НААДМЫН ДОПИНГ 2 БӨХӨӨС ИЛЭРСЭН ҮҮ, ЭСВЭЛ...

Үндэсний баяр наадамд гарамгай сайн амжилт үзүүлж, шөвгөрсөн зарим бөхчүүд допингийн шинжилгээнд бүдэрсэн асуудал сүүлийн үед олны сонорт байна. Тэр дундаа энэ жилийн наадмын түрүү бөх, шинэхэн аварга Э.Оюунболдоос илэрсэн байж болох магадгүй гэх батлагдаагүй мэдээлэл олны ам дамжиж явна. 

Тэгвэл үндэсний бөхчүүдийн холбогдсон сэргээшийн асуудлыг тив, дэлхийн бөхчүүдийн барилдааныг тайлбарладаг спортын сэтгүүлч С.Шижирбат ийн хөнджээ.

Тэрээр "Энэ жил хоёр бөхөөс л илрээд бусад нь зүгээр гарсан уу гэвэл эргэлзээтэй дээ.Шударгаар шинжилбэл нэлээн хэдэн бөхөөс илэрсэн байх ёстой, жил болгон ганц хоёр бөхөөр туг тахиад өнгөрдөг, наадмын өмнө хариуцсан эмчтэй нь тохирдог, наадмын түрүү үзүүр бөхчүүдийн допингийг шууд дардаг гэдэг яриа бөхийн хүрээнд яригдсаар хэдэн жил болсон. Учир мэдэх хүмүүс үндэсний бөхөд найраа допинг хавтгайрсан гэдгийг хэлсээр хичнээн ч жил болов доо.Наадмын бөхийн салбар хороо нь мэдээлэл хийхдээ бид нар допингийн шинжилгээ авахдаа камераар хянасан гэж хэллээ. Дэлхийн допингийн дүрэмд камераар хянадаггүй, тэгж болдоггүй дүрэмтэй байдаг. Шинжилгээ авахдаа дүрмийн бусаар авчээ. Мөн илрээгүй гэх бөхчүүд рүү утастаж хэлж болохгүй байлаа. Бас л хууль дүрмээ мэдэхгүйгээс болсон. Мөн санаатайгаар ингэсэн байх магадлал өндөр байна. Бөхчүүд нь соошилоор өөрсдийгөө зарлаж болохгүй байлаа. Зүй нь яадаг вэ гэхээр илрээгүй тамирчид руу хэлдэггүй ярдаггүй юм, илэрсэн тамирчин руу хэлж, В саваа шинжлүүлэх үү гэдгийг нь асуугаад заасан хугацааны дагуу эцэслэн шийдэгдсэний дараа олон нийтэд мэдээлдэг жамтай. 

Би өмнө нь ч хэлж байсан дэлхийн жишгээрээ тухайн төрлийн холбоо нь цол шагнал, шийтгэл дүрэм журмаа мэддэг юмаа гэж. Манайд болохоор наадмын комисс, бөхийн салбар хороо гээд холилдоод шат дамжлага гээд хугацаа их алдаад завхрал үүссэн.Бөх мэдэхгүй хүмүүстэй эдгээр газруудын хэрэг байхгүй. Монголын үндэсний бөхийн холбоо өөр дээрээ төвлөрүүлэх ёстой. Тэгэхийн тулд наадмын тухай хуулийн цоорхойнуудыг засаа гэж өчнөөн хэлэх юм. Хуульд нь допингийн цоорхойтой заалтууд бий. Өмнө нь хэлж байсан юмаа дахиад хэлье. Хуучнаараа наадмын комисс нь эсвэл холбоо нь 7 сарын 12нд цолоо олгоо. Олгохдоо түр үнэмлэх өгөөд, допингийн шинжилгээний хариу ирсний дараа цолыг баталгаажуулдаг болох. Шинжилгээний хариу маш хурдан ирэх боломжтой гэдгийг өмнө нь хэлсэн. 

Допингийн тухайд хүндийг өргөлт, бодибилдинг, пауэрлифтинг гэсэн төрлүүдийн багш нэр зүүсэн бүлэг хүмүүс үндэсний бөхийн залуусын тархийг угааж допинг зардаг, хатгадаг,сүлжээ болсон амьдрах арга нь энэ гэдгийг бөхийн хүрээнийхэн ярьсаар ирсэн. Энэ улсуудыг илрүүлж шийтгэх ёстой. Хэцүү зүйл биш ээ.

Бас 5 давсан бөхөөс допинг илэрвэл түүнд унасан улсын цолгүй бөх байвал цол өгдөг болчихлоо. Энэ эвгүй шүү. Хуулиараа 5 болон түүнээс дээш давсан бөхчүүдээс шинжилгээ авдаг учраас 5 давах хүсэлгүй найраагаар хэвтдэг бөхчүүд бий гэдэг. Тавын даваанд унасан улсын цолгүй бөхчүүдээс шинжилгээ авдаг болох уу. Эсвэл 3,4 давсан бөхчүүдээс нийтээр нь шинжилгээ авдаг болох уу. Зардлын асуудлыг яаж шийдэх вэ гэсэн юмнууд байна даа..." хэмээжээ.

АРДЧИЛАЛ.МН

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу