Монгол иргэдийг татан авах үеэр халдварын сэжиг бүхий нэг иргэнийг илрүүлэн тусгаарлав

Гадаад харилцааны яамны хүсэлтийн дагуу Улсын Онцгой комиссын шийдвэрээр Монгол Улсын иргэдийг БНХАУ-ын Эрээн хотоос Дорноговь аймгийн Замын-Үүдийн автозамын шалган нэвтрүүлэх боомтоор энэ сарын 15-ны өдөр гурван автобусаар татан авч, 104 зорчигч, 3 жолооч хилээр нэвтрүүлэв.

Энэ үеэр Мэргэжлийн хяналтын байгууллага чиг үүргийн дагуу хяналт тавин зорчигчдын биеийн дулааныг хэмжин асуумж тандалт хийж, тээврийн хэрэгсэл, ачаа тээшинд ариутгал халдваргүйтгэл хийлээ.

Зорчигчдыг автобуснаас 5, 5-аар нь буулган ариутгал, халдваргүйтгэл хийсэн бөгөөд биеийн дулааныг тус бүр 4 удаа хэмжиж, халдварт өвчний сэжигтэй нэг зорчигчийг илрүүлэн тусгаарлаад байна. Тэрээр БНХАУ-ын Эрээн хотод хувиараа ажил хийдэг, өнгөрсөн сард хилээр нэвтрээд буцаж гарсан, Эрээн хотын худалдааны төвөөс түүхий загас авч идсэн гэх өгүүлэмжтэй байгаа аж. Замын-Үүд сумын Онцгой комиссын шийдвэрээр бусад 103 хүнийг түр хяналтад авчээ.

Эх сурвалж: МХЕГ

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих