ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.ПУТИНЫ 2014 ОНЫ АЙЛЧЛАЛЫГ ЭРГЭН САНАЯ

Халх голын дайнд ялсны 80 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин манай улсад айлчлах гэж байна. Тэрбээр өнөөдөр (2019.09.02) Улаанбаатарт ирж, нэг хоноод буцна.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин 2000, 2009, 2014 онд Монголд айлчилж байсан бөгөөд энэ удаагийн айлчлал нь түүний дөрөв дэх удаагийн айлчлал юм.

Тэрбээр хамгийн сүүлд 2014 оны есдүгээр сарын 3-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Халх голын дайны 75 жилийн ойг тохиолдуулан зургаан цагийн айлчлал хийгээд буцсан байдаг.

Энэхүү богино хугацааны айлчлалаар хоёр тал Засгийн газар, агентлаг, салбар хоорондын 15 хэлэлцээр баталж амжсаныг эргэн сануулъя.


2014.09.03 (Улаанбаатар хот)

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 14:25 цагт (Улаанбаатарын цагаар) Монгол Улсад ажлын айлчлал хийхээр хүрэлцэн ирэв. ОХУ-ын төрийн тэргүүн дагалдан яваа хүмүүсийн хамт “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд онцгой үүргийн нислэгээр буусан юм. Гурав дахь удаагаа манай улсад айлчилж буй түүнийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Гадаад харилцааны сайд Л.Болд, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн  эрхт Элчин сайд Ш.Алтангэрэл нар угтан авч байжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгчийг ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Ерөнхий сайдын орлогч Сергей Трутнев, Эрчим хүчний сайд Александр Новбак, Алс дорнодын хөгжлийн сайд Александр Галушка, төрийн өмчийн РЖД буюу “Оросын төмөр зам” нийгэмлэгийн ерөнхийлөгч Владимир Якунин зэрэг албаны хүмүүс дагалдан ирэв.  Үүний зэрэгцээ бизнесийн салбарыг төлөөлж Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн ерөнхий захирал Кирилл Дмитриев, “Роснефть” компанийн тэргүүн Игорь Сечин, хөнгөн цагаан үйлдвэрлэлийн “Русал” компанийн тэргүүн Олег Дерипаска нар Улаанбаатарт ирж байлаа.

Оросын талаас айлчлалыг сурвалжлахаар 25-30 байгууллагын 50 гаруй сэтгүүлч ирсэн бол БНСУ-ын Break news, АНУ-ын Bloоmberg Mongolia, БНХАУ-аас Шинхуа болон Японы Асахи зэрэг мэдээллийн хэрэгсэл айлчлалыг шууд дамжуулж байв.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг Чингисийн талбайд албан ёсоор угтан авч, Халхын голын дайны 75 жилийн ойг тохиолдуулан манай улсад айлчилж буй ОХУ-ын Ерөнхийлөгчийг хүндэт харуул ёслол төгөлдөр хүлээн авч, хүүхдүүд цэцэг барьсан юм. Угтан авах ёслолд хоёр талын албаны хүмүүс өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байв.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар эхлээд Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн бол үүний дараа хоёр улсын төрийн тэргүүн нар Төрийн ордны Баганат танхимд хүрэлцэн ирж, Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурж, дурсгалын гэрэл зураг татуулжээ.

Ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагаа дууссаны дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар ганцаарчилсан болон өргөтгөсөн хэлэлцээр хийж, хоёр талын сонирхсон асуудлаар нөхөрсөг, нээлттэй санал солилцож байлаа.

- ЕРӨНХИЙЛӨГЧ НАР ЮУ ЯРИВ -

Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Халхын голын байлдаанаар гагнагдсан бидний хамтын нөхөрлөл нь агуу их орны дайны хүнд жилүүдэд болон чөлөөлөх дайны өдрүүдэд улам батжин бэхэжсэн юм. Манай орны тусгаар тогтнол, бие даасан байдал , Монголын ард түмний эрх чөлөөт, аз жаргалант амьдралын төлөө алтан амь, бүлээн цусаа үл хайрлан тэмцсэн Зөвлөлтийн дайчдын баатарлаг гавьяаг монголчууд бид үргэлж бахархан дурсч байдаг. Монгол Орос орны харилцааны түүхэн үндэс ч үүнд оршдог. Манай хоёр ард түмэн дайны цагт жинхэнэ бүтээн байгуулалт хийж мөр зэрэгцэн тэмцэж, зүтгэж байсныг бид бахархдаг. ОХУ-ын Ерөнхийлөгч таны хэлснээр бид дайны талбарт ч, сансарт ч хамт байсан баялаг түүхтэй. Таны айлчлал манай хоёр орны харилцаанд түүхэн шинэ хуудас нээнэ гэдэгт бид итгэлтэй байна” гэж хэлж байжээ.

Харин ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Манай хоёр орны харилцааны гол үйл явдлын нэг болох Халхын голын байлдаанд ялалт байгуулсны 75 жилийн ойг хамтдаа тэмдэглэж байна. Энэ тулалдаанд мөр зэрэгцэн тулалдаж Монгол орны бүрэн эрхт байдлыг хамгаалсан  Зөвлөлт, Монголын дайчдын эрэлхэг гавьяа, баатарлаг үйлс нь манай хоёр орны найрамдлын  нэг бэлгэ тэмдгийн нэг болоод байна. Дайны жилүүдэд Монгол Улсаас манайд үзүүлсэн зээл тусламжийг бид үргэлж ойлгож, үнэлж явдаг. Айлчлалын үеэр хоёр орны харилцааг иж бүрнээр авч хэлэлцэх боломж олдсонд таатай байна” гээд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Москва хотноо Эх орны дайнд ялалт байгуулсны 70 жилийн ойг тэмдэглэх баяр ёслолд оролцохыг урьж байв.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгчтэй хоёр орны харилцааны суурь, тулгамдаж байгаа асуудлууд болох дэд бүтэц, дамжин өнгөрөх тээвэр, худалдаа эдийн засаг, санхүү хөрөнгө орууалт, хүмүүнлэгийн салбар болон олон улс, бүс нутаг, гурван талт харилцаа зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцож тодорхой шийдэлд хүрсэн юм.

Ингэхдээ хэд хэдэн асуудлыг хөндсөн санал тавьж байлаа. Тухайлбал, хоёр оны худалдааны тэнцвэрт харилцаа хэт зөрүүтэй байна. Тиймээс нөхцөл боломжийг таатай болгож 2020 он гэхэд худалдааны эргэлтийг арван тэрбум ам.долларт хүргэх талаар ярьж, мөн Монголд үйлдвэрлэсэн ОХУ-ын зах зээлд 20 жилийн хугацаатай татвар, гаалийн хураамжгүй, хэмжээ харгалзахгүй нийлүүлж байх гэрээ, хэлэлцээрийг ойрын үед хийх саналыг манай талаас дэвшүүлж байлаа.

- АЙЛЧЛАЛЫН ҮЕЭР ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН ХЭЛЭЛЦЭЭР, ПОРОТОКОЛ - 

Ийнхүү хоёр орны тэргүүн нар багагүй хугацаанд ярилцсаны эцэст 10 гаруй хэлэлцээр, протокол, санамж бичиг, хамтарсан баримт бичигт гарын үсэг зурсан. Олон хэлэлцээр хийсний дотор хоёр орны иргэд харилцан визгүй зорчих асуудал бүрэн шийдэгдсэнийг хоёр орны тэргүүн онцгойлон тэмдэглэсэн юм. 

  1. Иргэд харилцан зорчих нөхцөлийн тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт Гадаад харилцааны сайд Л.Болд, Гадаад хэргийн сайд С.Лавров нар гарын үсэг зурав.
     
  2. Хууль бусаар байгаа иргэдийг буцааж шилжүүлэх тухай хоёр улсын Засгийн газрын хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухай журмын гүйцэтгэх протоколд Гадаад харилцааны сайд Л.Болд, Холбооны шилжилт хөдөлгөөний албаны дарга К.Ромодановский гарын үсэг зурав.
     
  3. Ойн түймрээс сэргийлэх хэлэлцээрт Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Байгалийн нөөц экологийн сайд С.Донской нар гарын үсэг зурав.
     
  4. Иргэний нисэ­хийн салбарт хамтран ажил­лах  Зам тээврийн яам ОХУ-ын зам тээврийн санамж бичигт Зам тээв­рийн сайд А.Гансүх, Тээв­рийн яамны сайд М.Соколов нар гарын үсэг зурав.
     
  5. БТЗ-ын шинэч­лэл, хөгжлийн стратегийн түншлэлийн тухай Монгол Улсын Зам тээврийн яам, Оросын Төмөр зам нээлттэй хувьцаат нийгэмлэг хоорондын хэлэлцээрт Зам тээврийн сайд А.Гансүх, Оросын төмөр зам нээлттэй хувьцаат нийгэмлэгийн ерөнхийлөгч нар гарын үсэг зурав.
     
  6. Хамтран ажиллах тухай хоёр улсын хууль зүйн яам хоорондын хэлэлцээрт Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Хууль зүйн сайд А.Коновалов нар гарын үсэг зурав.
     
  7. Монгол Улсын барилга хот байгуулалтын яам ОХУ-ын Барилга орон сууц нийтийн аж ахуйн яам хоорондын  санамж бичигт Барилга хот байгуулалттын сайд Ц.Баярсайхан, Барилга хот байгуулалт орон сууц нийтийн аж ахуйн сайд М.Мень нар гарын үсэг зурав.
     
  8. Монгол Оросын эдийн засгийг харилцааг хөгжүүлэхэд хамтран ажиллах тухай хоёр улсын эдийн засгийн хөгжлийн яам хоорондын санамж бичигт Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Эдийн засгийн хөгжлийн төрийн нарийн бөгөөд дэд сайд О.Фомичев нар гарын үсэг зурав.
     
  9. Монгол Улсын иргэдийг газрын тосны “Роснефть” НХН-ийн түнш дээд сургуульд суралцах тухай баимт бичигт Боловсролын сайд Л.Гантөмөр, Роснефть хувьцаат нийгэмлэгийн дарга И.Сечин нар гарын үсэг зурав.
     
  10. Монгол Улсад цэрэг техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэцээрийн үйлчлэлийг сунгах тухай протоколд Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Болдбаатар, Холбооны цэрэг техникийн хамтын ажиллагааны албаны дарга  нар гарын үсэг зурав.
     
  11. Техникийн тус­лал­­цааны талаар Сангийн яам, ОХУ-ын холбооны төрийн сан хоорондын санамж бичигт Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт, Холбооны төрийн сангийн дарга нар гарын үсэг зурав.
     
  12. Монгол Улсын иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар ОХУ-ын Холбооны шилжилт хөдөлгөөний газар хоорондын хамтран ажиллах санамж бичигт Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний газрын дарга Б.Пүрэвдорж, Холбооны шилжилт хөдөлгөөний газрын дарга нар гарын үсэг зурав.
     
  13. МҮОНРТ болон ОХУ-ын “Россия сегодня” олон улсын агентлагийн хамтын ажиллагааны санамж бичигт МҮОНРТ-ийн дарга М.Наранбаатар, ОХУ-ын “Россия сегодня” олон улсын агентлагийн ерөнхий захирлын орлогч нар гарын үсэг зурав.
     
  14. МИАТ компани, ОХУ-ын “Аэрофлот” компанийн хамтын ажиллагааны санамж бичигт МИАТ компанийн гүйцэтгэх захирал Г.Жаргалсайхан  нар гарын үсэг зурав.
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу