Д.ТОГТОХСҮРЭН: АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГА ЯВУУЛАХАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ХЭМЖЭЭНИЙ ЗАРДАЛ ГАРНА

Дөнгөж сая төрийн ордны Б танхимд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт нар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар мэдээлэл хийлээ.

Д.ТОГТОХСҮРЭН: АРД ИРГЭД ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТӨӨ ӨӨРСДӨӨ БАТЛАХ БОЛОМЖТОЙ БОЛЖ БАЙНА

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлэхдээ “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг зургадугаар сараас хойш хэлэлцэж өчигдөр хоёрдугаар хэлэлцүүлэг дууслаа. УИХ-ын 62 гишүүнээс өргөн барьсан хуулийн төсөл, Ерөнхийлөгчөөс барьсан хуулийн төсөл хоёрыг нэгтгэж ажиллалаа. УИХ нэлээд ачаалалтай ажилласан.

Нийт 60 зүйл 150 зарчмын зөрүүтэй саналыг оруулсан. Үүнээс 34 зүйл нь хоёрдугаар хэлэлцүүлгээр дэмжигдсэн. Өчигдөр орой МАН-ын бүлэг хуулийн дагуу гуравдугаар хэлэлцүүлэг рүү орох уу ард нийтийн санал асуулга явуулах уу гэдгийг хэлэлцээд гишүүдийн 100 хувийн саналаар ард нийтийн санал асуулга хийх нь зүйтэй гэж шийдлээ. 1945 оны 10-р сарын 20-нд анх удаа ард нийтийн санал асуулга явуулж Монгол Улс тусгаар улс мөн үү, биш үү гэдгийг баталгаажуулж байсан.

Харин одоо Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг ард нийт, иргэд сонгогчид өөрсдөө батлах бүрэн эрхтэй болж байна. 1945 оноос хойш хоёр дахь тохиолдол нь болж байна. Одоо Ард нийтийн санал асуулга хийхэд Ерөнхийлөгчийн сонгуульд зарцуулагдах хэмжээний зардал гарна. Иргэдээс үндсэн хуулийг дэмжих үү, дэмжихгүй юу гэдэг зарчмаар л асууна. Ер нь бол яг л сонгууль шиг байдлаар явагдана. Хугацааны хувьд эцэслэн тогтоогдоогүй байна.

Өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо, Үндсэн хуулийн нэгдсэн чуулганаар Үндсэн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль,Ард нийтийн санал асуулга явуулах журмын тухай хуулийг  тус тус хэлэлцэнэ. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд зааснаар УИХ ард нийтийн санал асуулгад орох хуулийн төслийг нэг хоёрдугаар хэлэлцүүлэг хийх ёстой. Үүнийг ирэх долоо хоногт хийнэ. Үүний дараа ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр заагдсан хэдэн асуудлыг хэлэлцээд чуулган завсарлана. “ гэв.

С.БЯМБАЦОГТ: ҮНДСЭН ХУУЛИЙГ ӨӨРЧЛӨХ АСУУДАЛ ХҮНД ДАВАА БАЙДАГ ЮМ БАЙНА

 

Үүний дараа Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт батлах асуудал өндөр хариуцлагатай, хүнд даваа байдаг юм байна гэдгийг УИХ гишүүд ч тэр ,ард түмэн маань ч харсан байх. 2000 онд Үндсэн хуулийг 253 заалтын долоод нь өөрчлөлт оруулж байсан бол өнөөдөр 53 заалтад өөрчлөлт оруулахаар оруулж ирснээс 34 заалт нь дэмжигдэж байна. Үүнд Ерөнхийлөгчийн, АН-ын зөвлөлийн ,улс төрийн намуудын, ард иргэдийн саналууд туссан. Ийнхүү 62 гишүүний өргөн мэдүүлсэн төслийн 80 орчим хувь тусгагдсан төсөл боллоо. Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлж, чөлөөлөх асуудлыг 5,6 гишүүний зөрүүгээр УИХ дээр унагалаа. 

Монгол Улсын Ерхөнхийлөгчөөс 24 зүйл 49 заалттай төсөл өргөн мэдүүлсэн. Зөвшилцлийн үр дүнд Ерөнхийлөгчийн саналуудаас цөөхөн зүйл л хасагдсан. Тодруулбал 108 гишүүн, таван жилээр сонгогддог болох, холимог тогтолцоогоор сонгууль явуулах гэх мэт асуудлаар ойлголцсон байсан боловч  УИХ-ын гишүүдийн олонхийн саналыг авч чадсангүй. Ерөнхийлөгчийн саналаас унасан гол залтууд энэ байгаа.

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах 57 гишүүний босго их өндөр юм байна. Үндсэн хуулиа ард түмнээрээ хэлэлцүүлээд үр дүнд хүрэхгүй бол дахиад найман жил Үндсэн хуульд гар хүрэх боломжгүй болох юм.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн гол горл асуудлуудаас танилцуулахад:

-Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалтай холбоотой аливаа оролдлогыг үл зөвшөөрнө. Тусгаар тогтнолын асуудлаар санал асуулга явуулахыг хориглоно гэсэн заалтыг УИХ-ын гишүүд дэмжлээ. Ингэснээр Үндсэн хууль  анх удаа Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал баталгаажсан заалттай болж байна.

-Байгалийн баялгийг ард түмний өмч байх, иргэд олон нийтэд тэгш хүртээмжтэй байх чухал заалт тусгалаа оллоо. Төрийн нийтийн өмч гэсэн заалт орж ирсэн. Төр төрийн нийтийн өмчийг захиран зарцуулахдаа заавал ард нийтээсээ асуухаар болж байна. Энэ бол ухралт биш урагшилж буй явдал юм.

-Төрийн хар хайрцагны бодлого үндсэн хуульд орхигдсон байсан. Харин өнөөдөр Монгол улсаа хөгжүүлэх хөгжлийн бодлогын талаар Үндсэн хуульд тусгаж өгсөн нь дэвшилттэй байлаа.

-Нутгийн удирдлагын эрх мэдлийг нэмэгдүүлж, татварын хувь хэмжээг тогтоох асуудлыг Үндсэн хуулинд шийдэж өглөө. Үүнтэй  холбоотойгоор Дархан, Эрдэнэтийг хот болгох асуудлыг Үндсэн хуулиар нээж өглөө.

-Дордуулсан долоон өөрчлөлтүүдийг засах чиглэлээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтүүд тодорхой хэмжэгээр биелэлээ оллоо. Давхар дээлний асуудал бүрэн хэмжээгээр тайлагдаагүй ч Засгийн газарт давхар дээлтэй дөрвөн хүн л байх боломжтой боллоо.

-Мөн УИХ-ын гишүүнийг Үндсэн хууль зөрчиж, өргөсөн тангарагаасаа няцсан юм бол эргүүлэн татах боломжтой боллоо.

-Хууль батлахдаа 39 гишүүнээс дээшээ санал өгч байж хууль баталдаг байхаар Үндсэн хуульд тусгалаа.

-Мөн тодорхой хянан шалгах түр хороо байгуулж, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих асуудлаа тусгаж өглөө.

-Төсвийн үр ашиггүй байдлыг багасгах зорилгоор өргөн мэдүүлсэн төсвөөс нь нэмэгдүүлэхгүй байхаар тусгаж өгсөн.

 

 
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу