Монгол Улсын гадаад өр I улирлын байдлаар 30.5 тэрбум ам.доллар байна

I улирлын байдлаар Монгол Улсын нийт гадаад өр 30.5 тэрбум ам.доллар байна. Үүнээс 7.2 тэрбум ам.долларыг нь Засгийн газрын өр бүрдүүлж байгаа юм. Өрийн дүн өнгөрсөн оны эцсээс хойш 570 сая ам.доллароор буурчээ.

Өөрөөр хэлбэл Засгийн газрын өр дотоодын нийт бүтээгдэхүүний 54 хувьтай дүйцэж байна. Хэдий тийм боловч 2016 оны төгсгөлтэй харьцуулбал Засгийн газрын өр 46 орчим хувиар өсжээ. Энэ хугацаанд Монгол Улсын нийт гадаад өр 24 орчим хувиар өссөнийг харахад Засгийн газрын өр бусад ангиллын зээлээс илүү эрчимтэй нэмэгдсэн нь харагдаж байна.

Олон Улсын Валютын Сан, Дэлхийн банк зэрэг томоохон санхүүжүүлэгч байгууллагууд цар тахалтай холбоотой хөгжиж буй орнуудын гол эрсдэл нь өрийн дарамт гэж байсан юм.

Монгол Улс ирэх жилүүдэд 2.9 тэрбум ам.долларын бондын өр барагдуулах шаардлагатай. Дахин санхүүжилт татах буюу олон улсын зах зээлд шинээр бонд гаргахаас өөр сонголт хомс гэдгийг эдийн засагчид анхааруулж байна. Гэвч зээлжих зэрэглэлийн асуудал гол сорилт болж байна.

Хамгийн сүүлд “Moody's” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн урт хугацааны төлөвийг “Сөрөг” болгож бууруулаад байгаа юм.

Б.Дашням
Эх сурвалж: Bloombergtv.mn

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу