Л.Эрдэнэчулуун: Зах, худалдааны төв, хүнсний дэлгүүрүүд хэвийн ажиллана

Нийслэлээс нийтийн тээврийн зохицуулалт, шахмал түлшний хэрэглээтэй холбоотой мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо.

Хэвлэлийн хурлын эхэнд хурандаа Г.Нэргүй "Хэвлэл мэдээллийнхэнтэйгээ хамтраад сэрэмжлүүлэг, зөв галлах, урьдчилан сэргийлэх зөвлөгөөг олон удаа өгсний ачаар ахуйн хүрээний гал түймрийн дуудлага багасч байна. Цагаан сарын амралтын өдрүүдэд угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордсон 17 өрхийн 20 хүүхэд, 30 том хүн, нийт 50 иргэн эмнэлгийн байгууллагад хандаж, тусламж үйлчилгээ, зөвлөмж зөвлөгөө авсан.  

Гэхдээ хорио цээрийн дэглэмийг ирэх сарын 30-ныг хүртэл сунгасантай холбоотойгоор бага насны хүүхдийг гэрт нь хараа хяналтгүй орхихгүй байх. Пийшин зуухны галлагаа, цахилгааны аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулаарай хэмээн иргэдээс хүсэж байна" хэмээлээ. 

Тэгвэл НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун "Өчигдөр Нийслэлийн Онцгой комисс хуралдсан. Улмаар Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан байгаа.  Тодруулбал, бүх төрлийн баар, спорт, урлаг соёл, шашны газрууд, цанын бааз, саун, билльяард, фитнесс, бүжиг иогын клубүүд, жуулчны бааз, дэн буудлын үйл ажиллагааг гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл түр зогсоохоор болсон. Энэ шийдвэрийн хүрээнд өчигдөр оройноос эхлээд цагдаа болон мэргэжлийн хяналтын байгууллагууд хамтраад мэдэгдэл хүргэж байгаа. 

Өнөөдрөөс эхлээд бүх газруудын үйл ажиллагаа зогсоно.  Улаанбаатар хотод нийтдээ 945 баар үйл ажиллагаа явуулдаг. Баар нь дотроо таван төрөлтэй. Диско, караоке, тайчих үзүүлбэртэй, спорт баар болон баар паб гэсэн чиглэлээр ажилладаг. Баянгол дүүрэгт 299, Баянзүрх дүүрэгт 222, Сүхбаатар дүүрэгт 146, Сонгинохайрхан дүүрэгт 128, Чингэлтэй дүүрэгт 50, Хан-Уул дүүрэгт 76 баар байгаа.  Хэрвээ эдгээр байрууд ажиллавал Зөрчлийн тухай хуулийн дагуу торгоно. Иргэнийн 1.5, аж ахуйн нэгжийг 15 сая төгрөгөөр торгоно. Хэрвээ зөрчлийг дахин давтвал тусгай зөвшөөрлийг нь цуцална. 

Улаанбаатар хотод 310 дэн буудлын үйл ажиллагааг мөн хориглоно. Түүнээс гадна, 64 жуулчны бааз, 87 саун ажилладаг. Тэр бүгдийг хаана.  Түүнээс гадна, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг 321 сүм, хийдийг хаах шийдвэр гарсан.  Үүнээс 80 нь буддын, христийн 189, бусад шашны 52 сүм хийд байна.  Хэрвээ эдгээр аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулбал иргэдээс мэдээлэл авч, торгоно. Цаашлаад тусгай зөвшөөрлийг нь цуцлах арга хэмжээг авна. Шинэ төрлийн коронавирус дэлхийн 38 оронд тархсан энэ эрсдэлтэй үед хорио цээрийг дагаж мөрдөхийг сануулж байна. 

Хүнсний дэлгүүр, зах, худалдааны төвүүд хаагдахгүй, үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилнэ. Харин нэг удаагийн хамгаалах хэрэгслийг өмсөж, эрсдэлээс өөрсдийгөө хамгаалах хэрэгтэй байна. Цайны газар, ресторан, кафе 22:00 цаг хүртэл ажиллана" хэмээлээ. 

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар "Гадаа дулаарч байгаатай холбоотойгоор иргэд угаарын хийнд хордох тохиолдол нэмэгддэг хэмээн мэргэжлийн хүмүүс анхааруулж байгаа.  Тиймээс угаар мэдрэгчээ унтраахгүй байх. Хэрвээ дуугарсан тохиолдолд цонх, салхивчаа нээж, эрсдэлээс өөрсдийгөө хамгаалаарай гэж хэлье.  Зөвхөн коронавирусээс хамгаална гээд угаарын хийнд хордох аюулаа мартаж болохгүй.  Гуравдугаар сарын 3-ны өдрийг хүртэл Улаанбаатар хот руу иргэдийг оруулахгүй хязгаарлана.  Зарим төрийн албан хаагчид шинийн 4-өөс эхлээд ажилдаа ирчихнэ гээд хөдөө явсан. Гэтэл хориог сунгачихсан. Эргэж орж чадахгүй байна гэсэн гомдол гараад байна. Ямар ч арга байхгүй, гуравдугаар сарын 3-ныг хүртэл оруулахгүй" хэмээлээ.  

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих