Ц.ОЮУНБААТАР:ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭХГҮЙ БАЙНА

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлж байгаатай холбогдуулан  улс төрийн 17 нам нэгдэж байр сууриа илэрхийллээ.

МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар “Үндсэн хуулийн цэц өнөөдөр үүргээ биелүүлэхгүй байна. Иймд улс төрийн намууд ИНБ-ууд, судлаач, эрдэмтэд нэгдэн Үндсэн хуулийн цэцэд шаардлага хүргүүлж байна.  

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа асуудал нь Үндсэн хуулийн цэцээс гадуур байж болохгүй. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай журмын тухай хуулийн нэгдүгээр зүйлийн 1.2-т  “Энэ хуулиас гадуур Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг завдах, хуйвалдан оруулах аливаа үйлдлийг Монгол Улсын Үндсэн хуульд халдсан хэрэг гэж үзнэ” хэмээн заасан. Харамсалтай нь, өнөөдрийн хэлэлцэж буй нэмэлт өөрчлөлт Монгол Улсын өнөөгийн үйлчилж буй Үндсэн хуулийг зөрчсөн, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг зөрчсөн бусад  холбогдох хууль журмыг зөрчсөн төслийг өргөн барьж үүнийгээ хэлэлцүүлж байна. УИХ-ын хэлэлцүүлгээс иргэд үүнийг тодорхой харж байгаа. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах бүх шатанд дараах зарчмыг мөрддөг.

Үүнд Үндсэн хуулийг дээдлэн сахих, ард түмний бүрэн эрхт байдал оролцоог хангах, хэлэлцүүлэг бодитой ил тод байх, иргэд төслийн талаар саналаа чөлөөтэй илэрхийлэх бололцоог олгох, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах үеэр эцэслэн батлагдах үе хүртэл бүхий л үйл ажиллагаанд иргэд улс төрийн нам олон нийтийн оролцоог хангана гэсэн зарчмуудыг өнөөгийн УИХ зөрчиж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүлгийг явуулж байна.

Төсвийн мөнгийг хулгайлдаг ЖДҮХС-аас завшдаг, төсвийн концессыг луйварддаг, охид бүсгүйчүүдийг хүчирхийлдэг гэмт хэрэгтнүүдийн үүр уурхай болсон УИХ-ын гишүүд эрх мэдлээ өргөжүүлэхийн тулд гишүүдийн тоог 99 болгож Үндсэн хуульдаа халдаж болохгүй.

Энэ бол Монголын ард түмний эсрэг хийж буй гэмт хэрэг хэмээн үзэх хууль зүйн үндэслэл бүрдэж байна. Тэр дундаа 2016 онд 60 тэрбумаар төрийн албыг худалдах замаар төрийн эрхэнд хууль бусаар гарсан МАН Үндсэн хуульд өөрчлөлт хийх нь буруу. Үндсэн хуулийн Цэц үүргээ биелүүлж эхнээс нь шаардлага тавих ёстой.  Үндсэн хуулийн Цэц ард түмэндээ үйлчлэхийг шаардаж байна" гэлээ.

Өргөн Монгол хөдөлгөөний тэргүүн Т.Баярхүү: “Өнөөдрийн Монгол улсын шүүх засаглал хувилдсан, авилгадсан газар болсон байна. Үүний хор хохирлыг ард түмэн амсч байна. 1992 оны Үндсэн хуулийн өөрчлөлтийн нэг том алдаа нь Үндсэн хуулиа хамгаалдаг шүүхийн бүтцийг  Үндсэн хуулийн цэц гэж самууруулснаараа  төрийн хямралын гол шалтгаан боллоо. Дэлхийн жишигт Үндсэн хуулийн цэц гэж байхгүй Үндсэн хуулийн шүүх гэж дээд шүүхийн танхимаар ажилладаг. Үндсэн хуулийн нэмэлт  өөрчлөлтийн хэлэлцүүлэгт 1992 оны Үндсэн хуулийн өөрчлөлтийг сайн муу гэж маргах явдал байна” гэв.

АРДЧИЛАЛ.МН

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу