Монгол хэл, бичгийн шалгалтад бүдэрвэл их, дээд сургуульд элсэх боломжгүй

Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл явагдаж байна

Жил бүрийн элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл хоёрдугаар сарын 10-нд эхлээд, дөрөвдүгээр сарын 15-нд дуусдаг.  Энэ жил ЭЕШ-ын цахим бүртгэлд ямар нэгэн өөрчлөлт ороогүй.БСШУСЯ-ны харьяа Боловсролын үнэлгээний төвийнхөн энэ тухай албан ёсны мэдээлэл хийж, элсэгчдийн цахим бүртгэл орон даяар эхэлж байгааг дуулгасан.  Мөн энэ өдөр Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл давхар эхэлснийг БҮТ-ийн мэргэжилтнүүд анхааруулж байна. Тодруулбал, их, дээд сургуульд элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг сайжруулах зорилготой “Монгол хэл бичгийн шалгалт”-д заавал хамрагдсан байна хэмээн заасан байдаг. Тиймээс Монгол хэл, бичгийн шалгалтыг элсэгч нэг бүрээс авдаг болсон. Өнгөрсөн жилээс эхлэн энэ шалгалт босго оноотой болон Боловсролын үнэлгээний төвөөс урьдчилан зохион байгуулдаг болсон юм. Энэ жилийн хувьд Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл  гуравдугаар сарын 16-ны 18:00 цаг хүртэл явагдах ажээ.  Өөрөөр хэлбэл, ЭЕШ зургадугаар сард зохион байгуулагдана. Харин Монгол хэл бичгийн шалгалт гуравдугаар сарын 28-нд орон даяар зохион байгуулагдана гэв.

Энд нэг зүйлийг онцлоход  “Өнгөрсөн жил зарим төгсөгч Монгол хэл бичгийн шалгалтыг зургадугаар сард ЭЕШ-тай хамт зохион байгуулагдана гэж ойлгоод шалгалтаас хоцорсон тохиолдол гарсан. Тиймээс Монгол хэл бичгийн шалгалтыг урьдчилан өгнө гэдгийг эцэг эхчүүдэд болон анги удирдсан багш нар, элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хүүхэд бүрт онцгойлон анхааруулж байна.

Мөн энэ шалгалтад орж чадаагүй тохиолдолд  их, дээд сургуульд элсч орох боломжгүй гэдгийг сайн ойлгох хэрэгтэй” хэмээн БҮТ-ийн захирал Ж.Ган-Эрдэнэ онцолсон юм.

Энэ жил 32 мянган шалгуулагч ЭЕШ өгнө

Энэ жил оюутан болж их, дээд сургуульд суралцахаар төлөвлөж буй хүүхдүүдийг уламжлал ёсоор БҮТ-ийн www.eec.mn гэсэн цахим хаягаар бүртгэж байна. Энэ жилийн хувьд элсэгч бүр хамгийн эхний даваа болох Монгол хэл бичгийн шалгалтаа өгч оноогоо авна. Дараа нь ЭЕШ-д оролцохдоо шалгалтын дүн оноогоо шууд газар дээр нь мэдэх боломжтой. Өөрөөр хэлбэл, элсэлтийн шалгалт энэ жил ч мөн адил өнгөрсөн жилийнх шиг зохицуулалтаар явна.

ЭЕШ-д царай таних технологийг туршина

Өндөр хөгжилтэй улс оронд сурагчдын аюулгүй байдлыг хангах үүднээс царай таних технологийг нэвтрүүлсэн байдаг. Тухайлбал, АНУ-ын Нью-Йоркийн Локпорт хотын сургуулиуд хяналтын системээ сайжруулах царай таних шинэ технологийг амжилттай хэрэгжүүлсэн байдаг. Мөн Хятадын зарим сургууль ЭЕШ-д энэ технологийг идэвхтэй ашигладаг гэжээ. Тэгвэл манай улс анх удаа энэ жил ЭЕШ-д царай таних технологийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэ тухай БҮТ-ийн захирал Ж.Ган-Эрдэнэ “Энэ жил бид хэд хэдэн шалгалтын төвд  царай таних технологийг туршиж үзэхээр бэлтгэж байна. Яагаад гэвэл жил бүрийн элсэлтийн шалгалтын үеэр цөөнгүй элсэгчийн гаргадаг алдаа бол өөрийнхөө бичиг баримтыг дутуу бүрдүүлэх, бичиг баримтаа мартаж ирээд шалгалтад орж  чадахгүй байх тохиолдол гардаг.  Мөн зарим хүүхэд ЭЕШ-д өөрийнхөө өмнөөс хүүхэд оруулах гэсэн оролдлого гарч байсан. Тиймээс энэ технологийн ачаар тухайн хүүхэд мөн эсэхийг таних, бичиг баримтаа бүрдүүлж ирэх, цаг алдах асуудлыг хялбар  шийдвэрлэх боломжтой юм. Энэ жил туршилтын журмаар энэ технологийг нэвтрүүлэх учраас  элсэгчид цахим бүртгэлээ хийлгэхдээ шаардлага хангахуйц зураг оруулах хэрэгтэй” гэсэн юм.

Б.Туул

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу