бид барилгын салбараа өнөөдрийн хямрлат байдлаас гаргахын тулд эргэн төлөлтийн сан дээр тодорхой хэмжээний эх үүсвэр нэмж олох шаардлагатай.
 
Энэ эх үүсвэрийн хүү нь дөрвөн хувиас доошгүй байх шаардлага үүснэ. Ингэж байж, сангийн үйл ажиллагаа цааш үргэлжилнэ. Зээлийн эх үүсвэр ганцхан ганцхан урд хөршөөс хамаарахгүй. Энэ асуудалд дээр хэд хэдэн улс орон, банк санхүүгийн байгууллагууд хандсан байгаа. Зээлийн өөрийнх нь эх үүсвэрийг өөрт нь зарцуулах зорилгоор барьцаанд тавьснаар санхүүжилт босгох зэргээр бүхий л бололцоо боломжуудыг хайж байна. Энэ чиглэл дээр ерөнхийдөө нааштай шийдвэрүүд гарч байгаа.
 
Тэгэхээр найман хувийн зээл үргэлжилнэ. Гэхдээ өмнөх хэлбэрээр хэрэгжихгүй. Зээлийн өөр нөхцлөөр хэрэгжих боломж бүрдэнэ гэдгийг албан ёсоор хэлмээр байна. Төрийн өмчит компаниудын өрийн асуудал дангаараа ийм өндөр дүнд хүрчихсэн юм биш. Монголын нийт Үндэсний үйлдвэрлэгч нарын өр төлбрийн асуудал хүнд байдалд орсон. Энэ нь өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдалтай уялдсан үзэгдэл. Цаашдаа төрийн өмчит компаниудын  үр ашигтай ажиллах менежмент, удирдлагын асуудлыг сайжруулах шаардлагатай байгаа. Төрийн өмчит компаниуд алдагадлтай ажиллаад байгаа мөртлөө захирал нь  маш өндөр цалинтай.
 
Бид ажил авсныхаа дараа төрийн өмчит компаниудын үр ашигтай ажиллах чиглэлд судалгаа хийсэн. Судалгаанд үндэслэж, захирлуудынх нь цалинг 30-60 хувиар бууруулчихаад байгаа. Эхний байдлаар зардлын хэмнэлт дээр ийм арга хэмжээ авсан. Ер нь цаашдаа үр ашиггүй үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит компаниудыг хувьчлах бодлогыг хэрэгжүүлнэ.
 
-Засгийн газрын ажлын үр дүн орлогогүй, ажилгүй, ядуу өрхүүхэд хэзээ хүрэх бол оо?
-Би маргааш бүх юм сайхан болно гэж хэлээгүй. Бид зүтгэнэ, хамтдаа хөгжинө гэсэн уриатай МАН сонгуульд орсон. Эдийн засгийн хүндрэл гаранд орсон өргөснийг аваад хаячихаж байгаа шиг гэнэ зүгээр болчихгүй. Би Сангийн сайдаар ажиллаж байхдаа төсвийн хүндрэлээс гарахын тулд хоёр жилийн хугацаа хэрэгтэй гэж хэлж байсан.
 
Өнөөдөр бид төсвийн алдагдлыг шууд байдлаар бууруулах замаар бусдад таалагдах шийдвэр гаргаж болно. Ингэх юм бол эдийн засаг бүр хямарна. Тиймээс хүндрэлээс аажим аажмаар гарах ёстой. Хямралаас гарах хугацааг богино байлгах асуудал дээр Засгийн газар ажиллаж байна. Гэр хорооллын иргэдийг тал биш  бүтэн талх  авдаг болгохын төлөө ажиллаж байна. Манай Засгийн газар хамгийн богино хугацаанд асуудлаа боловсруулж, шийдвэрээ гаргаж байгаа гэж үзэж байна.
 
-Төрийн албанд хийгдсэн томилгоонуудад дарга нарын ах дүү хамаатан садан, үр хүүхэд, эхнэр, нөхөр томилогдсон. Энэ томилгоо цаашдаа үргэлжлэх үү. Төрийн албанаас одоогийн байдлаар хэдэн хүн ажлаасаа халагдаад байгаа вэ?
-Шинэ Засгийн газар томилгооноосоо эхлээд хүлээлт үүсгэсэн гэсэн зүйл асууж байна. Томилогдож байгаа болгон 100 хувь таалагддаггүй. Ямар ч сайн хүн байсан гэсэн ямар нэг хэмжээгээр шүүмжлэл сонсдог. Засгийн газрын хувьд хэрэгжүүлж байгаа ажил түүнээс гарч байгаа үр дүнг л шаардана. Халагдсан хүний тоог нарийн хэлж мэдэхгүй байна. 2012 онд эдийн засгийн өсөлтийг 17 хувьд хүргэлээ гээд тухайн үед ажиллаж байсан 30 мянган албан хаагчийг халсан. Эдийн засгийн хүндрэлийг бий болгоход нөлөөлсөн зарим хүнийг өөрчлөхөөс өөр арга байхгүй. 
 
-Ам.долларын ханш яагаад өсөөд байгаа юм бэ. Цаашдаа ч өсөх хандлагатай байна. Төгрөгийн ханш маш эрчимтэй суларч байгаа?
-“Сайн” нэртэй олон хөтөлбөр хэрэгжсэн. Маш их хэмжээний мөнгийг зах зээл рүү оруулсан. Дээр нь Ирээдүйн тэтгэврийн сангийн тухай хэрэгжүүлэхдээ бас л мөнгө хэвлээд гаргачихсан. Тэгвэл энэ их хэвлэж гаргасан төгрөг чинь өөрөө валютын ханшийг өсгөсөн. Тиймээс энэ бүхнийг зогсоосон. Мөнгө хэвлэхийг зогсоогоогүй бол валютын ханш 2300-гаас өсөх байсан. Монгол банк мөнгөний бодлогын хүүгээ нэмэгдүүлсэн. Тиймээс ч одоо валютын ханшийг арай гайгүй барьж байгаа. Одоо харин буулгах асуудлаа Засгийн газар хийх ёстой. Ингэхийн тулд валютын нөөцийг бүрдүүлэх хэрэгтэй. 
 
Эх сурвалж:www.mminfo.mn
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу