МАН-ЫН БҮЛЭГ УИХ-ЫН ГИШҮҮНИЙ ТООГ 99 БОЛГОХОД САНАЛ НЭГДЖЭЭ

УИХ дахь МАН-ын бүлэг УИХ-ын гишүүний тоог нэмэх нь зүйтэй гэж үзэж буй бөгөөд 99 байх нь зүйтэй гэдэгт санал нэгджээ. Мөн гишүүний бүрэн эрхийн хугацааг таван жил байх саналыг олонх дэмжсэн байна. 

МАН-ын бүлэг сүүлийн хоёр долоо хоногийн туршид Ерөнхийлөгч болон АН-ын зөвлөлөөс ирүүлсэн саналд нэгдсэн байр суурь илэрхийлээгүй. 

Засгийн газрыг огцруулахаар зэхэж байна гэсэн мэдээллийг үгүйсгэлээ

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд оруулах Ерөнхийлөгч УИХ-ын гишүүдийн тоог 108 болгон, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох саналыг гаргаад байсан. Энэ саналыг хүлээн авах боломжгүй гэдгээ МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өмнө мэдээлж байсан ч ийнхүү нэмэх нь зүйтэй гэсэн саналд нэгдсэн байна. 

АН-ын зөвлөл, Ерөнхийлөгчөөс гаргасан нийт 25 саналаас 17-г нь хүлээн авах боломжтой бол үлдсэн 8 нь өргөн баригдаагүй санал учраас хэлэлцэх боломжгүй хэмээн үзсэн талаар МАН-ын бүлгийн дарга мэдээллээ. 

Мөн АН-ын зөвлөлөөс тавьсан ард нийтийн санал асуулга явуулах эсэхийг хуулийн дагуу зохицуулах хэрэгтэйг дурдлаа. 

Өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд МАН-ын бүлэг дотроо хуваагдсан, зөвшилцөлд хүрч чадахгүй Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гацааж байна гэсэн мэдээлэл гараад байсан ч бүлгийн дарга энэ мэдээллийг эрс үгүйсгэсэн юм.

Мөн өчигдөр 23 тусгай зөвшөөрөл цуцалсантай холбоотойгоор намын 27 гишүүн Засгийн газрыг огцруулахаар зэхэж байна гэсэн мэдээллийг үгүйсгэж, судалж үзэхэд зохион байгуулалттай гүтгэлэг явуулж байгааг олж тогтоосон гэв. 

Эх сурвалж: news.gogo.mn

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу