“АПУ” компани Монгол улсын хууль дүрмийг уландаа гишгэлж, үл тоож, басамжилж байна

Архи үйлдвэрлэлээр тэргүүлэгч гэгдэг “АПУ” компани өөрсдийн бүтээгдэхүүн болох архи согтууруулах ундааны сурталчилгаа хийхдээ Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль журмыг дагаж мөрдөхөө байгаад удлаа. Тэд хорт архиа л борлуулж байвал Монгол Улсын хууль дүрэм өчүүхэн ч хамаагүй аж.

Ингэж хэлэхийн учир нь Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1-т бичигдсэн “Согтууруулах ундаа болон согтууруулах ундааны үйлдвэрийн нэр, тэмдэг, зураг ашиглах замаар согтууруулах ундааг хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, кино, интернет, ханын самбар, зурагт хуудас, зар чимэглэл, зорчигчийн тийз болон бусад биет байдлаар гаргах, сурталчлахыг хориглоно” гэх заалтыг “АПУ” компани сүүлийн хэдэн жил олон нийтийн цахим сүлжээнд ноцтойгоор зөрчиж байгаа талаарх гомдлыг иргэд ШӨХТГ-т хүргүүлжээ.

Ер нь энэ удаад ч гэлтгүй АПУ ХК-ийн үйл ажиллагаатай холбоотой  энэ мэт гомдол удаа дараа ШӨХТГ-т ирж байсан гэдгийг албаны эх сурвалж хэлж байна. Тухайлбал, “Мөрөөдлийн театр”-ын “Амьдрал өөрөө бэлэг” шоу тоглолтод “АПУ” компанид үйлдвэрлэсэн архи гарч байгаа нь тус компанийн явуулж буй далд хэлбэрийн сурталчилгаа гэх гомдол 2012 онд тус газарт очиж, иргэний гомдлын мөрөөр холбогдох шалгалтыг явуулж байсан тухай хэвлэлд мэдээлж байжээ.

“АПУ” компани сэтгүүлчдэд үүрэг, чиглэл өгч архи, архидалтыг сурталчилж эхэлжээ

Тэгвэл иргэдийн гаргасан гомдолд сүүлийн жилүүдэд архи үйлдвэрлэгч “АПУ” компани өөрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ажилтнууд, сэтгүүлчдэд үүрэг өгч тэдний цахим хаяг, сүлжээгээр дамжуулж архины сурталчилгаагаа хийдэг заншил тогтсон талаар дурджээ. Тодруулбал, Өнгөрсөн жилийн хувьд “АПУ”-ынхан “Экс” нэрийн архиа цахим сүлжээгээр сурталчилсан бол энэ жил гүйлгээ муутай, иргэдийн тэр бүр хэрэглээд байдаггүй “Чингис” нэрийн архийг сурталчлахаар ажилчид даа үүрэг чиглэл өгчээ. Ингэхдээ зарим нэр бүхий сэтгүүлчдэд хайрцагтай архи өгөх замаар хэрэглээнээс жийгдсэн хэцүү нэртэй архиа магтуулсан, явуургүй сурталчилгаагаа эхлүүлжээ.

Монголчуудын хувьд сүүлийн үед архи гэх хар мөртэй, гашуун ундаанаас дор бүрдээ аль болох татгалзах гэж оролдож байгаа. Төр засгаас ч энэ тал дээр бодлого барьж байгаа. Гэтэл “АПУ” гэх архи үйлдвэрлэдэг, архичин төрүүлдэг, айл гэрт аз жаргал бус аймшигт байдал үүсгэдэг башир аргатай компани Монголын хуулийг уландаа гишгэлж, иргэдийг хар архинд живүүлэх ажиллагаагаа аль хэдийнээ эхлүүлжээ. Ингэхдээ бүр нийгмийн оюун санааны чиглүүлэгч, соён гэгээрүүлэх үүрэг бүхий сэтгүүлчдэд үүрэг команд өгч архи, архидалтыг сурталчилж эхэлжээ.

“АПУ”-ын арга ядсан сурталчилгааны баримтууд:

А.ТАМИР

АРДЧИЛАЛ.МН

 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу