ОНЦГОЙ ДЭГЛЭМИЙН ХУГАЦААНД 150 САЯ АМ.ДОЛЛАРЫН ГЭРЭЭГ НУУЦААР ХИЙЖЭЭ

Өнгөрсөн гуравдугаар сарын 6-нд Эрдэнэт үйлдвэрт онцгой дэглэм тогтоож байлаа. Эрдэнэт үйлдвэрт онцгой дэглэм тогтоохдоо 1991 оны буюу социалист дэглэмийн хуулийг ашигласан гэж хуульчид онцолдог. Ямартай ч Эрдэнэтэд онцгой дэглэм тогтоод хагас жилийн нүүр үзчихлээ. Бүр тодруулж хэлбэл тус үйлдвэрт тогтоосон онцгой дэглэмийн хугацаа энэ оны есдүгээр сарын 6-нд дуусч байна. Товчхондоо хэдхэн өдрийн дараа буюу энэ долоо хоногийн баасан гаригт Эрдэнэтэд тогтоосон онцгой дэглэмийн хугацаа дуусна.
 
Сүүлийн үед үүсээд буй нөхцөл байдал, чих дэлсэж буй шумыг сонсох нь ээ онцгой дэглэмийн хугацааг сунгах сураг дуулдаж байна. Хугацаа сунгах асуудлыг УИХ-д оруулж шийдүүлэх яриа эрх баригчдын хүрээнд аль хэдийнэ яригдаад, тохироо товоо хийчихсэн бололтой. Онцгой дэглэмийг сунгах олон шалтгаан байж магадгүй л дээ. Хөшигний ард ямар ч яриа хөөрөө, тайлбар шалтгаан бийг өнөөхөндөө тэр энэ гэж тааж хэлэх боломж алга. Хамгийн гол нэг л шалтгаан байна.
 
Эрдэнэт үйлдвэрийн худалдан авалтыг эрх баригчид атгасан хэвээр байх нь. Яг нарийндаа ийм шалтгаанаар тус үйлдвэрт онцгой дэглэм тогтоосон нь нууц биш. Онцгой дэглэм тогтоох болсон шалтгаан нь худалдан авалт гэж хардаад байгаа нь цаанаа учиртай. Онц дэглэмтэй байх өнгөрсөн хэдхэн сарын хугацаанд гэхэд л 410 тэрбум төгрөгийн 197 гэрээг сонгон шалгаруулалтгүйгээр шууд шийджээ.
 
Энэ мөнгийг ам.долларт шилжүүлбэл 154 сая гэсэн аварга тоо гарна. Зургаахан сарын дотор ямар ч сонгон шалгаруулалт, элдэв хараа хяналтгүйгээр энэ хэмжээний наймаа хийнэ гэдэг аятай таатай боломж гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Ийм боломж бий учраас, их мөнгөний үнэр сэнгэнэж байгаа болохоор онцгой дэглэмийн хугацааг сунгуулахаар онцгой ихээр улайрч буй хэрэг.
 
Эрдэнэт үйлдвэрийн тухайд хувийн хэвшилтэй хамтарч байхад тус үйлдвэртэй хамаатай 500 гэрээ бүгдээрээ нээлттэй байсан юм. Тэр үед гэрээнүүд нээлттэй хэрэгжиж явсан бол одоо тийм биш. Бүх наймаа, гэрээ хөшигний ард улстөрчид, эрх баригчдын дохио зангаа, яриа тохироогоор явж байна.
 
Нийтлэлийн эхэнд онцолсон 1991 оны хуучин нийгмийн хууль ямар учиртайг төгсгөлд нь тайлбарлах нь зөв байх. 1991 онд батлагдсан Засгийн газарт эрх олгох тухай хууль иргэдэд зайлшгүй хэрэглэгдэх бараа, бүтээгдэхүүнийг тасралтгүй хангахад зориулагдсан шийдвэр юм. Бүр тодруулж хэлбэл картын барааны үед баталж байсан хууль. Гэтэл энэ хуулийг албан тушаалтан, эрх баригчдын эрх ашгийн төлөө тендерийг тасралтгүйгээр хангахад ашигласаар даруй зургаан сар өнгөрөөд байна.
 
Эрдэнэт үйлдвэр 100 хувь төрийн хараанд байх хагас жилийн дотор 154 сая ам.долларын гэрээг нууцаар хийсэн тухай өмнө онцолсон. Энэ бол онцгой дэглэмийн нэр дор албан тушаалтнууд идэж уудаг нь хэрээс хэтрээд байгааг нотолсон хамгийн энгийн бодитой нотолгоо.
 
Эцэст нь хэлэхэд хөшигний ар дахь улстөрчдийн идээ, уугааг үргэлжлүүлэх үү, зогсоох уу гэсэн хоёр сонголтын өмнө улсаараа ирээд байна даа.
 
 
Н.ДОРЖ
ӨДРИЙН СОНИН
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу