“ИРЭХ ЕСДҮГЭЭР САРД ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХ АСУУДЛЫГ ХӨНДӨНӨ” ГЭЖ ТОХИРЧЭЭ

ИХ дахь МАН-ын бүлгийн даваа гаригт эхлүүлсэн хуралдаан өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Өнөөдөр МАН-ын бүлгийн хуралдаан 10.00 цагт зарлагдаад байгаа юм. Хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлттэй холбоотой Ерөнхийлөгч Х.Баттулгаас ирүүлсэн саналаар зөвшилцөх ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонсож байгаа аж. Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нараар ахлуулсан дээрх ажлын хэсгээс гаргасан Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой санал тус бүрээр бүлгийн гишүүд нэг, нэгэнгүй саналаа хэлж байгаа учир ийнхүү даваа гаригт эхэлсэн бүлгийн хурал сунжирч байгаа талаар эх сурвалж хэлж байна. 

-УИХ ДАХЬ МАН-ЫН БҮЛГИЙН ГИШҮҮД “САУД ГОБИ КОЭЛ ТРАНС” КОМПАНИЙН АСУУДЛААР НИЛЭЭДГҮЙ МАРГАЛДЖЭЭ-

Дээрхээс гадна Өмнөговь аймгийн Тост, тосон бумбын нурууны орчимд олборлолт явуулж буй УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн эзэмшлийн “Сауд Гоби Коэл Транс” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцалж, үйл ажиллагааг нь зогсоох үүрэг өгсөн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн шийдвэрийг тойрч бүлгийн хуралдаанаар өчигдөр ярилцсан байна. 

Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд нэлээн ширүүн маргаан үүсгэжээ. Зарим нь /МАН-ын бүлгийн 27 гишүүний тал/ ард түмэнд таалагдахын тулд аж, ахуй нэгжүүдийнхээ үүд хаалгыг хаах шийдвэрийг Ерөнхий сайд нь гаргалаа. Улс төрийн өшөө хонзон авлаа, ингэж болохгүй гэх асуудлыг хөндсөн байна. 

-У.ХҮРЭЛСҮХИЙН ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХ УИХ-ЫН ГИШҮҮДИЙН КНОП БҮРДЖЭЭ-

Ер нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх чухам яагаад дээрх шийдвэрийг гэнэт гаргах болов гэдэг нь олны анхаарлыг татаж байгаа юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлэг дуусаж ард нийтийн санал асуулга эхлэхээс өмнө буюу ирэх сарын сүүлээр У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндөхөөр бэлтгэж эхэлсэнтэй холбоотой аж. Бүр Засгийн газрыг огцруулах асуудлаарх тохиролцоо аль хэдийн хийгдэж кноп нь бүрдсэн талаар эх сурвалжууд хэлж байгаа юм. 

Угтаа бол МАН дотроо аль долдугаар сард Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндөхөөр бэлтгэж байсан ч Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх үеэр өөр асуудлыг хэлэлцэж болохгүй хуультай учир хойшлуулжээ. Тиймээс ард нийтийн санал асуулгын үеэр Засгийн газрын асуудлыг ярихаар болсон бололтой. Үүнээс урьтаж Ерөнхий сайд У.Хүрэлсүх улс төрийн тоглолтоо хийж, Б.Чойжилсүрэнгийн уурхайг хаалгасан нь энэ байж таарав. 

Эцэст нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх хууль бус үйл ажиллагаа явуулдаг олигархуудын компаниудтай тэмцсэний эцэст “огцорлоо” хэмээн ярьж, яг энэ имжээрээ улс төрд үлдэхээр зорьж буй нь өнгөрсөн өдрүүдэд болсон үйл явдлаас харагдлаа. АТГ, цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналтын дарга нар болон Уул, уурхай болон Байгаль орчны сайд нарыг урдаа суулгаад ууртай гэгч нь загнаж түүнийгээ олон нийтэд тавилттайгаар хүргэж буй Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн үйлдэл Засгийн газрын хувь заяатай л холбогдож таарав. 

ЭХ СУРВАЛЖ: ISEE.MN

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу