УЛААН ШОРООН ДЭЭР БОСГОСОН УЛААНЦАВ ХОТ

-ТОМИЛОЛТ-

Ердөө арав хүрэхгүй жилийн өмнө улаан шороогоороо эргэсэн, агаарын бохирдол, хог хаягдлаас эхлээд шийдвэрлэх олон асуудалтай нүүр тулж байсан Улаанцав өнөөдөр олон улсын худалдаа, логистикийн төв болохоор эргэлт буцалтгүй урагшилж байна.

Гурав дахь удаагийн “Монгол-Хятадын экспо”-г энэ хот гардан зохион байгуулж, өөрсдийн хийсэн бүтээсэн, цаашид ямар их боломж байгааг “гайхуулаад” авсан юм.

Хаашаа л харна ногоон байгууламж, хамгийн багадаа гурван эгнээгээр нь моддыг өнгө алаглуулан тарьсан энэ хотыг хэдхэн жилийн өмнө улаан шороонд дарагдсан, хуучин байшин, тэндээс гарах утаанд дарлуулж байсан гэхэд итгэхээргүй.

“Хөрсөндөө доороо баялаггүй, хөрсөн дээрээ ургацгүй” хэмээн гоочлуулдаг байсан Улаанцав аймгийг 2003 онд хотын статустай болгожээ. Хотын статустай болсноос хойш сүүлийн арван жилд л уг хотыг үндсээр нь өөрчилж, бүтээн байгуулалтын ажлыг атаархтал хийж чаджээ.

Улаан шорооноос ногоон хотыг, уудам талд шинэ бүтээн байгуулалтыг бий болгосон Улаанцавд анх удаа зочилсон Шадар сайд Ө.Энхтүвшин “Хот төлөвлөлт зохион байгуулалттай, алсын хараатай байгааг харлаа. Богино хугацаанд үнэхээр хөгжиж чаджээ. Бид ийм л болох ёстой. Бидэнд суралцаж, санаа авах зүйл их байна” хэмээн хэлж байсныг дурдах нь зүйтэй. Хотын удирдлага, хот төлөвлөлтийнхөнд Улаанцаваас суралцах зүйл их буй тул богино хугацаанд ажигласан, сонссон зүйлээ хуваалцаж байна.

НОГООН ХӨГЖИЛ ГЭЖ ЭНЭ

Өнгө алаглан буй энэ хот 10 хүрэхгүй жилийн өмнө улаан шороо байжээӨнгө алаглан буй энэ хот 10 хүрэхгүй жилийн өмнө улаан шороо байжээ

Модод алагласан газарт хотоо сонгон байгуулж дээ гэсэн бодлыг үгүй хийсэн хотын танилцуулга бичлэгээс ногоон хотыг бий болгоход иргэн бүрийн оролцоо ямар их байсныг, дэд бүтэц, зам харилцаа гэдэг хотын хөгжилд ямар чухал болохыг, манайхаар гэр хороолол гэхээр хуучин улаан тоосгон байшингуудад оршин суугчдыг шинэ хороолол руу шилжүүлэн агаарын бохирдлыг бууруулж чадсан зэргийг мэдэж авсан юм.

Ан цав бүхий улаан шороотой газар барьсан учраас Улаанцав хэмээн нэрийдсэн гэдэгтэйгээ тохирсон үнэхэээр л улаан шороо бургисан газрыг өнөөдрийн зэрэгтэй ногооруулахад төр засгийн бодлого чухал ач холбогдолтой байж. ӨМӨЗО-ноос барьж буй гол бодлого нь ногоон хөгжлийг дэмжих бөгөөд хотыг төв, зах, тэр бүү хэл хөдөө алсад ч моддыг тарьжээ.

Хуучин болон шинэ хотын алийг нь ч ялгалгүй ногоон байгууламжийг тултал нь хийсэн, ухаад тариад орхих биш арчлахын утга учрыг эндэхийн ногоон байгууламж “биеэрээ” харуулах мэт.

СЭРҮҮН ХОТЫН ХАЛУУН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

Улаанцав 84 мянга 700 ам км кв нутаг дэвсгэртэй. Далайн төвшнөөс дээш 2000 метрт өргөгдсөн, сэрүүн уур амьсгалтай, хур тунадас ихтэй. Уур амьсгалын хувьд манай улстай бараг дөхөж очихоор. Өвөлдөө хасах 30 шүргэж, зундаа манайхаас арай илүү буюу нэмэх 30 давсан өдрүүд олон. Энэ нөхцөл байдлаас нь үндэслээд “сэрүүн хот” гэх нь ч бий.

Гэхдээ бүтээн байгуулалтад сэрүүн байх эсэх нь хамаагүйг эндээс харж болно. Дэд бүтэц тэр дундаа замын бүтээн байгуулалтыг харсан Улаанбаатарын иргэн бол уйлах ч багадна. Ямар ч донсолгоогүй өргөн зам, дугуй болон мопед, явган хүний замыг хэрхэн шийдсэнийг хараад “яагаад” гэдэг асуултыг өөрийн эрхгүй тавьж байлаа.

Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын хувьд хөгжлийн хэдэн зуун жилийг туулсан учраас хамгийн сайн зохион байгуулалт, хамгийн чанартай байх нь мэдээж. Харин арав хүрэхгүй жилд хийсэн бүтээн байгуулалт гэж бодохоор том улс, хүний олноор үнэхээр чадаж байгаа юм шүү гэж бодогдсоныг нуух юун.

Түгжрэл гэдэг атгаалжин хар мангас энд ор сураггүй. Учир нь шинэ болон хуучин хот, хөдөө орон нутаг нийлээд 2.8 сая хүн амтай. Хуучин хотод иргэдийн төвлөрөл байдаг зам дээр түгжрэхийн зовлон байхгүй. 2.8 сая хүн бүгд хотдоо цугласан ч дээр нь нэмээд жуулчдын тоог харгалзан үзэж хотын бүтээн байгуулалтыг хийсэн хэмээн хотын дарга нь хэлнэ лээ.

“Умардын хуурай замын гарам” гэж нэрлэсэн Улаанцав хот агаарын зам, автозам, төмөр замын гурвалсан хүчирхэг сүлжээтэй олон улсын зорчигч, ачаа тээврийн дамжин өнгөрөх томоохон төв болохоор зорьж байгаа учраас аргагүй л их томоор сэтгэж бүтээн байгуулалтыг хийж байна.

Бээжингээс 300, Эрээнээс 35О км зайтай энэ хот БНХАУ-ын дөрвөн зүг, найман зовхис, далайн хэд хэдэн чухал боомтыг  холбосон төмөр зам, автозамын зангилаа төдийгүй Манжуур, Монгол, Шинжаанаар дамжин Европт хүрэх төмөр замын гурван гол чиглэлийн ачаа эргэлтийн төв.

Тиймээс ч энэ хотод чухал ач холбогдол өгөхөөс аргагүй.

“ХЯТАДЫН ТАЛ НУТГИЙН ЗУСЛАНГИЙН ОРОН” УЛААНЦАВ 2017 ОНД 16 САЯ ЖУУЛЧИН ХҮЛЭЭН АВЧЭЭ

Хөрсөн доороо ч дээрээ ч баялаггүй гэгдэж явсан Улаанцав улаан буудай, юмэй гурил, амтат төмс тариалж ургамлын тос их хэмжээгээр үйлдвэрлэдэг болжээ. Тэр бүү хэл эндэхийн төмс улсдаа алдартай. Мөн мал аж ахуй хөгжсөн тул арьс шир, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр олон. Олон улсын худалдаа арилжааны томоохон төв болгох зорилтын хүрээнд Бээжинд үйл ажиллагаа явуулдаг байсан худалдааны Яабаолү төвийг 2016 оны сүүлээр энд шилжүүлэн нээжээ. Арьс үс, савхин бараа бүтээгдэхүүний худалдааны гол төвийг ийнхүү Улаанцавд шилжүүлсэн нь дотоодын сэрүүн бүсийнхнээс гадна Монгол, ОХУ зэрэг гол худалдан авагчид руугаа ойртуулсан, мөн түүхий эдийн зах зээлдээ ойртсон хэрэг гэдгийг онцолж байв. Зөвхөн худалдаа бус олны сонирхлыг татах хуучин сүмийн хэсгийг ч Яабаолү төвтэй зэрэгцүүлэн барьсан нь өнөөх л жуулчдыг татах бодлогын нэг хэсэг. Тоо баримт дурдвал 2017 онд Улаанцавд 16 сая жуулчин ирсэн нь дээрх үр дүнтэй бодлогуудын ач тус гэлтэй.

КОМПАНИУД ИРГЭДИЙН ТАВ ТУХЫГ ХАНГАХАД ОРОЛЦДОГ

Дурдаад байвал энэ хотоос суралцах зүйл бидэнд их. Гэхдээ төгсгөл болгон нэгэн зүйлийг онцлохыг хүслээ. Хотхон болон хороолол гэдгийг утгаар нь эндээс харж болохоор. Өнгө үзэмж, бүтэц зохион байгуулалтаа бодсон ч тэр энд багадаа 50 болон түүнээс дээш байрыг нэг хотхон хэмээн үзэж, зөвхөн орон сууц бус цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг заавал байгуулсан байх ёстой гэсэн шаардлага тавьдаг байна.

Улаанцав хотод хөрөнгө оруулах, шинээр үйл ажиллагаа явуулах сонирхол өндөр байдаг учраас аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлт олгохоос гадна эргээд иргэдийн амжиргаа, амьдрах орчныг сайжруулахад тодорхой зүйлсийг хийх шаардлага тавьдаг байна. Мөн томоохон компаниуд дэргэдээ ажилчдын орон сууц бүхий хотхонуудыг барьдаг аж. Дэд бүтцийг улам сайжруулснаар нутгаасаа гарсан иргэдийг иргэн ирэх үндэс болно гэж үзэж байгаа талаараа Улаанцав хотын дарга Ван Шин Ю онцолж байв.

Тухайлбал өнгөрсөн хугацаанд гэр хорооллын иргэдийг орон сууцжуулахад анхаарч, байшинг байраар солих, илүү томруулах зэрэгт хөнгөлөлт олгож иржээ.

Тэрбээр “Гурван уул, хоёр голоо дагасан иргэд ч маш тухтай амьдарч байна. Тав тухтай амьдрахын эх үндэс нь байгаль орчныг хамгаалах. Тиймээс ч энэ чиглэлд хүч тавьж байна. Зөвхөн компани гэлтгүй иргэдэд боловсон байх, ногоон хөгжлийг эрхэмлэх, эрчим хүч хэмнэхийг ч шаардаж, энэ талаар мэдлэг олгож байна. Өнгөрсөн хугацаанд гэр хорооллыг дахин төлөвлөлтөд оруулснаар агаарын бохирдлын асуудлыг бүрэн шийдсэн гэхэд болно. Одоо хуучин байшинд амьдардаг иргэдийн тоо маш цөөрсөн” гэсэн юм.

ЭХ СУРВАЛЖ: GOGO.MN

СЭТГҮҮЛЧ Р.Адъяасүрэн

Гэрэл зургуудыг Мэндсайханы Энх-Амгалан

 
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу