“40 САЯЫН ГҮҮР”-ИЙН ТУХАЙ ГУРВАН ШҮҮМЖ

Энэ даваа гарагт Хятад улсын “уян хатан” нөхцөл бүхий хөрөнгө оруулалтаар боссон гүүр нийслэл Улаанбаатар хотод ашиглалтад орлоо.  Олимпын гудамж, Их Монгол улсын гудамжийг холбосон төмөр бетон тус гүүр нийт дөрвөн эгнээ замтай. Мөн тус гүүрийн нийт урт нь 1 км юм.

Уг бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчээр “Хятадын төмөр замын 20-р товчоо корпорац”, зөвлөхөөр “Ростов” ХХК ажиллажээ. Төслийн нийт төсөвт өртөг 42,38 сая ам.доллар бөгөөд гүйцэтгэгч компанийн зүгээс уг гүүрэнд 100 жилийн баталгаа өгснийг нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра гүүрийг нээх үеэр онцолсон. Шинэ гүүрийн нээлтэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон холбогдох байгууллагын удирдлагууд оролцсон. Ингээд “40 саяын гүүр” нэртэй шинэ гүүрийн зорчих хэсэг нээгдсэн юм.

Гэвч дээрх гүүрийг улс төрчид тууз хайчлан нээснээс хойш түүгээр зорчсон иргэд сэтгэл дундуур явна.

Учир нь:

Нэгд: Шинээр ашиглалтад орсон гүүр төсөвт өртөгтэй нь харьцуулахад төдийлөн чанарын шаардлага хангахгүй байна. Ядаж л гүүрийг тэгш бус муруй, сарий цутгачихжээ. Түүнчлэн өнгө үзэмж талаасаа үнэхээр гурилдсан гүүр бололтой. Яг л өнөөх Боловсролын сайдын хийсэн 17 саяын “макет” шиг.

Хоёрт: Нийслэл хотын төвд шинэ гүүр барьснаар тооцоо ёсоор түгжрэл буурах ёстой байлаа. Гэвч тус замын ачаалал буурсангүй. Харин ч өмнөхөөсөө илүү ачаалалтай болчихжээ. Шалтгаан нь шинэ гүүрийг даваад зорчих хэсэг өмнөхөөсөө төдийлөн өөрчлөгдөөгүй, нарийхан хэвээр байна. Учир нь шинэ гүүрийн урд хэсэгт байрлах улс төрчдийн хөрөнгө оруулалттай “Минт” бар, “Хоум плаза” зэрэг аж ахуй нэгжүүдийн барилга шинэ гүүрийн зорчих хэсэг саад болсон хэвээр үлджээ.

Image may contain: sky, car and outdoor

Гуравт: Шинэ гүүрээр зөвхөн машинтай иргэд зорчих боломжтой хийгджээ. Яагаад гэвэл Хятадууд бидэнд барьж өгсөн гүүрэндээ явган хүний зам  хийж өгсөнгүй. Тиймээс иргэд Энхтайваны гүүр давж алхдаг шиг ээ “40 саяын гүүр”-ийг явган давах боломжгүй аж.

А.ТАМИР

АРДЧИЛАЛ.МН

 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу