Сошиал дуулианаар Засгийн ажлыг явуулагч

“ЗҮГЭЭР Л НИЖИГНЭСЭН АЛГА ТАШИЛТ ”

Нэг залуу гарч ирээд, “Нутаг орноос минь яваад өг” гэж уйллаа. Маргааш нь Ерөнхий сайд “Б.Чойжилсүрэнгийн уурхайг хаа” гэж  үүрэгдлээ. Уурхай хаагдлаа, лацадлаа.  Уурхайн ажилчид ажилгүйчүүдийн эгнээнд шилжив. Тэдэнд тамхи зарж хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлдөг эгчийн амьдрал  бас “будаа”. Гэвч энэ ерөөсөө хамаагүй. Зүгээр л нижигнэсэн алга ташилт.

Нижигнэсэн их алга ташилтын дор тэрээр өчигдөр дахин 19 компанийн 23 тусгай зөвшөөрлийг цуцаллаа. Алга ташилт улам тод нүргэлсээр. ААН-үүд харин шууд лацдуулж, ломбодуудах ажиллагаанд шилжив. Гоё, Ерөнхий сайдын пиар рейтинги одоо тасралтгүй өснө.  2020 оны сонгууль ч хаяанд ирлээ.

Уул уурхай байгальд орчинд халтай юу халтай. Тэдэнд хууль муу үйлчилдэг үү, үйлчилдэг. Тэд юухан хээхнээр нөлөөллийн бүс дэх малчид,  сум багийн  засаг дарга нарыг хуурсаар ирсэн үү, ирсэн. Тэд нэгэн цагт ар өврийн хаалга, танил талаа ашиглан, тусгай лиценз өвөрлөсөн үү. Өвөрлөсөн. Гол утга нь, уул уурхайнхан ч бас болдоггүй улс.

Газар шороо ч үнэтэй. Эх орноо бүрэн бүтэн байлгах учиртай. Гэлээ гээд улсынхаа ахуй амьдрал, авдран дахь зоос мөнгө, алд дэлэм торго дурднаа арвин байлгах үүрэгтэй Ерөнхий сайд нь ААН-үүд рүүгээ дайраад байх ёсгүй. Харин ч ААН-үүдээ хайрлаж, дэмжиж, бодлогоор дэмнэх учиртай.  Тэгж гэмээнэ, бид ажлын байртай, авах татвартай явна.

ОДОО БИЗНЕСҮҮД ЯАНА ГЭЭЧ, ЕРӨНХИЙ САЙДААС УХААНГҮЙ АЙНА

Гол нь, тусгай зөвшөөрөл эзэмшигчид хууль зөрчсөн үү гэдгийг шүүхээр эцэслэн тогтоох учиртай. Дараа нь цуцлахад асуудалгүй. Гэтэл шууд Ерөнхий сайд нь үүрэг өгөөд л, тусгай зөвшөөрөл цуцлагдаж байгаа нь ихээхэн буруу жишиг юм. Одоо бизнесүүд яана гээч, Ерөнхий сайдаас ухаангүй айна.

Айсан улс яах уу. Дагаад л давхичихна. Сөрж үл зогсоно. Нэг талаараа ингээд хэдэн бизнесүүдээ базчихаж байгаа юм. Нөгөө талаас тусгай зөвшөөрлийг ААН-үүдэд хууль зөрчиж олгосон байж болох төрийн албан тушаал эрхэлж байсан, байгаа хүмүүсээ шалгах учиртай. Тэд  бүр ямар ч хариуцлага хүлээхгүй их дүйвээн дунд хоцорч байна.

Гэтэл Ерөнхий сайд маань төрийн албан хаагчдын хариуцлагыг байнга сөхөж ярьдаг. Ачир дээрээ лиценз наймаалцсан байж болох сэдлүүд ингэж л асуудлуудаас  мултарч байна. Сошиал дээр нэг ААН-ийг шүүмжиллээ. Маргааш нь засаг, төрөөс очоод намнаад л байх уу. Тэр шүүмжлэгчид чинь бас шантаажлаад, ААН-үүдээс мөнгө нэхээд сууж байгааг сана.

Сошиал дуулианаар ажлаа явуулдаг Ерөнхий сайдтай л боллоо. Эдийн засаг талаас нь асуудлаа хараасай. ААН хууль зөрчсөн эсэхийг Ерөнхий сайд биш шүүх тогтоодог гэдгийг ойлгоосой. Хүмүүс нь зөвлөөсэй. ААН-үүд нь  бас төрт ёсныхоо хууль дүрмээ дээдлэх учиртайг энэ үйл явц сануулав.

Ж.МЯДАГБАДАМ

ЭХ СУРВАЛЖ:EGUUR.MN

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу